Цахим спортын ертөнц дэх хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International”-ийн 11 дэх удаагийн тэмцээн өндөрлөлөө. Нийт 18.9 сая ам.долларын шагналын сантай “TI11”-ийн аваргаар Их Британид төвтэй “Tundra Esports” баг шалгарав. Тус багийн тухайд анх удаагаа “TI”-д хүч үзсэн нь энэ байсан бөгөөд анхны тэмцээндээ аварга авч чадсан юм.
Аварга баг алдарт “Aegis of Champions” цомоос гадна 8.5 сая ам.доллар хүртэв.
“Tundra Esports” багийн бүрэлдэхүүнд “skiter” Оливер Лепко, “Nine” Леон Кирилин, “33” Нета Шапира, “Saksa” Мартин Саздов, “Sneyking” Ү Жинжүн зэрэг Словени, Герман, Израил, Хойд Македони, АНУ зэрэг улс бүрийн төлөөлөл багтжээ. Тэд аваргын төлөөх замдаа хоёр удаагийн аварга “OG”-ийг, Хятадын шилдэг “Team Aster”-ийг, хагас шигшээ болон финалд баялаг түүхтэй, арвин туршлагатай “Team Secret”-ийг хоёр удаа ялж, “dota2”-ийн түүхэнд нэрээ мөнхөллөө.
Тэмцээний дараа Лепко “Бид түрүүлнэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ ийм амархан байна гэж бодсонгүй” гэж ярив. Мөн тус багийн дасгалжуулагч, 2015 оны “TI”-ийн аварга Куртис Лин ярихдаа “Бид тэмцээн эхлэхийн өмнө хангалттай сайн бэлдсэн. Бид хийх ёстой зүйлийнхээ ихэнхийг аль хэдийнэ хийчихсэн гэдгээ мэдэж байсан. Дасгалжуулагчийн хувьд тамирчдаа ингэж сайжирч, “TI”-ийн аваргууд болсныг харахад таатай байна. Үнэндээ үнэхээр галзуу байлаа” гэжээ.
Мөн Неон Кирилин “Би энэ тоглоомыг 15 жил тоглож байна. Шантрах үе зөндөө л байсан. Жил бүр л “TI”-д орж чадалгүй хасагдаж байв. Өөртөө улам л эргэлзэж, бүх зүйл таагүй санагдаж эхэлсэн. Гэхдээ эцэст нь шалгарч, энэ боломжийг олж авлаа. Дахин энэ тоглоомд дурлаж байна. Энэ тоглоомыг тоглох ямар янзтай, хамт тоглоход урамтай хүмүүстэй тоглох ямар хөгжилтэй байдгийг бүрэн ойлголоо” гэжээ.
Холбоотой мэдээ