Сомали улсын нийслэл Могадишу хотын Боловсролын яамны гадаа өчигдөр /2022.10.30/ хоёр удаа дэлбэрэлт болж, 100 хүн нас барлаа. Түүнчлэн 300 хүн гэмтэж бэртсэн тухай “Sky news” мэдээлэв.
Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд дэлбэрэлт болсон газарт очиж, байдалтай танилцжээ. “Дэлбэрэлтэд үрээ тэвэрсэн ээжүүд, бие муутай аавууд, сургуульдаа явсан оюутнууд, ар гэрийнхээ төлөө ажиллаж буй бизнес эрхлэгчид багтсан” гэж ерөнхийлөгч хэлэв. Халдлага болсон хэсэгт хэд хэдэн гол албан газрууд байрладаг бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байдаг.
Энэ өдөр ерөнхий сайд болон бусад өндөр албан тушаалтан хэт даврагч үзлийн талаар ярилцахаар уулзаж байсан. Удирдагчид Аль-Каидатай холбоотой Аль Шабааб нэртэй хэт даврагч бүлэглэлд онцгой анхаарал хандуулна гэж ярьж байжээ.
Тэсрэх бөмбөг суурилуулсан машинаас болж дэлбэрэлт үүссэн гэж дүгнээд байна. Хоёр дэлбэрэлтийн эхнийх нь Боловсролын яамны гадаа болсон бол дараагийнх нь ослын газарт түргэн тусламжийн машинууд ирж, бөөгнөрсөн үед болжээ. Дэлбэрэлтийн улмаас ойр хавийн байшингийн цонхнууд хага үсэрч, барилгын гадаах цардмал зам цусаар бүрэгдсэн. Хоёр дахь дэлбэрэлтийн дараа түргэн тусламжийн машинууд ч шатжээ.
Дээр дурдсан Аль Шабааб гэх бүлэглэл нь 2015 онд Боловсролын яам руу дайран орж байсан удаатай. Хамгийн сүүлд 2017 онд тус бүлэглэл томоохон дэлбэрэлт зохион байгуулсан нь 500 гаруй хүний аминд хүрсэн.
Эх сурвалж: SKY NEWS