Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэлцэж буй Путин, Ким хоёр

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэлцэж буй Путин, Ким хоёр

Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэлцэж буй Путин, Ким хоёр

Европ тивд үргэлжилж буй дайнд Хойд Солонгос улс Оросыг дэмжсэн байр суурьтай байна. Энэ дэмжлэгийнхээ хариуд ОХУ-аас хоол хүнс, газрын тос авсан байж болзошгүй гэх таамаг бий.

Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт “Daily NK” сонинд нийтэлснээр Хойд Солонгос улс Орос даяар нийт зургаан байрлалд худалдааны алба байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхэлжээ. Өндөр албан тушаалтай эх сурвалжийн мэдээлснээр, шинэ худалдааны төвүүд нь Оросын улаан буудайн гурил болон Хойд Солонгост шаардлагатай бусад бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд дөхөм болох аж. Тодруулбал, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, бензин, дизель түлш, шингэрүүлсэн түлш зэрэг бүтээгдэхүүн үүнд багтана.

Одоогоор ОХУ руу илгээх боловсон хүчнийг сонгох ажил явагдаж байгаа аж. Энэ ажлыг Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны яам, Барилгын удирдлагын товчоо болон ОХУ руу боловсон хүчин илгээх ажилд оролцож байсан агентлагууд зохион байгуулж байгааг эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн, шинэ худалдааны төвүүд нээгдэх бүс нутгуудыг шалгах ажил үргэлжилж байна.

Худалдааны төв нээгдэх магадлалтай байрлалууд нь Москва, Санкт-Петербург, мөн умардын иргэд олноор ажиллаж, амьдардаг Владивосток зэрэг юм.

Хойд Солонгос, ОХУ хоёр нь эртнээс худалдааны түнш байсан гэх мэт арвин баялаг түүх үгүй. Бүтээгдэхүүнүүд нь Оросынхоос илүү олон төрөл зүйлтэй, илүү хямд үнэтэй гэдгээрээ Хятад улс Хойд Солонгосын хувьд илүү сайн худалдааны түнш байсан гэвэл зохилтой. Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын хувьд Орост хэрэг болох бараа бүтээгдэхүүн тун ховорхон үйлдвэрлэдэг.

Гэвч хоёр орны харилцаа сүүлийн саруудад нэг үеэ бодвол ойртоод буй. Украин дахь дайны улмаас ОХУ зэвсэг, бэлэн мөнгөний хомсдолд орж, олон улсад нэр нүүрээ алдсан. Тиймээс тэдэнд олон улсын тавцанд холбоотнууд хэрэгтэй байгаа нь дамжиггүй. Харин Хойд Солонгосын хувьд эдийн засгийн хямралаас шалтгаалаад газрын тос, хүнсний бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан. Нэг үгээр хэлбэл, Хойд Солонгос, ОХУ хоёр харилцан дутуугаа нөхөж, дундуураа дүүргэлцэж буй аж.

Сүүлийн үед удаа дараалан баллистик пуужин хөөргөж, өдөөн хатгалга явуулаад буй Хойд Солонгост НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэмэлт хориг арга хэмжээ авч чадаагүй л байна. Учир нь ОХУ болон БНХАУ хориг арга хэмжээг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тэр бүү хэл НҮБ пуужин хөөргөхийг буруушаасан албан ёсны мэдэгдэл ч гаргаагүй аж. АНУ ба Хятад, АНУ ба ОХУ гэх шинэ цагийн хүйтэн дайн үүнд нөлөөлж байна. Хойд Солонгос ч гадаад валюттай байх, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импортоо төрөлжүүлэхийн тулд олон улсын хориг арга хэмжээг даван туулахыг хичээж буй.

Хойд Солонгос энэ сарын эхээр Расон хотын худалдааны албаны хүмүүс болон энэ төрлийн бусад ажилчинд вакцин хийсэн болохыг “Daily NK” сонин олж тогтоожээ. Расон хот нь 197 мянга орчим оршин суугчтай боомт хот юм. Вакцинжуулалтын кампанит ажилд ОХУ-тай хийх худалдааны гол гүүр Расон хотыг хамруулсан нь энгийн нэг тохиолдлын чанартай зүйл биш гэж үзэж байна. Мэдээж энэ нь хоёр талын худалдааг өргөжүүлэх Хойд Солонгосын төлөвлөгөөтэй холбоотой байж болох юм.

Ирэх оны гуравдугаар сар хүртэл Хойд Солонгосыг хангалттай хангахуйц хэмжээний байгалийн хий ОХУ-аас импортолсон гэсэн цуу яриа гараад буй. “Daily NK” сонинд мэдээлснээр Хойд Солонгос улс Оросоос наймдугаар сард улаан буудай, аравдугаар сард бензин, дизель түлш, байгалийн хий импортолжээ. Цаашилбал, Пёньянд шатахууны үнэ огцом буурсан гэх мэдээлэл ч байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган аравдугаар сарын 12-нд болсон. Энэ үеэр Хойд Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ким Сонг ОХУ-ыг нээлттэй дэмжиж буйгаа илэрхийлжээ. Нийт таван улс ОХУ-г дэмжсэн санаг өгсөн. Мөн Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх тухай санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Украины хямралд АНУ, НАТО болон Киевийг буруутгаж буйгаа Пёньян удаа дараа илэрхийлжээ.

Бүх нийтийн санал асуулгаас гадна Хойд Солонгос нь Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын гишүүн орон юм. Үүний хариуд Украин улс Пёньянтай дипломат харилцаагаа тасалсан. Хамгийн чухал нь барууныхан Хойд Солонгост тэгтлээ санаа тавихгүй байна гэж “The diplomat” хуудас бичжээ. Учир нь барууны орнуудад Хойд Солонгост оногдуулах шийтгэл бараг үлдээгүй юм.

Хэвлэл мэдээллээр Умард Солонгосыг Украин руу 100 мянга хүртэлх цэрэг илгээнэ гэсэн таамаглал гарч байсан. Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн яам үүнийг няцаасан юм. Өмнө нь Хойд Солонгос хилийн чанад дахь байлдааны ажиллагаанд цэрэг илгээж байсан удаатай боловч энэ нь хязгаарлагдмал тоотой байжээ. Дайны салхийг өөрчлөхийн тулд Пёньян хэдэн мянгаар тогтохгүй цэрэг илгээх шаардлагатай. Тэгэхээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын хамгийн хүчтэй зэвсэгт мөргөлдөөнд Хойд Солонгос цэргүүдээ илгээнэ гэдэг юу л бол. Үүнд олон бэрхшээл бий. Наад захын хэлний бэрхшээлээс эхлээд хамтарсан бэлтгэл хийгдээгүй гэх мэт. Нөгөөтэйгүүр Путины зарласан хэсэгчилсэн дайчилгаа нь гадаадын цэргийн хүчний хэрэгцээг үгүй болгож буй юм.

Цэрэг илгээхгүй бол зэвсэг илгээж болзошгүй гэсэн өөр нэг таамаглал бий. Хойд Солонгост зэвсгийн асар их нөөц, үйлдвэр байдаг. Зэвсгийн ихэнх нь ЗХУ-ын стандартаар бүтээгдсэн тул давуу талтай гэж үзэж байна. ОХУ Хойд Солонгосоос сум авахаар хандсан гэж Пентагон мэдэгдсэн ч одоогоор үүнийг нотлох баримт үгүй байна. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч эл мэдэгдлийг үгүйсгэсэн.

ОХУ ба Хойд Солонгосын хоорондын цэргийн хэлэлцээрийг таамаглал гэж үзэж болно. Харин худалдааны хэлэлцээрийг сэргээх таамаглал нь илүү бодитой юм. Хойд Солонгост бэлэн мөнгө, өндөр технологи дутмаг байдгаас үүдэлтэйгээр цар тахлын өмнө хоёр улсын худалдааны хэлэлцээр онцын ахиц дэвшилгүй байсан. Одоо ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.

Тэгвэл Хойд Солонгосын Оростой хуваалцах цорын ганц нөөц нь хөдөлмөр аж. ЗХУ-ын үеэс л Хойд Солонгосын ажиллах хүчин Оросыг зорьдог байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ үйлдлийг хориглосон ч ОХУ эсрэгээрээ ажиллах хүчний импортыг сэргээх хүсэлтэй байна. Оросын эрх баригчид улс төрийн зохицуулалт талаас нь ажиллаж байгаа гэж барилгын салбарыг хянадаг шадар сайд Марат Хуснуллин хэлжээ. 50 мянга хүртэлх ажилчдыг Алс Дорнод дахь Оросын дэд бүтцийг хөгжүүлэхэд ашиглах төлөвтэй байна.

Эцэст нь дүгнэхэд, Орос улс дайнаас болж барууныхантай түнжин хагарсан энэ үед АНУ-ын эсрэг Кремльтэй нэгдэх цөөхөн орны нэг нь Хойд Солонгос болж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, БНАСАУ-д тавьсан хориг арга хэмжээг дагаж мөрдөх зэрэг нь ОХУ-ын бодлого байхаа больжээ. ЗХУ задран унасны дараах Хүйтэн дайны эвслийг Москва, Пёньян хоёр дахин байгуулж ч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, EAST ASIA FORUM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж