УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2020.10.31/ шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд Монголд айлчилсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ичмээр байсан. Монголд хүний эрх, эрх чөлөө гэж байна уу гэдэг ноцтой дүгнэлтийг гаргасан. Бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал хэвийн үзэгдэл болсон байна гэсэн. Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл болж, хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлагдаж байна гэсэн. Нэг тоо хэлэхэд 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийсэн байна гэж шинжээчид дүгнэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тэртээх 1937 оны хэлмэгдүүлэлт үү. Яагаад ийм асуудлуудыг гаргаж байна вэ.
Мөн мөрдөн байцаагч, прокурор нарын хэргийн тоогоор өрсөлдөж, сар бүрийн эцэст ялагчийг тодруулж, урамшуулдаг практик тогтсон байна гэсэн. Цар тахлын үед бүх арга хэмжээг хохиглож, хүний эрх эрх чөлөөнд халдсан гэдгийг шинжээчид онцолсон.
Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд руу асуулга явуулж байна. Энэ дүгнэлттэй хэр санал нийлж байгаа эсэх, ийм байдал байгаа бол яаралтай засварлах хэрэгтэй. Ирэх 2023 оны есдүгээр сард энэ дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулган дээр хэлэлцэх юм билээ. Энэ чуулган дээр энэ асуудлыг хэлэлцвэл бид дэлхийн шившиг болно. Хүний эрхийн байр сууриас ухарна. Энэ асуудлыг онцгой анхаараач ээ. Ойрын үед хүний эрхийг дээдлэх талаар ямар хууль санаачилж, ямар арга хэмжээ авахаа тухайгаа УИХ дээр тайлагнах шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагатай тохиолдолд бид Хүний эрхийн дэд хороог хуралдуулах боломжтой болно. Би Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажилладаг. 1921-1990 он тэр дундаа 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийн хор уршгийг өдгөө ч арилгаагүй байгаа. Монгол Улсыг Их Хурлын гишүүнийхээ хувьд бүх хууль тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл заалт дутуу байна, энэ талаар нэмэлт өөрчлөлтийг хийж, хууль өргөн барихаар бэлтгэж байна" гэв.
С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Миний хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй бүх хуульд мониторинг хийж байна. Яг аль хуульд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна вэ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 600 гаруй зүйл заалт бий гэж хэлсэн" тухай ярилаа.