МАН: Төсвийн алдагдал 1.4 их наяд болж буурах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

МАН: Төсвийн алдагдал 1.4 их наяд болж буурах боломжтой

МАН: Төсвийн алдагдал 1.4 их наяд болж буурах боломжтой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2022.10.31) хуралдаж, 2023 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн талаар мэдээлэл хийлээ. 

ШИНЭ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ КОДЛОНО

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.ТЭМҮҮЛЭН: 

-Шинэ төслийн хөрөнгө оруулалтуудын тухайд, ирэх 2024 он болон ирэх жилүүдэд тухайн жилүүдэд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал тавьж байгаа юм. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний, 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна гэсэн үг. Бид мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай байна гэсэн асуудал тавьж байгаа юм. Үүнд, бид Төсвийн тухай хуулин дээр хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр хоёр зүйл заалт оруулж өгч байна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд кодлогдоно. Цаашдаа хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэж, хэрэгжээд явна гэж бид үзэж байна.

Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх 2024, ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байх асуудлыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг байна. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн Covid-19-ийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтийг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтийн дүн нь буурдаг, бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэдэг асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж буй ажил, үйлчилгээний санхүүжилтийг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна.

Мөн бид Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. Шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тодорхой төрийн үйлчилгээний байгууллагууд байгаа юм. Жишээлбэл, Газар тариалангийн хүрээлэнгээс бидний хэрэгцээ, шаардлагатай үр будааг нийлүүлдэг, бизнесийн үйл ажиллагаанд нь хэрэгтэй инноваци, технологи, шинжлэх ухааны судалгаануудыг хийж өгдөг байвал бидний ажилд хэрэгтэй байна гэж хэлж байгаа юм. Өмнөх Төсвийн хуулиар хориотой байсан зүйлийг нь одоо нээж өгөөд, төрийн үйлчилгээний байгууллагууд энэ чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих, өөрсдөө ч тодорхой хэмжээнд орлого олох, захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалтыг хуулийн хүрээнд ажлын хэсгээс оруулж өгч байна. Энэ заалтууд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд явна. Олонхийг саналаар дэмжигдвэл цаашдаа сахилга бат, хариуцлагын заалтууд хэрэгжээд явна.

Улсын төсөвт ачаалал үүсгэж асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жилийн хувьд аваад үзэхэд, зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа юм. Мөн 1.8 их наядын гадаад зээл, тусламж зарцуулна. Иймд хөрөнгө оруулалттайгаа адил гадаад зээл тусламж дээрээ ч бид сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна. Үүн дотроос онцолбол, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа өр зээлийн бодлогын асуудал Төсвийн байнгын хороонд хамаардаг мөртлөө эцсийн эцэст шийдвэр гаргалт нь Аюулгүй байдлын байнгын хороон дээр байдаг. Цаашдаа мэргэжлийн байнгын хороонд саналаа өгөөд, Аюулгүй байдлын хороо нь Төсвийн байнгын хороотойгоо хамтарч шийдвэр гаргадаг байх асуудлыг тавьж өгье гэсэн асуудал тавьж байгаа юм. Одоо бид өргөн баригдсан хуулийн хүрээнд үзэл баримтлал нь зөрчигдөхгүйгээр өөрчлөлтүүд оруулж байна.

Мөн ажлын хэсгээс төсвийн сахилга бат, олон нийтийн оролцоо, хяналт, гадаадын зээл тусламж дээр баримтлах бодлоготой холбоотойгоор тодорхой бие даасан хуулийн төслүүд өргөн барихаар нэгтгээд боловсруулсан байна. Тун удахгүй магадгүй дараа долоо хоногоос төсвийн хуулиудаа өргөн бариад, хэлэлцүүлээд явна. Тусдаа бие даасан байдлаар өргөн баригдах хуулиудын тухайд гадаад зээл тусламжтай холбоотой бодлого дээр тодорхой эрх зүйн орчин бий болгох үүднээс өнөөдөр байхгүй байгаа бодлогыг нь хуульчилж оруулж өгнө. Өнөөдөр гадаадын зээл тусламжийн бодлого Сангийн яаман дээр мөрдөгдөж буй журмын хэмжээнд явж байна. Тэр журам мөрдөгдөхгүй, амьдралд хэрэгжихгүй зохицуулалт зөндөө байна. Магадгүй эдийн засгийн тодорхой секторт зээл тусламжийн бодлогыг хэрэгжүүлдэг, хэрэгцээгүй зээл тусламжийг гаднын байгууллагуудаас авдаг, өндөр өртөгтэй байдаг зэрэг асуудлуудыг хязгаарлах хуулийн зохицуулалт, журмыг хуульчлах асуудлыг эргэж оруулж ирэхээр ярилцаад байна. Одоо өргөн баригдсан төслүүдтэй үзэл баримтлалын хувьд зөрчилдөхгүй.

ТӨСВИЙН ОРЛОГО ДООД ТАЛ НЬ 30 ТЭРБУМААР НЭМЭГДЭХ БОЛОМЖ, БОЛОЛЦОО БАЙНА

Улсын төсвийн санхүүжилттэй холбоотой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнд хяналт шалгалтыг ямар нэг байдлаар хийнэ гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Тухайн төслийн төсөвт өртөг, хэмжээ нэмэгдсэн, эргэлзээ дагуулсан байвал хяналт шалгалт хийнэ. Төсвийн хяналтын сонсгол хийдэг, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэдэг байна гэсэн асуудлыг хуульчилж оруулж өгөхөөр тохирлоо.

УИХ-аас ажилласан ажлын хэсгийн хүрээнд Засгийн газраас өргөн баригдсан Төсвийн төсөлд тусгагдсан төсвийн алдагдлын хэмжээ 1.5 их наяд байгаа юм. Энд тодорхой хэмжээнд тэвчиж, бууруулж болох, дээрээс нь орлогын тооцоололтой холбоотойгоор Засгийн газраас оруулж ирэхдээ тодорхой хэмжээнд орлогын тооцооллыг бууруулж дарсан, өмнөх жилүүдийн дунджаас багасгасан, бодитоор нэмэгдэх боломжтой гэсэн орлогуудыг тооцоолж үзсэн. Бидэнд гурав, дөрвөн асуудал тулгамдаж байна гэж үзэж байгаа юм.

Нэгд, Монголбанкинд тушаах алтны хэмжээ. Төсвийн төсөл дээр нийт 17 тонн байна гэж тусгасан. Гэтэл Монголбанк 2020 онд 23.6 тонныг, 2021 онд 20.8 тонн байгаа юм. Covid-19-тэй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан, дээрээс нь бензин түлж болоод тээвэрлэлтийн асуудлууд нэлээд хүндрэлтэй байсан жилүүд. Иймд ирэх жил бид доод тал нь 10-15 хувиар нэмэгдэх боломж бололцоо байна гэж үзэж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч чуулган дээр 20-22 тонн болгох боломж бололцоо байна гэж албан ёсоор мэдээлсэн. Бид үүнийг хамгийн боломжит хувилбараар тооцож, 2021 оны гүйцэтгэлтэй дүйцүүлж үзээд, Монголбанкинд тушаах алтны хэмжээг 20 тонноор тооцоход төсвийн орлого доод тал нь 30 тэрбумаар нэмэгдэх боломж бололцоо байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон газрын төлбөрийн хувьд 2021 онд төвлөрүүлсэн тоо хэмжээнээс нь нэлээн бууруулж оруулж ирсэн асуудал байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 131.8 тэрбум төгрөг, 2022 оны Төсвийн тодотголоор 158.8 тэрбум төгрөг байсан. Гэтэл 2023 оны төсвийн төсөлд 113.6 тэрбум төгрөг тусгасан байна. 40 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэсэн үг. Дээрээс нь газрын төлбөртэй холбоотой асуудал дээр 2021 онд 111.3 тэрбум төгрөг, 2022 оны төсвийн тодотголоор 170.7 тэрбум төгрөг байсан. Гүйцэтгэл сайн байна гэсэн үг. 2023 оны төсвийн төсөл дээр газрын төлбөртэй холбоотой асуудал хоёр дахин бага буюу 81.2 тэрбум байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт харьцангуй боломжийн түвшинд очно. Инфляци нэг оронтой тоо руу буурна, эдийн засгийн идэвхжил сайжирна гэдэг нөхцөл байдалд оруулж ирж буй тооцоолол, төсөөлөл бодитой бус байна. Бид энэ асуудлыг бодит байдалд нийцүүлж, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингээр нэмэгдүүлэх саналыг тавьж байна.

Энэ байдлаар аваад үзвэл, төсвийн орлого нэмэгдсэн эх үүсвэр ямар нэг байдлаар төсвийн зарлага болж гарах байдлаар биш төсвийн тэнцлийн сайжруулахад ашиглаж байгаа юм. Ирэх оны төсвийн тэнцэл 127.7 тэрбум төгрөгөөр сайжирч, төсвийн алдагдлын хэмжээ 1.4 их наяд төгрөг болж буурах боломж бололцоо бидэнд байна гэж харж байгаа юм. УИХ-аар тодорхой өөрчлөлтүүд хийгдээд, Төсвийн байнгын хороо болон УИХ-аар хоёрдугаар хэлэлцүүлгүүд хийгдээд явна гэсэн тооцооллыг харж байна.

Бид анх удаа олон нийтийн оролцоотой, нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр анхан шатанд, тухайн аймаг, дүүргүүдэд тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирж тавьсан. Төсөв өргөн баригдсан хүрээнд төсөв мөнгөний бодлого хязгаарлагдмал хүрээнд байгаад байгаа юм. Тэгэхээр бид тухай иргэдээс тавьж байсан тодорхой цэцэрлэг, сургууль, олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд, магадгүй зогсонги байдалд орсон, зарим тохиолдолд хөрөнгө оруулалт, санхүүжилт нь царцанги байдалд орсон зэрэг асуудлууд байна. Иргэдээс ирсэн энэ саналуудыг судалж үзээд бид эргээд шилжих хөрөнгө оруулалтаа ирэх жилд ачааллыг нь бууруулах, эргээгээд тодорхой хугацаанд дуусгах боломжтой, олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх орон зайг гаргаж өгч байна гэж бодож байна.

Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Засгийн газраас төсвийг өргөн барихдаа 2023 оны хөрөнгө оруулалт төсөв дээр ачаалал асар их хэмжээтэй байгаа учраас шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг бодлого баримталсан. УИХ, тэр дундаа МАН-ын бүлэг, ажлын хэсгээс шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдагдлыг бууруулах бодлогыг дэмжиж, ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг бодлогоороо явна.

Цаашид бид том зургаараа, төсөв дээр ачаалал их өгч буй зардалтай холбоотой асуудлууд дээр дүн шинжилгээ хийж, төсвийн шинэчлэлийн хүрээнд, мөн дараа дараагийн бодлогынхоо хүрээнд хязгаарлах, хумих шаардлага байна гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлүүд их хийх шаардлагатай. Улсын төсөв дээр хамгийн их ачаалал болж буй нэг асуудал бол нийгмийн бодлоготой холбоотойгоор гарч буй, халамжийн бодлоготой холбоотой зардлын асуудлууд байдаг. Нэн тэргүүнд, Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг Засгийн газраас оруулж ирж, тэтгэврийн шинэчлэлийг ойрын хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой үйл ажиллагаа хангагдахад нэлээн хүндрэлтэй байдал үүссэн. Улсын төсвөөс татаас авдаг. Энэ нөхцөл байдлыг халах зайлшгүй шаардлагатай байна. Ойрын хугацаанд нэн даруй оруулж ирж, шийдвэрлүүлэх чиглэлийг УИХ-аас өгч байна. Гадаад зээл тусламж, хөрөнгө оруулалтын асуудлаар шинэчлэлийн реформууд хийгдээд явна.

Эрүүл мэндийн даатгалын сан дээр үүссэн өр төлбөрийн асуудал байна. Хуулиараа Засгийн газраас төсвийн жилд өр үүсгэхгүй байдлаар тухайн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг бий. Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой үйл ажиллагаа хангагдахгүй байх, цаашдаа эрсдэл орох нөхцөл байдал байна гэсэн асуудал байна. УИХ-аас энэ талаар тогтоолоор чиглэл өгч байна.

Төрийн өмчийн компаниудтай холбоотой асуудлууд олны анхааралд нэлээн орж байна. ТӨК-иудын сахилга бат, хариуцлагатай холбоотой, тухайн байгуулсан гэрээнүүд нь ил тод байдаггүй, үйл ажиллагаанд нь тавигдах хяналтуудыг сайжруулах шаардлага байна гэж үзэж байгаа юм. Бид үүнийг УИХ-аас тухайн төсөв дагаж батлагдах тогтоол дээр зүйл заалт болгож оруулах үүрэг даалгавар өгч байна. Төсвийн нэгдсэн байдлыг хангах үүднээс, төсвийн тооцооллыг зөв гаргах үүднээс цаашдаа Монголбанкинд, Засгийн газарт, тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яаманд орлогын төсөөлөл тооцооллоо заавал бүрдүүлж өгдөг байх зохицуулалт чиглэлийг УИХ-аас өгч, тогтоолд оруулахаар ажиллаж байна.

Шинэ орон тоо нэмэхгүйгээр, тухайн албан хаагчдынхаа дунд зохицуулалт хийж, шинэ агентлагууд байгуулж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн газар нэртэй. Гишүүд, иргэдийн дунд эргэлзээнүүд байсан. Нийт аймаг, дүүрэгт байдаг төрийн үйлчилгээний албан хаагчид энэ агентлагт хамаарагдах юм шиг, шинэ агентлаг гарч ирж байгаа юм шиг буруу ойлголт байгаа юм. Тийм зүйл байхгүй. Байгаа орон тоондоо төрийн үйлчилгээг цахимжуулах, сайжруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн газар гэдэг ерөнхий нэршлийг нь бид Төрийн үйлчилгээний цахим зохицуулалтын газар гэж өөрчлөх саналыг ажлын хэсгээс оруулж ирж байгааг хэлэх байна. Энэ хүрээнд асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж, МАН-ын бүлэгт танилцуулсан. Бүлгээс эдгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн чиглэл гарсан. Энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар эдгээр зарчмын зөрүүтэй саналууд эцэслэгдээд шийдвэрлэгдээд явна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТУСГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Хүүхдийн мөнгөний тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр нь байлгая гэж тогтсон. Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх асуудал ирэх оны төсөвт тусгагдаагүй. Энэ чиглэлээр олон гишүүн санал тавьсан. Иймээс бүлгийн гишүүд ирэх оны төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийг тусгах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд шаардагдах 20-иод тэрбум төгрөг шаардагдана. Хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн зарлага бууруулах чиглэлээр шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.ТЭМҮҮЛЭН: 

-Хүүхдийн мөнгөний асуудал дээр нэмж хэлэхэд, халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэйгээ уялдуулъя, улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт зарцуулж байгаа бол эдийн засагт үр өгөөж болдог, тодорхой ажлын байр нэмэгдүүлдэг зэрэг байдлаар авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 2024 оны нэгдүгээр сарын халамжийн мөнгө авдаг эцэг, эхчүүд дээр тодорхой хэмжээний шалгуур тавья. Тухайлбал, хүүхдээ вакцинд хамруулсан байх, хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг байх, өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлдэг байх, орлогын түвшнийг нь тодорхойлох боломжтой байх, үнэхээр ажлын байр олдохгүй байгаа бол Хөдөлмөрийн биржид доод тал нь зургаан сар бүртгэлтэй байх, ажил хөдөлмөр эрхэлдэг байх зэрэг зохицуулалт хийх асуудал  ажлын хэсэг дээр дэмжигдээгүй. Засгийн газрын өргөн барьсан саналаар асуудал явж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж