АНУ-ын Төлөөлөгчийн танхимын дарга Нэнси Пелосийн гэрт үл таних этгээд нэвтэрч, нөхрийнх нь толгой, баруун гарыг алхаар цохиж гэмтээжээ. Хэрэг Баасан гаригт /2022.10.28/ тэдний Сан-Франциско дахь гэрт гарсан байна. Өдгөө 82 настай Пол Пелоси халдлагын дараа тархи нь хагарч, хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.
Сэжигтэн 42 настай Дэвид Депапе гэгч нь хатагтай Нэнси Пелоситой уулзахыг шаардсан байна. Тухайн үед Нэнси Пелоси нь Вашингтон хотноо ажлаар явж байсан бөгөөд нөхрөө сахихаар Сан-Францискод эргэж иржээ. Халдлага үйлдсэн этгээд ариун цэврийн өрөө орох үеэр Пол Пелоси нууцаар 911 дугаарт тусламж дуудаж амжсан аж.
Ирэх арваннэгдүгээ сарын 8-нд болох парламентын сонгуулийн өмнө топ улстөрчийн гэрт халдлага гарсан нь олон хүний санааг зовоож байна. Улмаар сонгуулийн үеэр ямарваа халдлага гарахаас сэргийлэн санал хураах ажилчид болон улстөрчдийг хамгаалахын тулд хууль хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Засгийн газраас үүрэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар мэдээлэхдээ, улс төрийн нөхцөл байдал хүчирхийллийг өдөөж байна гэв.
Нэнси Пелоси бол АНУ-ын хүчирхэг улстөрчдийн нэг. Тэрбээрг 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогджээ. Өдгөө тэрбээр Ардчилсан намтай хамтран сонгуулийн компанит ажилд оролцож байгаа аж. Түүний нөхөр нь хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Тэд 1963 онд гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ