"Катар-2022" ДАШТ-ий өртөг

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Катар-2022

"Катар-2022" ДАШТ-ий өртөг

"Катар-2022" ДАШТ-ий өртөг

Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулна гэдэг амаргүй, чамгүй хөрөнгө шаардсан ажил болохыг урьд урьдын жилүүдийн жишээнүүдээс харж болно. 1994 оны АНУ-д болсон ДАШТ 500 сая ам.долларын өртөгтэй болж байсан бол 1998 оны Францын дэлхийн аваргаас эхлэн зардал нь тэрбум ам.доллар давж эхлэв. 2002 онд Япон, Солонгос хоёр 7 тэрбум ам.доллар, 2014 онд Бразил бараг 15 тэрбумыг зарлагдсан түүхтэй.

Тэгвэл Катар улс энэ сарын 20-нд эхлэх хөлбөмбөгийн хамгийн том наадамд зориулан 220 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Энэ нь хамгийн өндөр өртгөөр бүтэж буй хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа аж. Үүний хажууд Токиогийн олимпийн өртөг 28 тэрбум ам.доллар байсан билээ.

Орос улс 2018 онд ДАШТ-ийг зохион байгуулахдаа дээрх үнийн дүнгээс хорь дахин бага хөрөнгө зарцуулж байв.

Түүхийг хуудсыг эргэн сөхвөл, ДАШТ-ийг зохион байгуулагч улс орнууд дараах байдлаар хөрөнгө зарцуулжээ.

  1. "Орос-2018" – 11.6 тэрбум ам.доллар
  2. "Бразил-2014" – 15.0 тэрбум ам.доллар
  3. "Өмнөд Африк – 2010" – 3.6 тэрбум ам.доллар
  4. "Герман-2006" – 4.3 тэрбум ам.доллар
  5. "Өмнөд Солонгос болон Япон – 2002" – 7.0 тэрбум ам.доллар
  6. "Франц – 1998" – 2.3 тэрбум ам.доллар
  7. "АНУ-1994" – 500 сая ам.доллар

ӨРТӨГ ӨССӨН ШАЛТГААН

Катарт шинээр баригдсан цэнгэлдэхүүдийн нийт өртөг ойролцоогоор 6.5-10 тэрбум ам.доллар. Тэд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ түшиглэн дэд бүтцээ хөгжүүлж, “Катар-2030” үндэсний төлөвлөгөөнийхөө гол үндсийг тавьжээ. Цэнгэлдэхийн хажуугаар зочид буудалтай инновацийн төвүүд, метроны сүлжээ, нисэх онгоцны буудлууд давхар барьсан гэнэ.

Цэнгэлдэхүүдийн өртөг

  • Ахмад Бин Али – 360 сая ам.доллар
  • Аль Байт – 847 сая ам.доллар
  • Аль Жануб – 656 сая ам.доллар
  • Аль Тумама – 342 сая ам.доллар
  • Идүкейшн Сити – 700 сая ам.доллар
  • Халифа интернейшнл – 374 сая ам.доллар /Шинээр бус сэргээн засварлагдсан ганц цэнгэлдэх/
  • Лусаил – 767 сая ам.доллар
  • 974 – тодорхойгүй /974 чингэлэг ашиглан барьсан цэнгэлдэх/

“Катар-2022” ДАШТ-ий харилцаа, холбооны гүйцэтгэх захирал Фатма Аль Нуайми “Ирэх дэлхийн аварга нь боловсрол, эрүүл мэндийн тогтолцооноос гадна үндэсний байгууламж, аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн засгийн газрын өргөн хүрээний стратеги болох “Катар-2030” үндэсний хөдөлгөөний нэг хэсэг” гэж ярьжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн аварга дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнгүүдийг өөр зорилгоор ашиглах ажээ.

Тэд одоо бариад буй авто зам, метро, нисэх онгоцны буудал, зочид буудал, аялал жуулчлалын байгууламжаа дэлхийн аварга зохион байгуулах эрх авахаасаа өмнө төлөвлөсөн байсан гэв.

Нийслэл Доха хотод л гэхэд метро, зам тээврийн нарийн сүлжээ байгуулахад чамгүй мөнгө зарцуулжээ. Тодруулбал, 2019 онд ашиглалтад орсон газар доорх, жолоочгүй нийтийн тээврийн сүлжээнд зориулан 36 тэрбум ам.доллар төлөвлөсөн гэж албаны хүмүүс ярив. Мөн Дохагийн алдарт Хамад олон улсын нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд 16 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс гадна Лусаил хотын шинэ бүтээн байгуулалтад 220 тэрбумын багагүй хэсэг урссан гэнэ.

“Катар-2030” төсөл нь 2008 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд зорилго нь улс орныхоо хөгжлийг тогтвортой байлгах, ард иргэдийнхээ амьдралын өндөр түвшинг хангах чадвартай дэвшилтэт нийгэм болгон хувиргах явдал байв. Харин спорт, хөлбөмбөгийн дэлхийн аварга энэ ажлыг хурдасгах гол хөшүүрэг байлаа.

Катар сүүлийн 10 жилийн хугацаанд бүс нутагтаа 600 гаруй хөнгөн атлетикийн олон улсын чанартай тэмцээн зохион байгуулсан нь хөлбөмбөгийн том наадмыг хүлээн авахад бэлтгэл болжээ. Сүүлийн үеийн мэдээллээр Катарын цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн төвүүдийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өдгөө туршилтын арга хэмжээнүүд болж байна.

АСУУДАЛ ҮҮССЭН НЬ

Энэ удаагийн дэлхийн аварга өртөг өндөр төдийгүй хүний эрхийг зөрчиж, цагаач ажилчидтай зүй бус харьцаж байгаа талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд тайландаа тусгасан. Их Британийн “The Guardian” нийтлэлд бичигдсэнээр Катарт дэлхийн аваргын бэлтгэл ажил эхэлснээс хойш 6500 гаруй цагаач ажилчид нас барсан гэх сэтгэл сэрдийлгэм тоо гарч ирэв. Тэдний үхлийн шалтгааныг тодруулж чадаагүй бөгөөд Катарын талаас ч энэ тоог “үндэслэлгүй” гэсэн юм. Харин зохион байгуулах хорооноос нийт 35 ажилчин бүтээн байгуулалт эхэлснээс хойш амь эрсэдсэн гэдгийг зарласан.

Дашрамд дурдахад, гадаадын хөгжин дэмжигчид болон Катарын иргэд ДАШТ-ий үеэр боломжийн үнэтэй орон сууц, зочид буудал дутагдаж буйг мэдэгдэж, тус улстай хөрш Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Кувейт зэрэг улсууд байрлаж, зөвхөн тоглолтын үзэхийн тулд Катарыг зорих маршрут гаргажээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катарт байрлах “Airbnb” түрээсийн сарын дундаж үнэ 72,396 ам.долларт хүрчээ.

ХӨДӨЛМӨРИЙН ШИНЭЧЛЭЛ

Сүүлийн 10 жилийн хугацаанд Катарт хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл нь сайжирч байна. 2021 онд тус улс бүс нутагтаа анх удаа ялгаварлан гадуурхахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг нэвтрүүлжээ. Мөн цагаач ажилчдын гомдлоо илгээх боломжтой нээлттэй платформыг танилцуулсан байна.

Цалин буух өдрөөс хойш долоон хоногийн дотор ажилчдын цалинг олгох ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Үүнээс гадна ажилчдыг дэмжих, даатгалын сангаас 2018 оноос 2021 оны төгсгөл хүртэл 36 мянган цагаач ажилчдад 164.8 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон гэжээ. Тус сан нь дампуурч, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй болсон компаниудын арыг даах үүрэгтэй. Учир нь олон улсын хүний эрхийн байгууллагууд болон олон улсын хөлбөмбөгийн холбооноос Катарт хандан ажилчдын эрх ашгийг хамгаалж, нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино ч хөлбөмбөгийн ачаар Катарт олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг онцолжээ.

КАТАР АШИГ ОЛЖ ЧАДАХ УУ?

Катар улс хөлбөмбөгийн ДАШТ-ээс 17 тэрбум ам.долларын ашиг олно гэх тооцоо гаргажээ. Тэд угтаа 20 тэрбумыг олно гэж төсөөлж байсан аж. Тэд нийтдээ 1.2 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа ч дээр дурдсанчлан тэднийг эх орондоо шингээх түрээсийн байр, зочид буудлын хүрэлцээ тааруу байгаа учир хөрш орнууддаа заримыг нь алдах шинжтэй байна. Зохион байгуулах хорооны зүгээс ч тансаг зэрэглэлийн усан онгоцнуудын түрээслэн зочид буудлаар ажлуулж, амины орон сууцтай иргэддээ хандан илүү өрөөгөө түрээслүүлэх уриалга гаргажээ.

Өмнөх удаад Оросууд дэлхийн аваргаас 14.5 тэрбумын ашиг олжээ. Тэд 2013-2018 онуудын хооронд ДАШТ-д бэлтгэсэн бөгөөд 315 мянган ажлын байрыг шинээр бий болгон таван жилийн хугацаанд дээрх ашгийг олж чадсан гэнэ. Харин аялал жуулчлалаас 3 тэрбум ам.доллар олж, өмнөх Бразил, Өмнөд Африк, Япон-Солонгосыг ардаа хаясан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж