"Эх орондоо миссийн титмийг авч ирэх зорилготой"

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

"Эх орондоо миссийн титмийг авч ирэх зорилготой"

"Эх орондоо миссийн титмийг авч ирэх зорилготой"

"Эх дэлхийн мисс" тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсан мисс С.Нандинтай ярилцлаа. 


-Юуны өмнө  "Эх дэлхийн мисс" тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Өөртөө хэр итгэлтэй байв? 

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг зочноор урьж ярилцаж байгаад тань баярлалаа. Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье.

Намайг Сэргэлэнгийн Нандин гэдэг. Би 18 настай. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулсан дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” болон Гран при шагнал хүртсэнээр "Эх дэлхийн мисс" тэмцээнд оролцох эрх авсан.

Тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулахад маш их сэтгэл хөдөлж, бахархалтай гоё мэдрэмж төрдөг юм байна лээ. Мөн намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн ойр дотныхон, богино хугацаанд дээл хувцсыг минь оёж урласан хумүүсийн нүр их хөдөлмөрийг бодохоор огшоод тайзнаас буугаад уйлж байлаа.

"Эх дэлхийн мисс-2022" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсондоо туйлийн баяртай байна. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад чиглэсэн энэхүү тэмцээнд эх орныхоо дуу хоолойг дэлхийд төлөөлөн авьяас, чадвар, ухаанаа уралдуулан энэхүү үйлст гар бие оролцох хариуцлагатай үүрэг ирж байгаад талархалтай хүлээж авсан.

-Үндэсний ялагчийг тодруулахад төсөл хамгийн чухал. Энэ жилийн ялагч ямар төсөл танилцуулсан бэ?

-Байгаль эх бол хүний бие организмтай адил өөрөө өөрийгөө хамгаалж тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай зүй тогтолцоотой. Энэ гайхамшигт амьдралын тогтолцоог хүн төрөлхтөн бид хөнлөнгөөс хүчээр өөрчилснөөс үүдэн маш их сөрөг нөлөө үүсээд байгаа нь хэдийнэ нууц биш юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржүүлэлтийн  улмаас манай эх орон төдийгүй дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдлыг эвдэхэд хүргэж буй нь харамсалтай.

Тиймээс нийтээрээ байгаль орчноо  аварцгаая. Үүний тулд бид дуу хоолойгоо нэгтгэж, сайн үйлсийн төлөө улс үндэстнээрээ гар нийлэх ёстой.

-Ямар мэргэжлээр суралцаж, төгссөн бэ. Энэ мэргэжлээ сонгон суралцах болсон тухайгаа яриач?

-Би энэ хичээлийн жилээс Кувейт улсын "БСК" дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо "Сант" сургуульд арваннэгдүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.

-Тэгвэл загварын тайзнаа анх хэдэн настайдаа алхаж эхэлсэн бэ?

-Энэ оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлаган дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулсан дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet“ тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн.

Энэ дашрамд надад загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mongolia Tourism Association”- ний захирал Б.Гантогоо захиралдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Анхны амжилт

-Гүрж улсад зохион байгуулсан “World Teen Model of The Planet”- тэмцээний “Шилдэг Үндэсний Хувцас “ болон Гран при шагнал хүртсэн. Мөн Каннын кино фестивалийн хүрээнд зохиогддог загварын шоу, Парисийн загварын долоо хоног, Арабын загварын долоо хоногт урилгаар оролцсон анхны монгол загвар өмсөгч болсон.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Миний аавыг П.Сэргэлэн гэдэг. Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин Сайд. Монгол улсын манлай уяач. Эдийн засагч, багш мэргэжилтэй. Дипломатч. Миний ээжийг Б.Байгалмаа гэдэг. Миний ээж Гоёл 94 уралдааны Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан Топ модель. Багш, орчуулагч мэргэжилтэй.

Би гурван эгчтэй, нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Лео нэртэй 10 настай нохойтой.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? 

-Чөлөөт цагаараа балетаар хичээллэж, төгөлдөр хуур дардаг. Волейболын спортоор хичээллэдэг. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаж, морь унах дуртай. Гитар тоглож, дуу дуулах, хар зураг зурах дуртай. Гараар юм оёж, хатгамал хатгадаг. Өөрийгөө сорьж дэлхийн 200 гаруй улс орны нэр, байршил, нийслэл, төрийн далбаатай нь цээжилсэн. Сэтгэл зүй болон хүний физиологийн ухааныг сонирхож бие даан судалдаг.

-Ойрын төлөвлөгөө?

-"Эх дэлхийн мисс-2022" тэмцээндээ амжилттай оролцож Монгол Улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой. Мөн дунд сургуулиа амжилттай төгсөөд ирээдүйд хүссэн мэргэжлээрээ суралцах зорилготой.

-Таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл? 

-Ирээдүйд дэлхийн дулаарал болон байгаль экологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн зүгээс дорвитой нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байна. Загвар өмсөгчийнхөө карьерыг өсгөж дэлхийн загварын ертөнцийн тайзнаа алхахыг зорьж байгаа. Хүссэн мэргэжлээрээ суралцаад ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж