Түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийнхэн жил бүр олон тэрбумын төсөл санаачилдаг. Үүний дийлэнх төсвийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд тусгадаг билээ. Гэвч олон жил дамнан яригдаж буй хугацаа нь дууссан автобусаа одоог хүртэл зах зээлээс татаагүй хэвээр. Ээлж дараалан шатаж, хүний амь насанд эрсдэл учруулах дөхсөн ч өнөөх хариуцсан дарга нар нүд нь харахгүй, чих нь дүлий мэт хандана. Нийтийн тээвэр түгжрэлийг бууруулах хамгийн гол суурь. Гэсэн ч актлах автобусаа ч татаж чадахгүй байгаа нийслэлийнхэнд түгжрэлийг бууруулахаас түрүүнд стандартад нийцсэн нийтийн унаа хэрэгтэй.
Дүүжин тээвэр, метро үлгэр болсон юм аа гэхэд ядаж нийтийн тээврийн хүрэлцээтэй байдалдаа анхаарахыг иргэд хүсч буй.
Анхаарч байна гээд ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа хүчээр явуулна гэсэн үг биш. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах хүрээнд бодсон ч автобус аюулгүй хэрэгсэл байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь Монгол Улсад стандарт шаардлага хангадаггүй, түүнд нь шаардлага тавьдаггүй ганц салбар бол нийтийн тээвэр. Хэдийгээр парк шинэчлэлтийг жил бүр хийж байгаа ч хуучин автобуснуудаа хэрэглээнээс халж чадахгүй байж түүний 10 хүрэхгүй хувийг шинэчлээд нэмэргүй.
Улирлаас үл хамаарч замын голд зогсох, насжилт дууссан нийтийн тээврийнх нь эд анги гэнэт эвдрэх, олон цаг хөдөлгөөнд оролцож мотор нь шатах, хурдтай зорчиж явахад нь дугуй нь салж унах гээд эрсдэл их. Энэ бүхэнд олон хүний амь насны аюулгүй байдал яригдана.
Дээрээс нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ариун цэвэр, орчин нөхцөл бол гадаадын бусад улс оронтой харьцуулахад бэрх. Тиймээс түгжрэл бууруулах олон тэрбумын төслүүдээс илүү одоо явж байгаа хугацаа нь дууссан автобуснуудаа шинэчлэх чухал. Иргэдийн аюулгүй байдал төдийгүй их хотын өнгө төрхөнд халтай хуучин автобуснууд хэдий хүртэл үйлчилгээнд байсаар байх нь таашгүй. Тэгэхлээр мөрөөдлийн ажлын төсөлт хөтөлбөрүүдээ түр азнаж түүнд төсөвлөсөн хөрөнгө санхүүгээр нийтийн тээвэртээ парк шинэчлэлт хийх чухал.
Сүүлийн хагас жилийн дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байх үед автобус шатсан осол хэд, хэдэн удаа гарсан. Энэ нь нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах эрсдэл нүүрлэж буйн сануулга юм.
80 ТЭРБУМААР АВТОБУС АВСАН Ч АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН АВТОБУСЫГ ТАТААГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг 100 хувь парк шинэчлэлтэд хамруулж байж зорчигчдын аюулгүй байдал хангагдана. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон. Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дуусч, актлахаас өөр аргагүй болсон автобус нийтийн тээвэрт явж байгаа нь харамсалтай юм.
Гэтэл албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхгийг тодорхой хувиар нэмж байгаагаа мэдээлж, өнгө үзэмж сайтай, стандартын давхар автобус нэвтрүүлж байгаагаа ч олон удаа зарласан.
Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Нийслэлээс өгсөн мэдээллээр энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч он дуусахаас өмнө 600 орчим автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй. Эхний ээлжид 75 шинэ автобус оруулж ирсэн.
Арваннэгдүгээр сард 200 гаран автобус орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн нийслэлд үйлчилгээнд явж буй нийт автобуснаас 532-ыг нь үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Гэвч эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж буй.
Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.
Холбоотой мэдээ