Гадаадын 20 иргэн осолд өртөн нас баржээ
Амь үрэгдсэн хүмүүсийн тоо одоогийн байдлаар 153 болж нэмэгдээд байна. Тэдний 20 нь гадаадын иргэн аж.
Тайландын нэг иргэн Итэвонд болсон осолд өртөн нас барсныг Сөүл дэх тус улсын Элчин сайдын яам мэдэгджээ. Амь насаараа хохирсон хүмүүсийн дунд Австрали улсын иргэн бүртгэгдсэнийг албаныхан мэдээлжээ. Түүнчлэн Юнсан дахь онцгой байдлын албаны мэдээллээр Иран, Узбекистан, Хятад, Норвеги улсын иргэн байгаа аж.
Арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл гашуудал зарлалаа
Өнгөрсөн шөнө болсон үйл явдалтай холбоотойгоор Ганнам дүүргийн Олон нийтийн үйлчилгээний төвд 2900 орчим хүнийг сураггүй болсон гэж бүртгүүлжээ. Сүнсний баярын арга хэмжээнд оролцохоор яваад эргэж ирээгүй хүмүүсийг бүртгүүлэхээр ар гэрийнхэн нь оочерлож байна. Гэр бүлийнхэн нь сураггүй болсон хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл ирэхийг хүлээн айдаст автан суугаагаа ярьжээ.
Итэвон дүүрэг өнөөдөр анир чимээгүй байна. Өнгөрсөн шөнө энд олон мянган хүн цуглаж баяр тэмдэглэсэн боловч эмгэнэлт үйл явдлаар өндөрлөсөн.
БНСУ: Хятадын гурван иргэн амь үрэгджээ
Сөүлийн Итэвонд өнгөрсөн шөнө болсон шахцалдааны үеэр Хятадын гурван иргэн амь үрэгдсэн болохыг Синьхуа агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгосын онцгой байдлын албанаас мэдээлснээр осолд 19 гадаадын иргэн нас барсан нь тогтоогдоод байна. Сөүл хот дахь Хятадын Элчин сайдын яамнаас эмгэнэл илэрхийлж, нас барсан иргэдийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
БНСУ-д амь үрэгдсэн хүний тоо 151 болж, гашуудал зарлалаа
Итэвон дүүрэгт шахцалдаан болж олон хүн амь үрэгдсэн осол өнгөрсөн шөнө болсон. Тэгвэл өнөө өглөө Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ослын дараа 355 хүн сураггүй болсон гэж бүртгүүлсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн бүртгэлийг цагдаагийн газраас бүртгэн авч, шалгаж байна.
Өнгөрсөн нэг цагийн хугацаанд амь үрэгдсэн хүний тоо 151 болж нэмэгдсэн бөгөөд тэдний 19 нь гадаадын иргэн гэдгийг онцгой байдлын албанаас мэдээлжээ. Гэмтэж бэртсэн 82 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 60 орчим хүний биеийн байдал муу байгаагаас амь үрэгдэгсдийн тоо өсөх хандлагатай байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдрийг гашуудлын өдөр болгон зарлалаа.
Сөүл: Амь үрэгдсэн 149 хүний хоёр нь гадаадын иргэн байжээ
Сөүл хотын Итэвонд өчигдөр сүнсний баяр тэмдэглэх үеэр нарийн гудамжинд олон хүн шахцалдан үймсэнээс 149 хүн амь үрэгдсэн. Тэгвэл амь үрэгдсэн хүмүүсийн дунд гадаадын хоёр иргэн байгааг мэдээллээ. Хохирогчдын олонх нь өсвөр насны хүүхдүүд, 20-оод насны залуус аж. Мөн 76 хүн гэмтсэнээс 15 нь гадаадын иргэн байжээ. Энэ нь цар тахлаас хойш Өмнөд Солонгос улсад болсон анхны задгай талбайн үйл ажиллагаа байжээ.
Сүнсний баяр тэмдэглэсэн 149 хүн нас барлаа
Өмнөд Солонгост хар дарсан зүүд шиг өдөр боллоо. Сөүл хотын Итэвон дүүрэгт өнгөрсөн шөнө “Halloween” буюу сүнсний баярыг тэмдэглэсэн 149 хүн нас барж, 76 хүн гэмтэж бэртсэнийг “ “Yonhap” агентлаг мэдээлжээ. Гэмтэж бэртсэн 76 хүнээс 56 хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж.
Шөнийн зугаа цэнгээний алдартай дүүрэгт баяр тэмдэглэсэн олон арван мянган хүн Хамилтон зочид буудлын ойролцоох нарын гудамжид чихэлдэж, шахцалдан үймсэнээс ийнхүү аймшигт осол гарсныг гэрчүүд мэдээлэв.
Шахцалдаан үймээний үеэр амьсгал нь боогдож, олны хөлд дарагдсанаас 149 хүн нас барсныг өнөө өглөө мэдээллээ. Хохирогчид 20-49 насны хүмүүс бөгөөд олонх нь 20-оод насны эмэгтэйчүүд аж. Ослын газарт үүрээр ирсэн эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдлаас болж бие нь муудаж эмнэлгийн тусламж авчээ.
Аймшигт шахцалдааны талаар нэгэн гэрч хэлэхдээ, газар унаж олны хөлд гишгэгдсэн хүмүүсийн нуруу нь хугарсан байсан гэжээ. Шахцалдаанаас болж амьсгалж чадахгүй ухаан алдсан хүмүүст аврах албаныхан хиймэл амьсгал хийн аврахыг оролдсон байна.
Тус газрын шөнийн клубт ирсэн гэх алдартныг харах гэж эсвэл мансууруулах бодисны орцтой чихэр тарааж байна гэх цуурхлын улмаас осол гарсан аж.
Ослын дараа Ерөнхийлөгч Юн Сук Ёл хоёр шуурхай хурлыг удирдан хуралдуулж, нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх үүрэг өгчээ.
Итэвон дүүрэгт эмнэлгийн орны тоог нэмж, эрүүл мэндийг ажилчдыг яаралтай илгээх үүрэг өгсөн байна.
Харин Европт айлчлалаар эзгүй байсан Сөүл хотын захирагч ослын дараа яаралтай буцаж иржээ.
Ослын газарт аврах багийн 848 хүн ажиллаж буйн 346 нь ойролцоох дүүргүүдээс дайчлагджээ.
Цагдаагийн газраас тус хэсэг дэх шөнийн цэнгээний газрууд аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ