Өмнөд Солонгосын хар өдөр

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хар өдөр

Өмнөд Солонгосын хар өдөр

Өмнөд Солонгосын залуус  цар тахлаас өмнө жил бүр “Halloween” буюу сүнсний баярыг  Итэвон дүүрэгт өргөнөөр тэмдэглэдэг байв. Янз бүрээр зүсээ хувилгасан залуус Итэвоны нарийн гудамжуудаар хэсүүчлэн, элдэв урлагийн тоглолт арга хэмжээг үзэн, шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлдэг. Гэвч гурван жилийн өмнө COVID-19 тус улсад гарснаар аливаа олон нийтийн арга хэмжээг хориглож, залуусыг гэрт нь “хорьсон.” Удаан хугацааны дараах анхны задгай талбайн арга хэмжээ болохоор өнгөрсөн Бямба гаригийн (2022.10.29) орой сүнсний баярыг тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн Итэвонд цуглажээ. Гэвч аравдугаар сарын 29-ний 22:24 цагаас эхлэн тусламж эрсэн залуусын дуудлага онцгой байдал, цагдаагийн байгууллагад ирж эхэлсэн байна. Дуудлага авсан цагдаа нарыг ирэхэд Хамилтон зочид буудлын баруун талын нарийн гудамжны үзүүрт олон мянган хүн овоорч, айн сандарч, өвдсөндөө тусламж эрэн орилох чимээ угтжээ.

41 метрийн урттай гудамжний үзүүрт байх гарц нь уруу байрлалтай бөгөөд 4 метр өргөнтэй. Энэ нь насанд хүрсэн зургаан хүн зэрэгцээд зогсоход арайхийн багтах зайтай гэсэн үг. Уг гудамж нь Итэвоны гол гарц бөгөөд зочид буудлын ард нь алдартай Дэлхийн хоолны гудамж байрладаг.

Гадаадын иргэд олноор очдог, янз бүрийн соёлыг нэг дор харж болдгоороо алдартай Итэвонд тэр өдөр урьд урьдынхаас илүү олон хүн цугласнаас зарим гудамжинд зөрөх зайгүй түгжирсэн гэж нэгэн гэрч ярьжээ. Гэтэл хэн нэгэн алдартай хүн ирсэн сургаар харах гэсэн хүмүүс нэг зүгт түрэн шахаж эхэлжээ. Удалгүй хүмүүс орилолдож эхэлсэн гэж аймшигт үйл явдлыг нүдээр харсан гэрч ярьжээ.
Шахцалдсан олонд түрэгдэн явж байсан хүмүүс эхнээсээ бүдэрч унан, хөлд гишгэгдэж эхэлснээр нөхцөл байдал богино хугацаанд хар дарсан зүүд болон хувирчээ. Гэрчүүдийн яриагаар хүмүүс яг л өрнөсөн даалууг нурааж байгаа юм шиг ээлж дараалан унаж эхэлжээ. 
Хүмүүс ар араасаа нэгнээ маш хүчтэйгээр урагш түлхэж байснаас амьсгал нь боогдон ухаан алдан унацгаасан байна. Гудамжны зам уруу байснаас олон хүний урагш түрэх хүч маш их байсан аж.

Урд нь хүмүүс унаж байгааг харсан хүмүүс арагшаагаа “буцаарай” гэж орилсон ч олны хашгиралдаанд ард байгаа хүмүүс сонсоогүй эсвэл буруу ойлгон улам урагш түрсэн гэж нэгэн эрэгтэй ярьжээ.

Аврагчид, цагдаа нар ирээд бөөгнөрсөн хүмүүсээс татаж гаргаж эхэлсэн ч хэт олон хүн дарагдсан байснаас хангалттай хурдан ажиллаж чадаагүй байна. Өндөрлөг хэсгээс гар утсаар бичсэн видеонд нэгэн цагдаа олонд дарагдсан бүсгүйн гараас байдаг чадлаараа татаад ч гаргаж чадаагүй нь гарчээ. Бичлэгийг хийсэн бүсгүй “Бурхан минь, тэд хөдлөхгүй байна” гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэх нь дуулдана. Ойролцоох дэлгүүрийн ажилчид аврах ажиллагаанд тусалж, татаж гаргасан хүмүүст хиймэл амьсгал хийн аврахыг хичээжээ. Харамсалтай нь, 300 орчим хүн амьсгалын дутагдалд орж, тэднээс өнөөдрийн байдлаар 154 нь нас барав. Хэдийгээр ослын газарт олон тооны аврагч, цагдаа ирсэн боловч тусламж хэрэгтэй хүмүүсийн хаана нь ч хүрэхгүй байжээ. Аврах албаны гал сөнөөгч залуу “Энд яг дайны талбар шиг байна” гэсэн байна.

Нас барсан хохирогчдын 103 нь 20-оод насны эмэгтэйчүүд байсан бол хамгийн бага нь 16 настай байжээ. Яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийг хамгийн ойрын Чун Хян их сургуулийн эмнэлэгт хүргэсэн бол бусад гэмтсэн хүмүүсийг Сөүл хот, Гёнгги дүүргийн эрүүл мэндийн  14 төвд хуваарилжээ. 

Ослын газарт хохирогчдоос гадна аврагчид, нөхцөл байдлыг ажиглахаар олон хүн цугласнаас тухайн газарт гар утас, интернэтийн сүлжээ түр хугацаанд унажээ. Тухайн үед Сөүл хотод байсан онцгой байдлын бүх ажилчид ослын газарт ирсэн бөгөөд 1700 орчим ажилчин, 140 гаруй түргэн тусламжийн машин ажиллажээ. Түүнчлэн ослыг сонссон эцэг эхчүүд тухайн газарт ирж, хүүхдүүдээ хайн сандралджээ.
Сөүл хотын албаныхан амь үрэгдсэн 154 хүний 141-ийг нь хэн болохыг таньж, ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргээд байгаа аж. Ингэснээр Хятад, Норвеги, Орос, АНУ, Франц, Австрали, Тайланд, Япон зэрэг орны 26 иргэн осолд өртөн нас барсныг тодруулжээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүний тоо 132-д хүрсэн байна. Одоогоор 37 хүний биеийн байдал хүнд байгаа учир амь үрэгдэгсдийн тоо өсөх хандлагатай байна. Сүнсний баярт оролцохоор яваад  эргэж ирээгүй 3500 гаруй хүнийг ар гэрийнхэн нь өчигдөр сураггүй болсон гэж бүртгүүлжээ. Нас барсан хүмүүст зориулан нийтийн оршуулах ёслол хийхээр болсон бөгөөд ар гэрийнхэнд нь тусламж үзүүлэхээ Засгийн газраас мэдээлжээ.  Ерөнхийлөгч Юн Сук Ёл Өмнөд Солонгос улсад орон даяар Ням гаригаас эхлэн арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл гашуудал зарласан. Ослын дараа хөл хөдөлгөөнтэй Итэвон дүүрэг гашуудах мэт анир чимээгүй дүнсийж, бизнесүүд нь хаагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж