УИХ анх 2009 онд төрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогыг, 2010 онд Концессын тухай хуулийг тус тус баталсан. Тухайн үед Төрийн өмчийн хороо концессын асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар ажиллаж байв. Төрийн өмчийн хорооноос концессоор хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг 2010 онд Засгийн газарт оруулж, 125 төслийг хэрэгжүүлэхээр батлуулжээ. Үүнээс анхны барих, ашиглах, шилжүүлэх (БАШ) гэрээг 2011 онд байгуулсан.
Энэ нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай 50 км авто зам төслийн барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ юм.
Концессын тухай хууль батлагдсанаас хойш нийтдээ БАШ төрлийн 20 төслийн гэрээ хийсэн, үүнээс 17 гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд үүнээс 1 төсөл нь ашиглалтад орсон Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл юм. Гэхдээ энэ гэрээний хугацаа анх 17 жил байсан боловч 2015 онд концессын гэрээний хугацааг 13 жилээр сунгаж, 30 жил болгосон байдаг. Барих, ашиглах гэрээний хувьд 2015 онд анхны гэрээ хийгдэж, 2016 оноос эргэн төлөлт эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 23 их наяд төгрөгийн барих, ашиглах, шилжүүлэх төрлийн 20 гэрээнээс 17 нь хүчин төгөлдөр байгаа бол барих, шилжүүлэх төрлийн 2.0 их наяд төгрөгийн нийт 40 гэрээнээс 37 нь хүчин төгөлдөр буй юм байна.
2013 онд баталсан концессын зүйлийн жагсаалт одоо хүчин төгөлдөр бөгөөд нийт жагсаалтын 68 хувийг барих-шилжүүлэх төрлийн, 51 хувийг шууд гэрээ байгуулахаар баталжээ.
Холбоотой мэдээ