"Шахмал түлшний шуудайг дотоодод үйлдвэрлэвэл 11 тэрбум төгрөг гадагш урсахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

"Шахмал түлшний шуудайг дотоодод үйлдвэрлэвэл 11 тэрбум төгрөг гадагш урсахгүй"

"Шахмал түлшний шуудайг дотоодод үйлдвэрлэвэл 11 тэрбум төгрөг гадагш урсахгүй"

Цар тахлын дараах эдийн засгийн уналтад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчид голдуу өртсөн. Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг нийслэлийн энэ салбар ямар өнгө төрхтэй байгаа талаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн үед ямар ажилд анхаарал хандуулж байна вэ. Ер нь энэ салбарын хууль эрх зүйн орчин сайжирч байна уу?

-2007 оны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, 2019 онд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан. Аливаа салбарыг зохицуулах хууль нь тухайн салбарын ойлголт, хамрах хүрээг нарийвчлан тодорхойлж хэрэгжилтийн явцад хоёрдмол утга илэрхийлэхгүй байх нь салбарын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Иймд 2019 оны шинэчлэн найруулж, баталсан манай салбарын хуулиар зөвхөн үйлдвэрийн салбараас гадна үйлчилгээний салбарыг нэмж, хамруулах болсон. Тэгэхээр та бидний яриа зөвхөн үйлдвэрээс гадна үйлчилгээний салбарыг хамруулж, ЖДҮҮ-ний тухай үргэлжлэх нь. ЖДҮҮ-ний салбарт зөвхөн манай байгууллагаас гэж хязгаарлахгүйгээр сүүлийн үед хэрэгжиж буй томоохон ажлуудын мэдээллээс дурдвал, Монгол Улсын Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогддог хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж, сонгон шалгаруулалт дуусах шатандаа ороод байна. Энэ жилийн хувьд 20 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр уг хөтөлбөр хэрэгжиж байгаад зохион байгуулалтыг Засгийн газрын хувьд одоогийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нөхцөл байдал, энэ талаарх судалгаануудад тулгуурлаж, “Цар тахлын үеийн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө”-г Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Одоогийн ЖДҮҮ-ний салбарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад маш их ажлын байрыг бий болгодог ч эдийн засгийн эргэлт асар багатай, эдийн засгийн чадавхгүй гэж харагддаг. Иймд бид ЖДҮҮ-ний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг өсгөх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор дээрх төлөвлөгөөг цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ нь Сургалт зөвлөх үйлчилгээ, Санхүүгийн дэмжлэг, Экспортыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд одоо бүрэлдэхүүн хэсэг нэг буюу Сургалт, зөвлөх үйлчилгээний ажлыг АНУ-ын Хөгжлийн агентлагийн “BEST” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байна.

-Төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэмжих бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь ч “иргэдийн боломжийг хулгайлсан” гэдэг асуудал үүсгэж, нийтийг хамарсан дуулиан дагуулсан. Ер нь хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн бодит үр дүн гарсан уу. Үүнийг юу гэж харж байна вэ?

-Одоогийн нөхцөл байдлын хувьд хувийн хэвшил ч, төрийн зохицуулалт талаасаа ч төрөөс ЖДҮҮ-ний салбарыг дэмжинэ гэхээр зөвхөн “зээл” гэж ойлгож, хязгаарлаж болохгүй юм. Манай улсын хувьд 1993 оноос төрийн бүтцэд ЖДҮҮ-ний салбарыг дэмжихээр анхаарал хандуулж, гол үйлчилгээ нь хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтийг олгосоор ирсэн. Жишээ нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн их наядаар яригдах хэмжээний ЖДҮ зээл гаргасан боловч өнөөдөр ажлын байр тэр хэмжээнд хадгалагдаад, үндэсний үйлдвэрүүд тэр хэмжээнд хөгжиж, масс руу гарч чадсан уу гэдэг хэн бүхэнд ойлгомжтой харагдаж байгаа. Тиймээс зөвхөн хөнгөлөлттэй зээлийн бодлогоор манай улсын ЖДҮҮ-ний салбар хангалттай хөгжиж, бодит үр дүнд хүрч чадахгүй. Харин худалдан борлуулах үйл ажиллагаанд нь төр менежерийн үүрэгтэй оролцох ёстой. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг хэрнээ ДНБ-ний 18 хувь, экспортын 2.4-хөн хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж зохистой түвшинд хүрсэн ч түүнийгээ борлуулах, олон улсын зах зээлд таниулах, худалдан борлуулах, экспортонд гаргах ажлууд чухал байна. Өмнөх түүхээс харахад төрөөс бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж, маш их хэмжээний санхүүжилт гаргасан, одоо бүтээгдэхүүнийг худалдах “худалдааны ажлыг” бодлогоор дэмжиж, энэ төрлийн ажлуудад илүү анхаарах шаардлагатай.

-Ийм төрлийн зээлийг яг зорилтот хүсэж байгаа эзэддээ очдоггүй гэх шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол маш нийтлэг шүүмжлэл. Өмнө хэлсэнчлэн төрөөс ЖДҮҮ-ний салбарыг дэмжинэ гэхээр зөвхөн “зээл” гэж хязгаарлахгүйгээр илүү өргөн хүрээнд цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, ковидын өмнө 2019 онд л гэхэд 45.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байдаг. Энэ жилийн хувьд нийт 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлд зарцуулахаар төлөвлөж, эхнээсээ олгогдоод эхэлсэн ч иргэдийн дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит хүндээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл байсаар л байна. Нэлээд хэдэн жилийн өмнө гэх юм уу иргэд, олон нийт мэдээлэл хомс уламжлалт хэвлэл мэдээллийн хүрээнд мэдээлэл солилцдог байсан үед тухайн зээлийг зориулалтын бусаар зарцуулах, зорилтот зах зээлдээ хүрэхгүй байх, магадгүй мэдээлэлд ойр хүмүүсийн боломж болдог зэрэг асуудлууд нэлээд байсан байх. Харин өнөөдрийн мэдээллийн хурдацтай, олон төрлийн суваг хөгжсөн цаг үед төрийн аливаа үйлчилгээ бүх л төрлөөр иргэд олон нийтэд нээлттэй явагдаж байна. Тиймээс энэ төрлийн зээлийн сонгон шалгаруулалтын бүхий л үйл явц мөн зээл авсан аж ахуйн нэгжийн мэдээллүүд нийтэд ил тод байгаа, та бүхэн танилцахад нээлттэй байдаг. Нөгөө талдаа аливаа нөөц хязгаарлагдмал, харин хүсэл хязгааргүй байдаг тул зээлэнд хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүдээс дээрх асуудлууд байнга л тавигдаж, яригддаг.

-Ярилцлагын хэлбэрээ жаахан өөрчилье. Өнөөгийн байдлаар нийслэлийн ЖДҮҮ-ийг дэмжих зээлийн хүрээнд хэчнээн хүн зээлтэй байна. Хэд нь хэвийн төлөлттэй буюу амжилттай явж байгаа вэ. Ажлын байраа өргөжүүлсэн, жилийн орлогоо нэмэгдүүлсэн сайн туршлагатай компани, нөхөрлөлөөс тухайлан дурдаач гэвэл?

-Манай байгууллагын хувьд улс, нийслэлийн төсөв гэхээс илүүтэй хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тодорхой эх үүсвэрийг нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчид рүү чиглүүлэн дэмжин ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд “Богд” банктай хамтран, уян хатан зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилтэд 852 ЖДҮҮ эрхлэгч ААН байгууллагыг хамруулсан бөгөөд эргэн төлөлт 90 хувьтай байна. Мөн НЗДТГ болон “Рио Тинто” групп хоорондын хамтын ажиллагааны хүрээнд цар тахлын үед УБ хотын ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт нэг сая ам.долларын эх үүсвэртэйгээр жилийн 4.8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 123 ЖДҮҮ эрхлэгч ААН байгууллагыг хамруулсан бөгөөд эргэн төлөлт 100 хувьтай байгаа.

Мөн бид Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НЗДТГ хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын хөрөнгө оруулалт”-ын хөтөлбөрийн хүрээнд “Гэр хорооллын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих” ажлыг амжилттай зохион байгуулж, нийт 78 бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг үзүүлээд байна. Дээрх төсөл арга хэмжээнүүдээс үр шим хүртэж, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж яваа аж ахуйн нэгжүүдээс дурдвал, “Арт инновешн” ХХК нь малын дотор махаар муур, нохойны хоол үйлдвэрлэж, “Нойтон хоншоор” брэндийг хөгжүүлж, дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлээд байна. Мөн бид аж ахуйн нэгжүүдийг кластерийг бодлогоор дэмжиж ажилладаг бөгөөд “Чин хүслэнт ирээдүй” хоршоог Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн төвд үнэ төлбөргүй байраар хангаж, дэмжлэгт төслүүдэд хамруулан, тус хоршоо нь шинээр 30 гаруй ажлын байрыг шинээр бий болгон ажиллаж байна. ЖДҮҮ-ний салбар нь өөрөө эдийн засгийн чухал ач холбогдолтой учир энэ төрлийн олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд нэлээдгүй байдаг. Тиймээс ЖДҮҮ-ний салбарыг чадавхжуулах, олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хамтрын ажиллагааг бэхжүүлэн, бодит үр дүн гаргаж хөгжүүлэхэд зөвхөн төрийн байгууллагаас гадна томоохон хувийн хэвшлийн байгууллагууд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгуууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал байна.

-Урд Хятад улс байгаа, тэд масс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг учраас манайд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих бололцоогүй гэх гутранги үзэл бий. Эх оронч худалдан авалт хийх гэхээр үнэ, үзэмж, чанараар хэцүү байна гэдэг. Ер нь бол үгүйсгэх аргагүй үнэн.

-Бид асуудлыг өөрсдөөсөө холдуулж, бусад руу нялзайх хандлагатай хүмүүс юм шиг байгаа юм. Одоо аливаа асуудалд бусдаас буруу хайдаг зангаа л больчихмоор байгаа юм л даа. Бусад улс орнуудын сайн туршлага зөндөө байна. Жишээ нь, Япон улсын Тоёота үйлдвэр. Тоёота бол жирийн нэг машин үйлдвэрлэгч биш, дэлхийн аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн манлайлагч болсон байна. Тоёота үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч бүхэл бүтэн хотод ЖДҮҮ эрхлэгчид ажиллаж байна. Япон Улсын ДНБ-ний 99 хувийг ЖДҮҮ-ний салбар нь бүрдүүлж байх жишээтэй. БНСУ ч ялгаагүй, кимчи хийж, ханбуг оёж байгаа хүмүүс манай бууз хийж, дээл урлаж байгаа хүмүүс л гэсэн үг. БНСУ-ын ЖДҮҮ салбар улсынхаа ДНБ-ний 90 хувийг бүрдүүлдэг. Эндээс харахад бидэнд олон боломж байгаа нь харагддаг. Гагцхүү төрөөс түүнийг хэрхэн дэмжиж, зөв бодлого, менежмент хийх вэ л гэдэг асуудал байна. Мөн нөгөө талдаа БНХАУ-аас 100 хувийн ноос гэсэн нэрийдлээр маш хямд утас, даавуун материал нийлүүлэгддэг, шалгаад үзэхэд хэзээ ч 100 хувийн ноос байдаггүй, 40 хувь нь ноос 60 хувь нь полестриал байх жишээтэй. Гэтэл Монгол Улс дотооддоо 100 хувь ноосон нарийн утас, даавуу нэхэх бүрэн боломжтой болсон. Гагцхүү Хятадаас орж ирсэн чанаргүй боловч чанартай гэж хуурамч шошго наасан утас, даавуутай үнээр өрсөлдөх боломжгүй нөхцөл үүсдэг. Иймд бид дотооддоо үндэсний бүтээгдэхүүнээ хамгаалах, дархлаажуулах бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс руу орж ирэх бараа бүтээгдэхүүн дээр чанарын хяналт хийж, тухайн заасан стандартаа худал мэдүүлсэн, эсвэл хангахгүй байгаа тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалахыг хориглох хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бэрхшээл бүхнийг тоочилгүйгээр шинэ “боломж”-ийг бий болгож, хөгжүүлэх шаардлагатай, эдийн засгийн стратегийн чухал ач холбогдолтой салбар. Тэгж байж л манай улс хөгжинө, дахиад хэчнээн удаан бид зөвхөн уул, уурхайн экспортоор валют оруулж, шавхагддаг нөөцөө дуусахыг хүлээсээр байх вэ. Бусад олон улсын зах зээлд бид ялангуяа хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлээр хамтын ажиллагааг үүсгэж, хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь зөвхөн экспортоос гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон худалдааны асуудлаар хамтран ажиллах хэрэгтэй. Мөн дотооддоо төрийн худалдан авалт болон бүх нийтийн хэрэглээг дэмжих нь чухал байна.

-Хувийн худалдан авалт захиалгыг ойлгож болж байна. Манай төрийн худалдан авалт дээр ч хямд үнийн саналыг шалгаруулах хандлага их бий. Түүнээс нь болоод үндэсний үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй Хятад, Зүүн өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн их авдаг. Наад зах нь нэг аймгийн хүүхдийн цэцэрлэг тоглоомын талбайн тендер зарлахад Хятадад үйлдвэрлэсэн резинэн хавтан, гулсуур мэт л тавьж байдаг шүү дээ. Энэ мэтийг хэрхэн эх орныхоо бараа бүтээгдэхүүнээр орлуулж болох вэ гэдгээс эхлэх байх?

-Сэтгэлдээ багтааж чадвал гартаа барьж чадна гэж үг бий. Эхлээд бид судалгаа, төлөвлөлтөө зөв хийх хэрэгтэй. Ямар ямар түүхий эд бидэнд байна, хэчнээн хүний нөөцийн боломж байна, ямар ноухау-г нэвтрүүлж, шинэ техник технологийн дэвшлийг ашиглах вэ гэх мэт. Нөгөө талдаа бид хамгийн түрүүлж хэрэгжүүлж болох зардал багатай, хамтын ажиллагааны үр дүнд бий болох ажил нь ЖДҮҮ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжих ажил юм. Худалдан авалтанд төрийн болон хувийн хэвшлийн аль алийг нь хамааруулж ойлгож болно. Төрийн байгууллагууд нь тендерийн зохицуулагдсан ЖДҮҮ эрхлэгч тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бол шууд гэрээ байгуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, дотоодын худалдан авалтаар ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжин ажиллах нь чухал байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д очсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Т.Ёндон гээд манлайлал үзүүлж ажиллах байх гэж итгэж байна. Мөн олон улсын жишгээр бол “Том аж ахуйн нэгж нь жижиг аж ахуйн нэгжээ дагуулж хөгжүүлнэ” гэсэн зарчим байдаг. Манай үндэсний томоохон компаниуд болох MCS, Макс групп, Таван богд групп зэрэг аж ахуйн нэгжүүд бүх салбар компани дотоодын худалдан авалт мөн туслан гүйцэтгэгч ААН-үүдээ 100 хувь ЖДҮҮ эрхлэгчдээ хамруулах нь энэ салбарын хөгжилд бодит хувь нэмэр болно. Энэ нь зөвхөн борлуулалтад дэмжлэг болохоос гадна тухай ЖДҮҮ эрхлэгчийг чадавхжиж, хөгжихөд нь чухал ач холбогдолтой.

-За тэгвэл та одоо яг өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бэрхшээл үүсгээд байгаа асуудлуудыг нэг дугаарлаад эрэмбээр хэлэхгүй юу?

-Бид нягтарч хамтран ажиллах тал дээр төдийлөн сайн суралцаж чадаагүй байна. Тиймээс массын үйлдвэрлэл буюу кластер үүсэхгүй байна гэсэн үг. Мөн борлуулалтын дэд бүтцээ оновчтой болгохгүй бол өнөөгийн хурдацтай дижитал эрин үетэй бид хөл нийлүүлж алхаж чадахгүй байна. Мөн өмнө нь зөвхөн үйлдвэрлэлийн чиглэл рүү анхаараад бүтээгдэхүүнээ таниулах, стандартжуулах ажлууд хоцрогдсон байна.

-Таныхаар энэ асуудлын шийдлийг олоход хэр хугацаа орох бол?

-Уг нь тийм ч урт хугацаа шаардлагагүй гэж боддог. Хөдөлмөрийн зах зээл буюу юухнаар ч болов юм хийгээд бүтээгээд сууж байгаа бэлэн хүний нөөц байна. Төр менежерийн үүргээ сайн гүйцэтгээд олон улсын зах зээлд магадгүй Тоёота үйлдвэрт монгол арьсаар хийсэн рульны бүрээс нийлүүлэх гэрээг хийх ч юмуу, эсвэл H&M, Zara дэлгүүрүүдэд эсгий гутлаа нийлүүлэх гэдэг ч юмуу жаахан бодлогын дэмжлэг үүсгэхэд л үйлдвэрүүд маань кластерт шилжин, түүхий эдээ нөөцлөхөөс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах бүх шат дамжлага нь стандарт хангаад ингээд бид жаахан хичээхэд олон боломжууд байгаа гэж хардаг. Саяхныг хүртэл дээлний хэрэглээ зөвхөн цагаан сар, наадмын үеэр л байсан бол одоо өдөр тутамдаа бид өөрсдийн хийсэн хувцсыг өмсдөг болсон байна шүү дээ. Манай нийслэлээс зарладаг шахмал түлшний шуудай үйлдвэрлэх тендерт 1000 оёдолчныг нэгтгэсэн кластер үйлдвэр оролцоход л 11 тэрбум төгрөг гадагшаа урсахгүй юм даа. Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт “Алсын хараа 2050”-ийн хамгийн том зорилтыг ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл, Чинээлэг дундаж давхаргыг л бид бий болгоноо л гэж зорьсон байдаг. Орлоготой, ажилтай, эрүүл монгол хүн гэдэг нь чинээлэг дундаж давхарга юм. Тийм болохоор бид бүхэн хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлж байгаа ЖДҮҮ салбарынхнаа дэмжиж, зөв чиглүүлж, эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэн, цаашлаад экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүнүүдээр дэлхийд Монгол гэсэн нэрээ гаргах явдал юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж