Монгол Улсад Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар гадаадын банк байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулж буй.
Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу гадаадын банкны төлөөлөгчийн газар нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй. Түүнээс гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласан байдаг.
Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банк нэвтрүүлэх нь банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж эдийн засагчид үздэг.
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд Монгол Улсад гадаадын банк орж ирэх байх гэсэн хүлээлт өндөр байв. Гэвч энэ жилдээ өөр улсын банк орж ирэхгүй нь тодорхой болсны шалтгааныг Монголын банкуудын лобби шийдвэр гаргагчдын түвшинд маш хүчтэй байгаагийн илрэл гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.
Зарим эдийн засагчид санхүүгийн салбарт шинэчлэл хийж, гадаадын банк оруулахгүй бол зээлийн хүү буурахгүй гэсэн байр суурь илэрхийлдэг. Бид Монгол Улсад гадаадын банк орж ирэх нь зүйтэй юү, орж ирлээ гэхэд эрх зүйн хангалттай орчин бүрдсэн үү, орж ирснээр банкуудын зээлийн хүү буурах уу гэсэн асуудлаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ ӨНДӨР ХҮҮГ БАГАСГАХ ЗОРИЛГООР ГАДААДЫН БАНК ОРЖ ИРНЭ ГЭДЭГТ БИ ИТГЭХГҮЙ БАЙНА
Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ:
-Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банк орж ирэхэд нээлттэй ч одоогоор санал өгсөн банк байхгүй байна гэсэн. Банк гэдэг аж ахуйн нэгж шиг ашгийн төлөө байгууллага. Манайх шиг жижигхэн зах зээлтэй, эдийн засаг нь уул уурхайгаас хамаараад маш өндөр савлагаатай, өндөр инфляцитай зах зээлд орж ирэх нь өндөр эрсдэлтэй учраас гаднын банкууд орж ирэхгүй байгаа юм. Харин төрийн бодлогоор Хятадын банк орж ирэх магадлал бий. Ямар ч байсан Монгол Улсын банкны өндөр хүүг багасгах зорилгоор гадаадын банк орж ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Энэ бол Монгол Улсын өөрийнх нь шийдэх асуудал. Бидний алдааг засахаар гаднаас орж ирэх банк гэж юу байх вэ.
ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Эдийн засагч Б.ОТГОНТӨГС
-Гадаадын банк оруулж ирэх нь зөв гэж үзэж байна. Хэрэглээний зээлийн зах зээл дээр биш, үйлдвэрлэл, геологи хайгуул, олборлолтын салбаруудад зээл олгох чиглэлээр оруулж ирэх манайд тун чухал байна.
ОДОО УЛСАА, АРД ИРГЭДЭЭ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БОДОХ ЦАГ БОЛСОН
Эдийн засагч Д.АНГАР:
–Дэлхий дээрх гаднын банкгүй хоёр улс байдаг нь Монгол, Хойд Солонгос. Одоо улсаа, ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодох цаг нь болсон. Гадаадын банкуудад Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Манай банкууд гаднын банк орж ирвэл Үндэсний аюулгүй байдал алдагдаж, Монголын бүх иргэн өнгөтэй, өөдтэйгөө хураалгана гэж ярьдаг. Бусад улсад гаднын банк үйл ажиллагаа явуулснаараа эдийн засаг нь дампуурч, үндэсний аюулгүй байдал нь алдагдаж, аж ахуйн нэгж нь өрөнд орсон юм алга. Харин ч гаднын банк орж ирснээр зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болгодог. Зээлийн хүүг яаж буулгах вэ гэвэл өрсөлдөөнөөр л бууруулна.
Гадаадын банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна, нөхцөлүүд нь зөөлөрнө. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцөлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пиар явуулж эхэлдэг. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй. Өнөөдөр манай банкуудын өгч байгаа зээл бол хүнийг зүгээр л өрөнд оруулаад, цаашид хөгжиж дэвшихгүй болгож байгаа юм.
СУУРЬ ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМОО ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭЭД, ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ГЭДЭГ ХУДЛАА
Санхүүч Г.БАТЖАРГАЛ
-УИХ дээр "Гадаадын банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэн, хүү багасч, хугацаа нь урт болно" гэжээ. Сайхан л сонсогдож байна. Гэхдээ иргэд төгрөгөөр зээл авч, төгрөгөөр орлого олгодог.
Төгрөгийн өртөг төсөв, мөнгөний бодлогын уялдаа, гадаад худалдаа, урсгал тэнцэл гээд шууд ДНБ-ний өсөлт гэх мэтчилэн шууд макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан тохиолдолд өөрөө буух болно. Суурь эдийн засгийн реформоо хийгээгүй байхад гадаадын банк орж ирээд төгрөгийн зээлийн хүү буурна гэж худлаа.
Харин зөвхөн ам.долларын орлоготой, экспорт хийдэг аж ажуйн нэгж байгууллага ам.долларын зээл авбал арай бага хүүтэй авч болох юм. Харин Дэлхийн хүүгээр зээл авч чадахгүй. Улсын зээлжих зэрэглэл сайжраагүй тохиолдолд бага хүүтэй зээл гэдгээ мартах хэрэгтэй. Мөн гадаадын банк манайд орж ирээд ашиг олно гэдэг том асуудал. Монголын зах зээл алдагдалтай ч улс төр, эдийн засгийн бусад ашиг сонирхлоор сонирхож болох юм.
Холбоотой мэдээ