Тойм: "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтоож, ЗХЖШ-ын даргыг солив

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Тойм: "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтоож, ЗХЖШ-ын даргыг солив

Тойм: "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтоож, ЗХЖШ-ын даргыг солив

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Энэ оны аравдугаар сарын 5-ны засгийн газрын хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Тус тогтоол нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор авах зарим арга хэмжээний тухай юм.

Учир нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эцэст 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Тухайлбал, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.долларыг төвлөрүүлэх чиглэл өгсөн.


Х.НЯМБААТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДСЭН ХҮМҮҮСИЙГ ЗАРЛАВ

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн хурал аравдугаар сарын 28-н Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон. Уг хурлаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, хэрэг нь хаагдсан, одоо шалгаж байгаа, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг танилцуулахаар төлөвлөсөн гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Яамнаас гурван мөрдөх байгууллага руу албан бичиг явуулсны дагуу Авлигатай тэмцэх газраас тав, Цагдаагийн ерөнхий газраас 50 гаруй хэргийн материал иржээ. Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх хувь буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.


ЗХЖШ-НЫ ДАРГА БОЛОН ШШҮХ-ИЙН ЗАХИРЛЫГ СОЛИВ

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь  ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 76.9 хувийн саналын дэмжлэг аван баталж байсан шийдвэрийг үндэслэн, томилгоо хийсэн юм.

Үүнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Б.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Уг хүрээлэнгийн даргыг байгууллагад гарсан зөрчил дутагдлыг арилгахаар зохион байгуулалттай арга хэмжээ авч, ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд цагдаагийн хурандаа Ж.Буянбатыг томилжээ.


НИЙСЛЭЛД ДОЛОО ХОНОГТ 2 УДАА ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЭВ

Улаанбаатар хотод Мягмар гаригт/2022.10.25/ 08:34 цагт газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Байгаль нуур орчимд 5.1  магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Дархан, Сэлэнгийн хэсэг аж.

Дундговь аймгийн Өлзийт сумаас зүүн хойд зүгт Баасан гаригт /2022.10.28/ 11:08 цагт 4.9 магнитуд газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн.

Энэ сард Улаанбаатарт гурван удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Түүнчлэн энэ 2022 онд Монголын нутаг дэвсгэр дээр 5-6 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж