Далд эдийн засгийг давруулсаар байх уу?!

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Далд эдийн засгийг давруулсаар байх уу?!

Далд эдийн засгийг давруулсаар байх уу?!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэлсэн үг сошиалын хэрүүл, сенсаацид дарагдаад олны анхаарлыг төдийлөн татсангүй.  Тэрбээр “Самар гарсан жил төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө аваад самар түүхээр явдаг . Самарт яваад олдог нэг өдрийн орлого сарын цалинтай нь тэнцдэг болохоор амьдралаа бодохоос аргагүй”  гэснээс дүгнэвэл энэ бизнесийн ард асар их ашиг сонирхол, авлига, асар их мөнгө эргэлдсэн хар зах зээл байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, самрын бизнесийн ард төрийн албаныхан өөрсдөө байдаг уу гэсэн асуулт эндээс тавигдаж байна.

Үүнээс хэдэн хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлын сайд Б.Бат-Эрдэнэ нүүр номоороо “1000, 1000 тонн самар экспортод гаргадаг хэрнээ татвар төлдөггүй, ганц ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэсэн бий. Үнэндээ өнөөдөр самар шиг ашигтай бизнес байхгүй болсон.  Улсад татвар төлөхгүй, ажлын байр бий болгохгүй.

Статистикаас харвал нийт 5 сая ам.долларын самар экспортолсон тухай илтгэлд нь тусгагдсан байсан. Энэ бол зөвхөн цаасанд дээр тэмдэглэгдсэн тоо. Үүнээс  гадна цаасан дээр огт тэмдэглээгүй, хууль бусаар хэчнээн тонн самар урд хөрш рүү гарсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан албан бус мэдээгээр үүнээс 10 дахин илүү мөнгөн дүнтэй самар урд хөрш рүү гарчээ.  Эндээс харвал Монгол Улс ургадаг баялгаа урт гартнуудаас хамгаалах цаг болсон байна.

Өнгөрсөн есдүгээр сард Богдхан уулын түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах гэж хэргийг цагдаа нар илрүүлсэн. Шалгалтын явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаад халагдсан алба хаагч самрын наймаачидтай хуйвалдаж, самрын хууль бус наймаа хийж байсныг удаа дараагийн үйлдлээр тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалагчид нь өөрсдөө баялгийн хулгайчид болж хувирсны тод жишээ энэ юм.

Хууль бусаар самар урагшаа гаргадаг бүлэглэлд цагдаа, тагнуул, гаалийнхан хүртэл бий тухай ч самрынхан ярьдаг нь оргүй үг биш байх. Олны үг ортой гэдэг. Гэтэл Монгол Улс хушны самрыг боргоцой ястай нь экспортод гаргахыг хориглодог хуультай. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хуулийн сайд анхаарлаа хандуулах ч шаардлага бий юу гэвэл бий.

Судалгаанаас харахад, Монгол Улсын хушин ойгоос жилд дунджаар 28.7 мянган тонн цэвэр самар түүх боломжтой ажээ. Их ургацтай жил 71 мянган тонн самар түүх боломжтой гэх. Хамгийн гол нь үүнийг л бүртгэлжүүлэх ёстой.

Эдийн засгийн хөгжлийн сайд ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаан дээр нүүрсний экспортыг бүртгэлжүүлж, цахимжуулах тухай ярьсан. Учир нь, бүртгэлгүй олон арван машин нүүрс гаргаж, улсыг хохироож буй асуудлыг АТГ болон хууль шүүхийнхэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газар нүүрсний хулгайтай ил далдаа тэмцэж эхэлсэн. Үүний дараа хил, гаалийн “бүртгэлгүй”-гээр урагшаагаа хууль бусаар гарч буй самрын бизнесийг цэгцлэх шаардлагатай болжээ. Учир нь, Монгол Улс жилд дунджаар 10-20 мянган тонн самрын идээ экспортолдог. Нэг аж ахуйн нэгж жилд 5-8 тэрбумын татварыг төлж улсын төсөвт төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Өнгөрсөн 2020 онд 30 тэрбум төгрөгийг зөвхөн орон нутагт төвлөрүүлсэн гэхээр энэ салбар нь уул уурхайн бус экспортын нэг том салбар болж хувирсан гэсэн үг.

Самарны компаниуд татварын маргаан шүүх дээр үүсгэсэн байдаг.  Засгийн газрын тогтоолоор самрыг үйлдвэрлэлийн чиглэлээр түүж экспортолдог аж ахуйн нэгжүүд кг тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн 18 компани өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсад 16.8 тэрбум төгрөгийн өр үүсгэжээ. Энэ асуудалд Засгийн газрын талд шүүхийн шийдвэр гарсан. Гэвч, өнөөдрийг хүртэл өрөө төлөөгүй компаниуд бий аж.

УИХ-аар хэлэлцэж буй төсвийн хүрээнд аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлэх асуудал яригдаж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд далд эргэлдэж буй хэдэн зуун тэрбум мөнгийг ил болгох асуудлыг ярих цаг болсон. Самрын бизнесээс эхлээд морь, газрын наймаа зэргээр  олон тэрбум төгрөг “бүртгэлгүй”-гээр эргэлдэж буйг бүртгэх тухай л ярих ёстой. Эцэст нь татвар төлдөгөө дарамтлаад татвар төлдөггүйчүүдээ энэ мэтээр давруулсаар байх уу?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж