Сурвалжлага: Цас орсон ч дугуйны борлуулалт муу байна

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цас орсон ч дугуйны борлуулалт муу байна

Сурвалжлага: Цас орсон ч дугуйны борлуулалт муу байна

Намрын налгар өдрүүд дуусч, хэн хүнгүй өвлийн бэлтгэлээ базааж байна. Жолооч нар ч цас орж, халтиргаа гулгаа эхлэхээс өмнө автомашиныхаа бэлэн байдлыг хангах шаардлагатай. Нэг үеэ бодоход жолооч нар өвөлдөө урьдчилан бэлдэж, цас орохоор л өвлийн дугуй хайж, тос маслоо солихоо больсон гэдгийг худалдаачид хэлж байв.

“Өгөөмөр” захын үүдээр ормогц машины тос масло, өвлийн дугуйны үнэ асуусан жолооч нар угтана. Наймаачид “Ямар дугуй сонирхож байна. Хуучин дугуй 80-90 хувийн хээ сайтай шүү” гэж рекламдана. Өрсөн дугуйнуудаа “манасан” наймаачид хоорондоо хөзөр тоглож, утсаа шагайсан шиг суух нь нийтлэг.

Дугуйны худалдаа эрхэлдэг Ц.Болдбаатар “Энэ жил машины дугуйны үнэ нэмэгдээгүй ээ. “Приус-20” маркийн машины дугуй 50-100 мянган төгрөг, “Приус-30” маркийн машины дугуй 100-150 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Жолооч нар цас орлоо гээд өмнөх шигээ дугуй худалдаж авахаа больсон. Хөдөө, хотгүй цас орж, хүйтэрсэн ч өмнөх шигээ худалдан авалт нэмэгдэхгүй, хүн цөөн байна” гэв.

Худалдаачдын хувьд нэг дугуй ч болтугай зарах гэж хичээж байхад дугуйны үнэ сонирхсон жолооч хямдыг эрэлхийлж нааш цааш хөлхөлдөнө. Иргэдийн хувьд аль болох он залуутай, боломжийн үнэтэй, чанартай дугуй эрэлхийлнэ.

“Портер” машиндаа дугуй сонирхож яваа жолооч “Машины дугуй янз бүрийн л үнэтэй байна. Сонирхож үзэхээр “Портер” машины дугуй 50-120 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Хятад дугуйн 80 мянган төгрөгийн үнэтэй, солонгос дугуй нь 120 мянган төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм.

Машины дугуйны үнэ размер, хээнээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна. “Ихэвчлэн япон дугуй л зарж байна. Хүмүүс голдуу “Приус” маркийн машины 95.65.15 размертай дугуй болон 16-тай дугуй худалдан авч байна. Үнийн хувьд ноднингоос харьцангуй хямд байгаа. Иргэдийн худалдан авалт муудсан байна. Цас орсон гээд машины дугуйны үнэ нэмэгдээгүй. Харин шинэ дугуй 170-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэд дугуй хоёр хоёроор нь аль болох хямд дугуй худалдан авч байна. Өдөрт 4-5 сэт машины дугуй л зарж байна. Хуучин 10-20 сэт дугуй зардаг байсан” гэдгийг худалдаа эрхэлдэг Н.Бат-Эрдэнэтэй хэлж байлаа.

Приус 10, 20, 30, 40, 41 маркийн машины дугуй хамгийн эрэлттэй. Тэр дундаа 195.65.15 болон 215.70.15 размертай дугуй. Дугуйн дээрх цасны тэмдэглэгээ, заалт, үйлдвэрлэсэн он сарыг харж авахыг наймаачид зөвлөж байв.

Дугуйн худалдаа эрхэлдэг Ж.Жавхлантөр “Приус-20” маркийн машины 195.65.15 размерын дугуй 60-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил хил хаагдсантай холбоотойгоор машины дугуй үнэтэй, ховор байсан. Энэ жил хил гаалийн асуудал шийдэгдэж, үнэ нь ч тогтвортой болсон. Өнгөрсөн жил энэ дугуйг 70-80 мянган төгрөгөөр зарж байсан бол энэ жил 60 мянган төгрөгийн үнэтэй байна” гэлээ.

“Приус-20” загварын автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 300-500 мянган төгрөг болж байгаа аж. Дугуйны ширхэгийн үнэ өмнө нь 40-70 мянган төгрөг байсан бол одоо 60-130 мянга болж нэмэгджээ. Мөн  Приус-30 загварын машины дөрвөн дугуй 600 мянган төгрөг болжээ.

“Машины дугуйны үнэ боломжийн байна. Ачааны машины хоёр хос дугуйг 250 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Интернэт худалдаанаас харахад дугуй үнэтэй байсан. Харин “Өгөөмөр” зах дээр харьцангуй хямд санагдлаа. Хөдөө байдаг аавынхаа машинд дугуй авч байгаа юм. Миний хувьд зуны улиралд машины дугуй хямд байхад нь худалдан авч бэлддэг. Өвлийн дугуйгаа нэг авчих юм бол ганц хоёр жил болчихно.Тэрнээс гадна тос маслоо солих гээд 300-400 төгрөгийн үйлчилгээ хийдэг” талаар жолооч Л.Пүрэвбат ярьсан юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж