Улсын онцгой комиссоос эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлэв. Сайжруулсан шахмал түлш 112 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа аж.
Монгол Улсад цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 6 орчим хувиар өсч буй. Цар тахлын жилүүдэд төрөөс эрчим хүчний төлбөрийг чөлөөлсөн үед бүр 10 хувиар өсч байжээ. Энэ жилийн өссөн хэрэглээ Монгол Улсад суурилагдсан хүчин чадлаас илүү гарч, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд ороод буй юм.
Эх үүсвэрийн дутагдалтай үед цахилгаан станцууд болон импортын шугамууд бүгд 100 хувь ажиллана гэсэн үг. Нөгөө талдаа хэрэглэгч, үйлдвэрлэгч өвлийн улиралд оргил цаг буюу оройн цагаар эрчим хүчнээ хэмнэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.
Б.ЖАРГАЛ