Уул уурхайгаас гадна ургадаг баялагтаа анхааръя!

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Уул уурхайгаас гадна ургадаг баялагтаа анхааръя!

Уул уурхайгаас гадна ургадаг баялагтаа анхааръя!

Сангийн яамны боловсруулсан геополитикийн гэх төсөвт цалинд тохирсон шатлалтай татвар авахаар суулгаж өгчээ. Арван сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувь, 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувь, 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлөх юм байна.

Дийлэнх нь “ул”-ын амьдралтай, 1.5 сая төгрөгийн дундаж цалинтай монголчуудад энэ нь шударга тогтолцоо мэт санагдаж байгаа нь лав.  Гэвч энэхүү татварын шатлал  ердөө 1300 хүнд үйлчлэх агаад улсад төсөвт үүнээс төвлөрөх мөнгөн дүн нь дэндүү жижигхэн. Үүний оронд хилээр орж гарч байгаа бараа болгоныг, төгрөг бүрийг бүртгэдэг болох аваас  татварын бааз суурь нэмэгдэж, хар зах зээл хумигдана. Монголын далд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээ хэдэн их наядаар тоологдох ч биз. Жишээ нь, самарын бизнес  байна. Өнгөрсөн 2020 оны статистикаар нийт таван сая ам.долларын самар экспортолсон гэх гаалийн мэдээ бий. Гэтэл бодит амьдрал дээр үүнээс   10 дахин их мөнгөн дүнтэй самар экспортод гарчээ. Энэ нь самарын хулгайг цэгцлэх цаг болсныг харуулж буй юм.

Монголын самарны бизнесийн гол худалдан авагч  нь Хятад. Хятад руу байгалийн баялгаа монголчууд маш хямдхан үнээр зардаг. Хятадууд монголчуудаас хямдхан худалдан авсан самараа ариутгаж савлаад цаашаагаа Европ руу экспортлодог. Гэтэл монголчууд өөрсдөө нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолбол самрын бизнесээс дор хаяж 100 сая ам.доллар олох боломжтой гэнэ.

Тухайлбал, орон нутгийн иргэд түүж, бэлтгэн самараа цайруулаад ченжүүдэд килограмм тутмыг 10 мянган төгрөгөөр нийлүүлдэг.  Хятадууд монгол ченжүүдээс худалдаж авсан самраа цэвэрлэн боловсруулж АНУ, Европын зах зээлд өндөр үнээр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монголоос гаргаж буй самрын гол ашгийг хятадууд хүртдэг гэсэн үг.  Гэтэл самрын хальсыг ашиглах, чөмөгнөөс нь тос гаргах зэргээр боловсруулалтын эхний шатанд 3 төрлийн бүтээгдэхүүн гаргаж, экспотод гаргаж чадвал Монгол улсын төсөвт ч нэмэртэй. Түүнээс хэдхэн хүнээс цалингийн шатлалтай татвар авлаа гээд энэ нь нийт эдийн засагт үр дүнтэй бодлого болж чадахгүй.

Нөгөөтэйгүүр, самар ургадаг хушин ойгоо хамгаалж, арчлах асуудалд анхаарах хэрэгтэй болжээ. Монгол  орны хуш модны нөөц нь ойн нийт талбайн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбайг эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Харамсалтай нь, ашиг хонжоо хөөсөн самарчдын буруутай үйл ажиллагаанаас бол хушин ойн 40 хувь нь доройтолд орж буй салбарын яам нь анхааруулдаг. Жилд давхардсан тоогоор 10 мянган хүн самар түүдэг гэх судалгаа байдаг.

“Бадарчин явсан газар балагтай” гэгчээр самарчид “орсон” ой модоо самрах нь хэвийн үзэгдэл болсон. Тэд самар ой модыг цохиж, гэмтээхээс гадна, байгальд хог хаягдлаар бохирдуулах, тэр ч бүү хэл түймэр тавьж, ойг “галдах” тохиолдол ч цөөнгүй.  Түншүүр буюу мунаар модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, гэмтсэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Цаашлаад гэмтсэн модонд хортон орвол шавьж орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй аж. Түүнчлэн 30 төгрөгийн төлөө 34 тэрбум төгрөгийн хохирлыг байгальд учруулсан тохиолдол ч бий. Харамсалтай нь, байгальд учирсан хохирлыг эргэж барагдуулах багагүй хугацаа шаардагдана. Иймээс самарын бизнес тодорхой зохицуулалт хэрэгтэй байгааг салбарын яамныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийдэг шиг ургадаг баялгаа ч хамгаалах, нөхөн сэргээлт хийх, арчлах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд уул уурхайгаас гадна ургадаг баялагтаа анхаарах асуудал ч хөндөгдөж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж