Гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс /2022.10.28/ иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. Энэ улиралд нэг сая зуун мянга 926 иргэнд 65 сая төгрөгийг буцааж өгөх юм байна.
Буцаан олголтоосоо 18 мянга 290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлжээ.
Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
СУГАЛААНЫ СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД БОЛГОСОН
НӨАТ-ын баримттай холбоотой өнгөрсөн сард цацагдсан бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Сүүлийн хэд хоног төсвөө барьж гүйгээд шинэ сайдуудтай өдөр бүр тулж нойр хоолгүй ажиллаж байна. Урьд шөнө бараг унтаагүй, манай яамныхан надтай хамт явж байна. Энэ хооронд ийм юм болчихлоо. Манай ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлын улмаас гадаадад эмчилгээнд явж байгаа. Энэ хооронд анхаарал сарниад ийм зүйл боллоо. Энэ бол удахгүй эхлэх НӨАТ-ын сугалааг сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Уг бичлэгийг үзсэн, алдаатай зүйлс орсон байна. Ёс зүйгүй үг хэрэглэсэн зүйл болжээ.
Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн гуравхан сарын дотор 50 хувь болж буурлаа.
Иймд, сугалааныхаа системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ. Хамтарч ажилласан студийн зохиол санаанд хүрэхгүй ийм юм болчихлоо. Тухайн бичлэгтэй холбоотой төлбөр хийсэн зүйл байхгүй. Гүйцэтгэл амжилтгүй учраас төлбөр хийгээгүй” гэсэн юм.
Холбоотой мэдээ