Инчон олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид өчигдөр /2022.10.28/ ажил хаяжээ. Тэд өглөөний 09:40 цагийн орчим нисэх буудлын нэгдүгээр терминалын гуравдугаар давхарт байрлах наймдугаар хаалган дээр ажил хаялтаа зарлав. Ажил хаялтад 900 орчим ажилчин оролцжээ.
Ажил хаялтын шалтгаан хүн хүчний хомсдол, цалин бага, ээлжийн ажлаар ялгаварлан гадуурхах гэсэн үндсэн гурван зүйл байсан аж.
Хүний нөөцийн хомсдолтой зэрэгцээд нисэх буудлаар зорчигчдын тоо 3.5 дахин нэмэгджээ. Цалин нь дөнгөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч буй нь ч асуудал болсон байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн өнгөрсөн зургадугаар сарын 22-ноос эхлэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн. Улмаар есдүгээр сарын 22-нд удирдлагууд цалингаа 1.5 хувиар нэмэх төлөвлөгөө гаргаснаар хэлэлцээ тасалджээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Одоо байгаа ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулахгүй бол шинэ ажилчдын тоог нэмэгдүүлэх боломжгүй. Энэ бодит байдлыг өөрчлөхийн тулд бид ажил хаяхаас өөр аргагүй байна. Ажилчид нь ажиллахыг хүсдэггүй, гараад явчихдаг ийм л ажлын байр болчихоод байна” гэж мэдэгджээ. Корпорацийн зүгээс “Байгууллагын алдагдал их байгаа энэ үед ажил хаялтыг ойлгоход бэрх байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ASIA TIME
Холбоотой мэдээ