Төр хувийн хэвшил хоёр нэг зүгт харж байж түншлэл болно. Гэвчиг төр бүх салбарт оролцоотой, хууль, шүүхийнхнээр айлгадаг дарангуйлагч болж хувирсан. Товчхондоо Монголд төр нь буутай, бизнесийнхэн нь гавтай явж байна гэсэн үг.
Жишээ нь, Монголд хэрэгжиж буй 800 гаруй хууль, тогтоомж ихэнхдээ төрийн хяналт шалгалт, эрх мэдлийг нэмэгдүүлэх, хамгаалахад л чиглэгдсэн байдаг. Харин хувийн хэвшлийнхний хувьд төрийг авлигадахгүйгээр ажил урагшладаггүй нь бодит үнэн болсон, ийм бодит жишээ ч олон. Сүүлийн үед эрх баригчид сав л хийвэл төр, хувийн хэвшлэлийн түншлэлийг ярих болжээ. Түрүүнд дурдсанчлан, төр хувийн хэвшлэл түнш гэж бие биенээ харж чадах юм бол түншлэл болно. Эсрэгээрээ “төр бүгдийн том дарга” гэсэн ойлголтоосоо салж чадахгүй аваас төр, хувийн хэвшлийн түншлэл гэх үг өөрөө үнэ цэнгүй болж хувирна. Төр хувийн хэвшлийн түншлэл бол энгийнээр хэлэхэд нэг хэлээр ярих, ойлголцох тухай л юм.
Төртэй ярих, ойлголцоход үнэхээр хэцүү. Төрийн үйлчилгээ авч үзсэн захын чавганц төрийн дээрэнгүй, ихэрхүү хандлагыг их бага хэмжээгээр мэдэрсэн байх. Тэр тусмаа бизнес эрхлэж үзсэн хүмүүс төртэй ойлголцдог механизм нь авлига болсон. Ямар сайндаа Монгол Улсын авлигын индексээр 110-т бичигдэх билээ. Энэ нь төр авлигын үүр уурхай болсны нотолгоо.
Өнгөрөгч хоёрдугаар сард улсаар нь улсын яллагч, өмгөөлөгч, шүүгч болгосон Хөгжлийн банкны дуулианыг одоо ихэнх нь мартжээ. намжсан. Чанаргүйд тооцогдсон 1.6 их наядын зээлийн талыг нь Засгийн газар хууль, шүүхтэй хамжиж олж авсан. Ямар ч байсан Хөгжлийн банк дампуурах эрсдлээсээ өнөөдөртөө ангижирсан. Гэхдээ асуудлын шалтгаанаа олж харахгүйгээр “шалтаг”-аар нь улстөржих юм бол Хөгжлийн банкийг тоносон хэрэг давтагдана.
Хөгжлийн банкийг тонож идсэн хэргийн хамгийн эхний буруутан нь зээл өгсөн хүмүүс. Дараагийн буруутан нь зээлээ төлж чадаагүй компаниуд. Хамгийн гол буруутан нь Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөх санаачилга гаргасан, түүнийг дэмжиж кноп дарсан нөхдүүд.
Хөгжлийн банкны анхны зорило бол Монгол Улсын хөгжлийг түүчээлэх том төсөл хөтөлбөрүүдийг санхжүүлэх. Тиймээс 2011 онд баталсан Хөгжлийн банкны хуулиар УИХ-аас баталсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр суулгаж өгсөн байдаг.
Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан агаад “… Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гээд өөрчилчихсөн нь хулгайчид, луйварчдад олз болсон хэрэг. Хуулийн төсөл өргөн барьсан хүн нь өнөөдөр шоронгийн хаалга татсан, өмч хөрөнгөө төрд хураалгахдаа хүрсэн. Үүнийг л “үйлийн үр” гэх байх.
Мэдээж, МАН-ынхан Хөгжлийн банкийг тонож идсэн гэх хэргээр улс төр хийсэн нь худлаа биш. Намдаа гарзгүй хэдхэн хүнээр туг тахиад өнгөрсөн. Харамсалтай нь, жинхэнэ хулгайч луйварчдад биш жирийн бизнес эрхлэгчдэд эрх баригчдын улс төр илүү хүнд туссан. Жишээ нь, энэ хэргээс төрийн компаниудын нэрээр 720 тэрбумын зээл авчхаад төлөөгүй дарга нар гэм зэмгүй, гэдэс цатгалан үлдсэн.
Үнэхээр Засгийн газраас төр хувийн хэвшлэлийн түншлэлийг хэрэгжүүлэхийн хүсч байгаа бол түүнийгээ Хөгжлийн банкнаас эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нь анхнаасаа Хөгжлийн банкийг залилах, төрийн мөнгийг шамшигдуулах зорилготой, хэн нь баялаг бүтээж, ажлын байр бий болгож, үндэсний бүтээн байгуулалт өрнүүлэх үүднээс зээл авсныг ялгахгүйгээр бүгдийг нь харлуулчихсан. Үүнийгээ засч, залруулж, Хөгжлийн банкийг санаатайгаар луйвардсан хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт өрнүүлж яваа хувийн хэвшлийнхэн авсан зээлээ төлөх нь ойлгомжтой. Төдийгөөс өдий хүртэл хөрөнгө оруулалт хийж, цаг мөнгөө зарцуулсан төслөө "төрд" булаалгахыг хэн хүсэх вэ дээ.
Тэгэхээр дотоод гадаадын улс төрд “ширвэгдэж”, ханшийн өсөлт, хил, гаалийн түгжрэлд нэрвэгдсэн аж, ажуйн нэгжтэйгээ ойлголцох нь төрийн үүрэг. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь нэг зүгт харахаас гадна нэг, нэгийгээ ойлгохыг л хэлнэ. Түүнээсээ наанаа төр хэвийн хэвшлээ дэмжинэ гээд цаанаа хувийн хэвшлээ дэвслээд байж болохгүй л гэсэн санаа.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ