Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалт зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцож, шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил: нийслэлд 208, орон нутагт 293, согтууруулах ундаа хэрэглэсэн 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196, нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа долоон иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас нөхцөл байдалд дүгнэлт хийн, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж, өөрөө үлгэрлэн, хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарууллаа.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ