УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ гишүүдийн олонхын санал авч чадахгүй бол Ерөнхийлөгч дараагийн хүний нэрийг дэвшүүлэх юм.
Тус байнгын хорооны гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын даргад нэр дэвшигч, генерал С.Ганбямбаас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Тайван цагт цэргийн албанд эрүүл хүүхдийг үзлэгт оруулж авч яваад, шарил буцааж өгч байна. Энэ асуудлаа тайлбарлаж өгөөч. Би нэг жил цэргийн албанд суралцах бага хугацаа гэж боддог. Гэтэл одоогоор хугацаат цэргүүдийг хамаг хар ажлаа хийлгэдэг хүн болгож хараад байх юм. Ингэснээр баячуудын хүүхдүүд алба хаахаа больсон. УИХ-ын 76 гишүүнд надаас өөр цэргийн алба хаасан хүн байхгүй. Мөн ОХУ-тай хамтран "Сэлэнгэ 2022" гэж хээрийн сургуулилалт хийхдээ яагаад Казахстаны хилийн зааг буюу Ховд аймагт зохион байгуулав. Энэ мэт олон сургалтад Монгол оролцож байна гэдэг. Энд хэн, ямар зохицуулалт хийгээд яваад байна вэ Эрүүл саруул хүүхдийг цогцос болгож өгөхдөө эцэг, эхчүүдэд нь юу гэж хэлдэг вэ?
Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.ГАНБЯМБА:
-Хариуцлагагүй албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж цэргүүд хохирч байна. Энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.СОДБААТАР:
-Д.Ганбат гишүүн гадаад бодлого, цэргийн хээрийн сургууль ярихдаа УИХ-ын гишүүний хувьд хүлээсэн үүрэгтээ нийцүүлж ярихыг хүсье. Цэрэг улс төр хийдэг юм биш шүү. "Сэлэнгэ 2022" хээрийн сургуулилалтад Монгол Улсаас гадна өөр олон улс орон оролцсон. Энэ талаарх мэдээллийг хаалттай өгнө. Бид дүрэм журам зөрчөөгүй. Жил бүр болдог хээрийн хамтарсан сургуулилалтууд болдгоороо болоод явж байна.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль (ОНХТХ) гэж гарсан. Чухал хууль. Бүх аймаг, хот орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө хийгээд, мөрдөөд явж байх учиртай. Орчин үеийн дайн дажин гэдэг зэвсэгт мөргөлдөөнүүдээс харахад хэлбэр, агуулгын хувьд маш өөр болсон. Ард түмэн нь өөрөө сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байна вэ, хэр эх оронч үзэлтэй байна гэдэг нь харагддаг. ОНХТХ-ийн хэрэгжилт ямар байна вэ?
Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.ГАНБЯМБА:
-ОНХТХ 2011 онд батлагдсан. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг баталсан. Нийт 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг тухайн засаг дарга батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч, бригадын генерал С.Ганбямбыг томилохыг дэмжиж байна. Цэргийн байгууллага, мерит зарчмаар ажилласан туршлагатай хүн байна. Цэргийн цол, форм хэрэглэдэг явдал дээр анхаарахгүй бол энгийн хүмүүс цэргийн цол, форм хэрэглэх явдал их байгаа шүү. Дүрмийн дагуу хэрэглэдэггүй, олон нийтийн дунд зэвсэгт хүчний, хилийн цэргийн хувцас өмссөн хурандаа, хошууч цол зүүсэн хүмүүс яваад байдаг. Цэгцлэхгүй бол болохгүй харагдаад байдаг юм. Хугацаат цэргийн албан хаагчидтай холбоотой эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудлууд байна. Харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой цэргүүдийн амь настай холбоотой асуудлууд байна. Хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн ангиуд бүтээн байгуулалт дээр ажиллуулж, амь насанд нь аюул учрах асуудал гарч байгаа учраас анхаарах хэрэгтэй. Цэргийн албан хаагчдын аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Барилгын, тогоочийн гэх мэт мэргэжлийн сургалтад хамруулбал зүгээр. Цэргийн албаа хаагаад, хажуугаар нь мэргэшлийн ур чадвартай болоод төгсдөг бол зүгээр. Цэргийн ангиудын барилга байгууламжууд их хуучирсан, их засвар хийгдээгүй, хүйтэн нойтон байдаг нь цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас ая тухтай, ажиллаж амьдрахад нь анхаарах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Ганбямба генералыг ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлж байгааг дэмжиж байна. Шалгуур хангах хүн гэж бодож байна. Гол анхааруулах асуудал зэвсэгт хүчний хангамж, төсөв мөнгөтэй холбоотой асуудалд байна. Зохих түвшинд сайн ойлгуулах хэрэгтэй. Ийм байдалтай байна, ингэхгүй бол ийм байдалд хүрэх нь ээ гэдгийг илэн далангүй хэлж байх хэрэгтэй шүү. Сайхан байна гэж ярьж, сэтгэл хангалуун байж болохгүй. Сүүлийн үеийн дайн байлдааны байдлаас харахад, орчин үеийн уламжлалт бус арга хэрэгслүүдийг зэвсэгт мөргөлдөөнд яаж ашиглах вэ, кибер аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Тусгай хүчин дээр анхаарах хэрэгтэй. Яамтайгаа хамтраад ажиллаарай. Хэн нь ямар ажил хариуцаж явах вэ гэдэг ойлголтыг өгч, ойлголцож явах хэрэгтэй байдаг шүү. Ер нь зэвсэгт хүчинд гарч буй алдаанууд, ялангуяа хугацааат цэргийн албан хаагчдын дунд гарч буй асуудлууд дүрмийн бус харьцаанаас эхтэй байдаг. Янз бүрийн зан авир, хүмүүжилтэй хүмүүс бийг үгүйсгэхгүй. Нэгэнт цэргийн албанд ирсэн бол зэвсэгт хүчин хариуцах учир "эцэг" шиг харьцах хэрэгтэй. Дүрмийн бус харьцаа байж огт болохгүй.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Арай дөнгүүр, шаардлага хангаж буй Ганбямба генерал томилогдож байгаа юм байна. Цэрэг команд, ерөнхий цэргийн чиглэлээр боловсон хүчнээ сайтар бэлдэх хэрэгтэй. Израиль, Сингапур цэргээ яаж бэлдэж байна вэ зэргээс суралцаж, анхаарч ажиллах хэрэгтэй. Сүрьеэ ядуурлын өвчин, энэ дээр анхаарч ажиллах шаардлагатай. Түүх давтагддаг. Дүрвэгсэд хилээр ороод ирж магадгүй. Зэвсэгт бүлэглэлүүд ч орж ирж магадгүй. Ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцож байсан. Энэ асуудалд анхаарч, хүн хүчээ бэлдэж ажиллах ёстой. Цэргийн эрдэмд хүмүүсээ сургах ёстой. Бүгд эх орноо батлан хамгаалахад бэлтгэгдэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ
-Ганбямба гишүүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжиж байна. Монголын түүхийг ойлгоё гэвэл Монголын цэргийн түүхийг судал гэдэг. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монголын түүхээ сайн судалж, энэ асуудалд онцгой анхаараач ээ гэж хэлмээр байна. “Тэмүүжин өрлөг” сургуулийг орон нутагт байгуулж, Монголын түүхээ дээдэлдэг болгож хүмүүжүүлэхэд анхаараач ээ. Манай зэвсэгт хүчин өнөөдөр өөрсдийгөө зөвхөн халхавчилж хамгаалах л байдалтай байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад нийт 17 гишүүн оролцсоноос 14 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Н.Энхболд гишүүн танилцуулахаар болов.
Холбоотой мэдээ