Цас орсноор зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсч нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болжээ. Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан бөгөөд эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтжээ.
Насны бүлгийн хувьд 5-83 насны хүмүүс байгаа аж. Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Тодруулбал, албан байгууллагууд халтирч унаж, бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүдийн тухайд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцдаг. Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал иргэд Иргэний шүүхэд хандах боломжтой. Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, 13.1.6 дугаар заалтад тусгаснаар байгууллага, аж ахуй нэгж өөрийн ашиглалтад байгаа зам талбайг арчилж цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангана гэж тусгажээ.
Гэвч нийслэлийн нийтийн эзэмшлийн гантиг чулуун замууд ихэвчлэн төрийн эзэмшил бүхий хэсгүүдэд байдаг. Түүнээс шалтгаалж олон зуун хүн бэртсэн ч хохирлоо барагдуулж чаддаггүй.
Хэрэв албан байгууллагын ойролцоох гялгар зам дээр унаж бэртсэн тохиолдолд иргэд гомдлоо харьяа дүүргийнхээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй байдаг. Энэ мэтчилэн Гэм хорын хохирлын гомдол мэдээллийг иргэд дүүргүүдийн иргэний хэргийн шүүхэд ч өгөх боломжтой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унасан тохиолдолд иргэн өөртөө л гомдоно гэсэн үг.
Угтаа бол төр эзэмшлийн газраа тохижуулах, засан сайжруулах үүрэгтэй.
Гэвч жил бүрийн өдийд өнөөх л дүр зураг хэвээр. Бусад дулаан орны жишгийг дагаж гантиг чулуун хавтангаар явган хүний замыг чимснээс болж олон зуун иргэн гэмтэж бэртэж байна. Явган замын гулгамтгай гялгар хавтангаа солихын оронд иргэдийг резинен ултай гутал өмс гэж даапаалаад зогсохгүй халтиргаагүй зам олж алх гэнэ. Түүгээр ч барам зөвлөмж хуудас боловсруулж иргэдэд гутал хувцсаа тохируулан өмсөхийг зааж байгаад иргэд дургүйцэж байна.