Хятадын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгасны дараа олон улсад Бээжингийн нөлөөг нэмэгдүүлэхээ амласан. Тэгвэл Ши Жиньпинтэй уулзахаар дэлхийн удирдагчид дугаарлаж байна. Тухайлбал, Вьетнамын Коммунист намын дзарга Нгуен Тронг өнөөдөр Хятадад дөрвөн өдрийн айлчлал хийхээр иржээ. Тэрбээр Ши Жиньпинийг улиран "сонгогдсоны" дараа айлчилж буй гадаадын анхны удирдагч болж байна.
Түүний араас ирэх долоо хоногт Пакистаны Ерөнхий сайд Шефбаз Шариф, Германы канцлер Олаф Шольц, Танзанийн Ерөнхийлөгч Самиа Хассан нар Хятадад айлчилж, Ши Жиньпин болон холбогдох албаныхантай уулзана. Олаф Шольц Германы канцлер болсноосоо хойш анх удаа Хятадад айлчлах гэж буй бөгөөд айлчлалд бизнесийн төлөөлөл багтсанаас харвал хоёр орны худалдааны харилцааг сайжруулахыг зорьж байгаа аж.
Ши Жиньпин ирэх арваннэгдүгээр сард Индонез улсад "Их-20" орны чуулга уулзалт, Тайландад Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцох юм. Түүнчлэн тэрбээр газрын тосны арвин нөөцтэй Саудын Арабт айлчлахаар төлөвлөж байгаа ч тодорхой өдөр товлоогүй байна.
Хятадад 2020 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахлын эсрэг хөл хорио тогтоосноос хойш Ши Жиньпин 1000 орчим хоног гадагшаа айлчлаагүй. Харин өнгөрсөн есдүгээр сард ШХАБ-ын чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ