Дөрвөн жил бараа сураггүй алга болж, дэлхийн аваргаар ганц гарч ирэхдээ дэндүү гангардаг хөлбөмбөгчид цөөнгүй бий. Тэдний нэг нь Мексикийн шигшээ багийн хаалгач Гильермо Очоа. Түүнийг хаана, ямар лигт, аль багт тоглодог тухай цээжээр мэдэх хүн бараг л үгүй байх. Гэхдээ хөлбөмбөгийн үнэнч фанатууд Очоаг Мексикийн шигшээн хаалгач гэдгээр нь мэднэ.
2014 оны Бразилд болсон дэлхийн аваргаар Мексик хэсэгтээ нэг ч хожигдолгүй, эзэн орны араас хэсэгтээ аман хүзүүдэхэд Очоагийн гайхалтай хаалтууд, итгэмээргүй хариу үйлдлүүд том тус хүргэсэн. Хасагдах шатанд нь ч Нидерландын шигшээг бараг л буулган авах дөхсөн. Нийт дөрвөн тоглолт хийснээс хоёрт нь шилдэг болсон гэх үзүүлэлт түүнийг ямар сайн байсныг харуулах биз. Дараа нь Орост мөн л Очоа гялалзсан. Бельгийн Тибо Куртуа долоон тоглолтод 27 хаалт хийн тус дэлхийн аваргын хамгийн олон хаалт хийсэн хаалгач болоод зогсохгүй шилдэг хаалгачийн шагнал хүртсэн. Тэгвэл Очоа дөрвөн тоглолтод 25 хаалт хийгээд байсан юм. Харамсалтай нь, шигшээ баг нь тэмцээнээ эрт өндөрлүүлсэн билээ.
Өдгөө 37 настай Очоа тав дахь дэлхийн аваргадаа зодоглохоор Мексикийн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд дуудагдсан. Нутгийнхаа Америка багт хүчин зүтгэж буй тэрбээр 2014 оны дэлхийн аваргын дараа даруухан сонголт хийн Испанийн Малага руу хүлгийн жолоо залж байв. Тухайн үед Арсенал, Ливерпүүл зэрэг клубууд түүнтэй нэр холбогдож байлаа.
Мексикийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий С хэсэгт Польш, Аргентин, Саудын Араб зэрэгт хамт орсон. Тэдний эхний тоглолт энэ сарын 23-ны өдөр Польшийн эсрэг байх болно. Тус тоглолтуудад Очоаг хэрхэн гангарахыг хамтдаа харцгаая.
Дашрамд сонирхуулахад, Очоа 2014 оны дэлхийн аваргаар дараа Испанийн Малага, Гранада, Бельгийн Стандарт Льеж зэрэг багууд хүчин зүтгэж байсан бол 2018 оны дараа нутаг буцжээ. Ямартай ч клубын түвшинд үзэгдэж харагддаггүй Очоа эх орныхоо төлөө дахин нэг удаа тодрох цаг айсуй.