Монгол Улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын барааны 92 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж, сүүлийн 20-иод жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын нийт экспортын бараанд эзлэх хувь хэмжээ 6 дахин буурчээ.
Улсын эдийн засаг эрдэс бүтээгдэхүүний орлогоос хамааралтай, гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж буй. Энэ нь уул уурхайн бус салбар, түүний экспортод онцгой анхаарал хандуулах шаардлага бий болсныг илэрхийлж байгаа талаар Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Экспортлогч үндэстэн-шинэ сэргэлтийн бодлого” үндэсний чуулган дээр онцлов.
2023 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монголбанкнаас тус салбарыг дэмжих зорилтын хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйчилгээ нэвтрүүлэх зорилт тусгасан. Төв банк 2020 оноос урт хугацаатай, харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй репо санхүүжилтийн хэрэгслийг уул уурхайн бус экспортлогчдод чиглүүлж, одоогийн байдлаар 79 экспортлогч аж ахуйн нэгжүүдэд, 108 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод байгаа аж.
Энэ онд ноолуурын салбарыг чиг баримжаа болгож, Монголбанкнаас ноолуурын салбарын экспорт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг гүйцэтгэж, үр дүнгээ өгч эхэлжээ.
Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг салбарынхан онцлов.
Холбоотой мэдээ