Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Үүнд өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан байна.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байсан аж. Мөн өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч, ихээхэн хэтэрч гарчээ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ жил ихэнх нутгаар гантай, бэлчээрийн нөөц, даац хэтэрч гарсан байна. Иймд энэ жилийн зудын эрсдэлийн эхний зургийг арай эрт буюу аравдугаар сарын 20-ны байдлаар тооцоолж гаргажээ.
2022 оны аравдугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, доройтсон төлөвт буй, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж буй ажээ.
Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа (УОК-ын шуурхай бүлгийн ажлын тайлан, 2022) нь зудад эмзэг байдлыг улам нэмэгдүүлж буй юм байна.
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хүйтний улирлын цаашдын төлөвийн мэдээнээс хур тунадас олон жилийн дунджийн орчим байх нь. Гэвч дараа сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх мэдээтэй байна.
Б.ЖАРГАЛ