Покероор бол тэрбээр хамаг зүйлээ бооцоонд тавилаа гэж хэлж болно. Түүний журмын нөхөдтэйгөө хийх ээлжит тэмцэл нь нүүрсний гэх хэрэг юм. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ ялбал ядаж л нүүрсний хулгай, луйвар цэгцэрнэ. Тэгвэл ДНБ-ий хэмжээ дор хаяж хоёр дахин тэлнэ. Ялагдвал засгийн болон намын тамгаа алдаж мэднэ. Гол нь Монголын төр дээрэм, тонуулын үүр уурхай хэвээр үлдэнэ.
Иймээс Л.Оюун-Эрдэнийн жилийн өмнө хэлж байсан үгийг эргэн сануулъя, “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу. Улс орноо бодох уу гэсэн салаа зам дээр ирээд байна”.
1.
Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилов. У.Хүрэлсүхийн засгийн үед буюу 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрт ийм онцгой дэглэм тогтоож байсан билээ.
Энэхүү үйл явдлаас таван сарын өмнө, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд ард иргэддээ хандан үг хэлэхдээ “….Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Нүүрсний экспортын тонн тутмаас 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ луйвар цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Нүүрсний тээвэрлэлт эрхлэдэг олон мянган машин бий. А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын олон гишүүн нүүрс зөөдөг. Тэд Гашуунсухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж байв. Ийнхүү тэрбээр амалсныхаа дагуу анд нөхөдтэйгөө, нүүрсний бүлэглэлтэй хийх тэмцлээ албан ёсоор эхэлснээ зарласан нь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлсөн явдал боллоо.
Нүүрсний гэх бүлэглэл ганц өнөөдөр гараад ирчихсэн юм биш. Нам, үзэл бодол харгалзахгүй мөнгөн дээр эрх ашиг нэгдсэн, олон жил улсаа тонож идсэн тэднийг Л.Оюун-Эрдэнэ байнд нь тавьж чадах эсэх нь ёстой л өөрийнх нь эр зоригоос шалтгаална.
Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй "түрийвч" нэгтэй, эрх ашиг нэвт сүлбэлдсэн бол энэ хэрэг тэгсхийгээд ээлжит жүжиг болоод дуусах байх. Нүүрсний тендер, оффтэйк гэрээний нууц дэлгэгдэх юм бол оффшор цаашаа том дуулиан дэгдэнэ. МАН-ын цагаан байранд "хар шуурга" тавьж магадгүй. Авчиг, Л.Оюун-Эрдэнийн зориг нь эс хүрэх хийгээд тэрбээр журмын нөхдөө бодох аваас улс нь авлигатайгаа, нам нь хархуудтайгаа живнэ гэсэн үг.
2.
Нүүрсний хулгай луйврын дэргэд Хөгжлийн банкийг тонож идсэн мөнгө хэдхэн задгай мөнгө гэх. Гэвчиг 1.6 их наяд төгрөг бага мөнгө биш. Энэ нь банкных нь нийт активынх нь тал нь гэхээр “жижигхэн” ч луйвар бүр биш. Улсын Ерөнхийлөгч нь, УИХ-ын гишүүд нь, сайд, дарга нар нь төрийн мөнгийг том, жижиггүй хусдаг, хулгайлдаг болохын тод жишээ. Гомдмоор нь тэдний ихэнх нь ахнаасаа идэж, ууж, тонож луйвардах зорилготой байсан гэх. Тиймээс улсаа тонож дуусдаггүй улстөрчдийн "хоёр чихийг нь огтлоод" ч болтугай мөнгөө олж авах нь дараагийн "ээлжийнхэнд" сануулга, даруулга болж үлдэнэ.
Ерөнхий сайдын энэ мэт тэмцлийг нам нь, журмын нөхөд нь наанаа алга ташин хүлээн авч буй мэт боловч цаанаа, ширээн доороо "салаавчтай" сууж байгаа хүмүүс засгийн танхим дотор нь, бүдүүн бүлэгт нь, намын цагаан байранд нь цөөнгүй бий. Ил дайснаас инээсэн дайсан илүү хортой ч гэдэг. Эрх биш энэ бүгдийг, хоёр нүүдлийн цаадах хожилоо бодож л Л.Оюун-Эрдэнэ мөнгөний бүлэглэлтэй, намын авлигачидтайгаа тэмцлээ эхлүүлсэн байлгүй. Хумсаа нуурсан муурнууд, "муураа нуусан хумснууд" МАН-ын цагаан байраар дүүрэн хөлхөлдөж яваа. Ямар сайндаа Б.Ганхуягийг ажлаас нь битгий чөлөөлөөч гэж Т.Аюурсайхан, А.Адъяасүрэнгээс эхлээд Ерөнхий сайдын үүдийг тогших билээ. Үүний ард нөгөө сүлбэлдсэн эрх ашиг, сүлжилдсэн хөрөнгө, мөнгө бий нь нэн ойлгомжтой.
3.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэлгэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын тоносон гэх хэргийн жагсаалт шинэ сэдэв биш юм. Өмнө нь хэвлэлээр өчнөөн бичигдэж, улс төрийн хүрээнд амтай болгон л ярьж ирсэн асуудал. Үнэнийг хэлэхэд тэднээс, дээрэмчдээс хариуцлага, ял шийтгэл асуух болохоос сайд гарч ирээд зарлалаа гээд айж ичих хүн байхгүй. Айх байсан бол юм юу гэж бусдын хөрөнгийг дээрэмдэх вэ дээ. Гэхдээ ингэж зарласан нь Ерөнхий сайдын журмын нөхөддөө өгч буй анхааруулга байж болно. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх А,Б төлөвлөгөөгөө ар, араас нь зарлалаа гэж уншигдаж байна. Учир нь, Х.Нямбаатар дотоодын хөрөнгө оруулагчдыг тоносон хэргийг удахгүй зарлана гэж зарласнаас дүгнэвэл шүү дээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоносон хэргүүд зарлаагүй дайны оршил байх. Өөрийнх нь хэлсэнчлэн авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг. Улс төрөө бодож байгаа бол улс орноо бодохоос аргагүй. Л.Оюун-Эрдэнэ С.Баярын хэмжээний стратегич болох үгүй нь түүний журмын нөхөд хэр дайтаж чадахаас хамаарна.
Холбоотой мэдээ