Х.Нямбаатар: Д.Дорлигжав зочид буудал дээрэмдэж авсан байна | News.MN

Х.Нямбаатар: Д.Дорлигжав зочид буудал дээрэмдэж авсан байна

Х.Нямбаатар: Д.Дорлигжав зочид буудал дээрэмдэж авсан байна

Х.Нямбаатар: Д.Дорлигжав зочид буудал дээрэмдэж авсан байна

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн хурал өнөөдөр /2022.10.28/ 09.30 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж байна. Хурлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.


-Бид авлигын индексээ бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр эдийн засгаа тэлэх талаар ярих боломжгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, хэрэг нь хаагдсан, одоо шалгаж байгаа, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг танилцуулахаар төлөвлөсөн. Манай яаман дээр энэ хэргийн талаар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байдаггүй. Хууль зүй, дотоод хэргийн яам үндсэн 16 чиг үүрэгтэй ажилладаг. Үүнд гэмт хэрэгтэй тэмцэх ерөнхий агуулгыг тусгадаг болохоос биш хэрэг бүртгэж, мөрдөн шалгадаггүй. Тийм учраас 10 гаруй хоногийн өмнө энэ хэргүүдийг олон нийтэд мэдээлнэ гэсэн. Үүний дагуу бид гурван мөрдөх байгууллага руу албан бичиг явуулсан. Авлигатай тэмцэх газраас тав, Цагдаагийн ерөнхий газраас 50 гаруй хэргийн материал ирсэн.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд ажиллагаанд байгаа хэрэг мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэдгийг прокурорын байгууллагад хэлсэн. Одоогоос 30 минутын өмнө прокурорын байгууллагатай зөвшилцөж, ажиллагаанд байгаа хэргийг мэдээлэхдээ хүний овог нэрийг бүтнээр нь хэлэхгүйгээр, байгууллагын нэрийг бүтнээр нь хэлэхгүй байхаар амлалт өгсөн.

Ерөнхий сайдын 2021 оны 153 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулсан. Мөн оныхоо 187 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын дарга, Гадаадын иргэн харьяатын газрын дарга, ШШГЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, хамтын ажиллагааны ТЕГ-ын дэд даргын бүрэлдэхүүнийг нэмсэн.

Ингээд 57 хэргийн талаар мэдээлье. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд гурван хэрэг, хэрэгсэхгүй болгосон нэг, хаасан нэг, шүүхийн шатанд нэг, шүүхээр шийдвэрлэгдсэн нэг хэрэг байна. Харин ЦЕГ-аас ирүүлсэн 50 хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болгосон 14, хаасан 19, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэгдсэн гурван хэрэг байна.

Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх хувь буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд байна.

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГҮҮД

  • Монголын Улсын иргэн О.Болд нь Японы иргэн Takahama Kenichi-тэй Монголд банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, "Ориентал капитал" компани, "Ориентал инвест" компани зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Японы иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Хэргийг 2018 онд нээж, О.Болдод зургаан жилийн хорих ял оноосон.
  • Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Японы иргэн "Суруга" корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цунэакегийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн.  Хэргийг 2012 онд нээж, холбогдогчоор Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Эдгээр иргэд хувиараа бизнес эрхэлдэг болсон байна. Тухайн Японы иргэн сүүлд нас барсан учраас үр хүүхдийг нь хохирогчоор татах гэж байгаа аж.
  • Хятад улсын иргэн Ли Шао Минг "Болд төмөр ерөө гол" компанийн 53 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-008888 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд Хятадын Хөрөнгө оруулалтын санд барьцаалан их хэмжээний зээлийг гаргуулан авч, бусдыг залилсан. Ли Шао Минг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монголын хилээр гарсан. Мөн нярав Г.Оюунсүрэн нь Хятадын банкнаас 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан. Хэргийг 2022 онд нээж, холбогдогчоор Ли Шао Минг, Г.Оюунсүрэнг татаж, анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь "BB&Т" компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан. Хэргийг 2015 онд нээж, холбогдогчоор Ц.Цэдэнг татан 2017 онд 13 жилийн хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс есөн жил болгож, 2018 онд гэм буруугүйд тооцсон.

ШҮҮХИЙН ШАТАНД БАЙГАА ХЭРГҮҮД

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ….газрын даргаар ажиллаж байсан М-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу тал бий болгосон. Иргэн М нь "С" компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан улсын иргэн МИ-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас "С" компанид их хэмжээний хохирол учруулсан. Хэргийн холбогдогчоор Монголын иргэн М-ийг шалгаж байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан хэрэг. Ливан улсын иргэн мэдүүлгээ өгч, шүүхийн шатанд байна.
  • Монгол Улсын нэр бүхий Ц, К нэртэй хүмүүс Хятадын иргэн В-гээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэж, битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Холбогдогчоор Монголын Ц, К, Б нарыг татаж, хурал нь зургаан удаа хойшлогдож, анхан шатны шүүхэд хянагдаж байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай "Х" компанийн таван хувийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн таван хувийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн "Х" компанийн ерөнхий захирал Хятадын иргэн В-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111.5 мянган ам.доллар 238.3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан, мөн 2017 онд 325 мянган ам.долларыг "Х" компаниас "ноогдол ашиг хуваарилав" гэсэн утгатайгаар нөхөр Г -ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан гэв. Холбогдогчоор Монголын иргэн С, Хятадын иргэн Г нарыг татаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хянаж байна.

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ХЭРГҮҮД

  • Хятадын иргэн ХГ захиралтай "Ж" компани нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн. Мөн Хятадын иргэн ХГ-ийн үүсгэн байгуулсан "С" компанийн 75 хувийг "Т" компанийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн Я, Б нар нь ХГ-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан Д нь "Ж" компанийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Холбогдогчоор Хятадын иргэн ХГ, ХШ болон Монголын иргэн Б, Я, Д нарыг татаж, "Ж" компанийн нягтлан бодогч ХШ -т их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр 2013 онд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 56.1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Бусад холбогдогч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоох боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.
  • Монголын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-ээс "А" компанийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан Д нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож, ашиг олох зорилгоор Г-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэг Б-ээр дамжуулан Г-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү Б-ын эзэмшдэг компанийн дансаар авсан байна. Холбогдогчоор Монголын  иргэн Д, Б, Г нарыг татаж, мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үйлдэл нь тогтоогдоогүй байна. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар ороод гарсан.
  • ОХУ-ын иргэн П нь "А" компанийн захирлаар ажиллаж байхдаа Монголд үндсэн хөрөнгө худалдан авч, уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая ам.долларын санхүүгийн баримт материалуудыг бүрдүүлж их хэмжээний мөнгийг угааж, хувьдаа завшсан. Холбогдогчоор ОХУ-ын иргэнг татаж, мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх асуудал нь ОХУ-ын Москва хотын олон улсын худалдааны Арбитрын шүүхийн 2012 онд шийдвэрлэгдэж дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Ажлын хэсгээс 77877768 тусгай утасны дугаар нээж, олон нийтээс мэдээлэл авч байна. Нийт найман гомдол ирснийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Тусгай дугаарт 8069….дугаараас Хятадын иргэн Мио Фү Яан нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Ө.Одхүүтэй хамтран барилга барихаар 2013 онд гэрээ байгуулж, залилуулсан гэх мэдээллийг өгсөн. Мөн 8010… дугаараас Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нүүрс тээвэрлэдэг "Сауд гэйд" компани нь 2018 оноос УБТЗ компанийн эзэмшил газрыг түрээслэх гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Гэтэл УБТЗ-аас үндэслэлгүйгээр газрын түрээсийг нэмж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгосон гэжээ.

8878…Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Хятадын хөрөнгө оруулалттай "Эф Жи Пи Эм" компани нь жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ч.Энхтайван нь компанийн 50 хувийн хувьцааг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан.

Мөн 8087…дугаараас "Токио инн" зочид буудлын эзэн гадаадын иргэнийг улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нь хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэжээ.

Монгол Улсаас гадаадын иргэдийг хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн, зөвшөөрлийн хугацаа дууссан, түр ирэх визний бүртгэлийг хоёроос дээш зөрчсөн үндэслэлээр албадан гаргадаг. Өнгөрсөн 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 27-ныг хүртэл нийт 15 орны гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагын 143 иргэнийг хилээр албадан гаргасан. Тэдний 55 хувь нь оршин суух хугацаа нь дууссан ч хилээр гарахаас зайлсхийсэн, 30 хувь нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, 27 хувь нь шүүхийн ялаас чөлөөлөгдсөн, гурван хувь нь түр ирэгчийн виз хэтрүүлсэн бол нэг нь үндэсний аюулгүй байдлын эсрэг мэдээлэл гаргасан байна. Энэ үндэслэлүүдэд шалгалт хийнэ. Төлбөр авагч гадаадын иргэдэд холбогдох 144 баримт бичгийн 43.4 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай төлбөр төлөгч хуулийн этгээдийн 589 тэрбум төгрөгийн 931 баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг зохион байгуулсан.

Их үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэдэггүй байдлыг өөрчилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Бид үүнтэй холбоотойгоор хуулийн төсөл өргөн барьж байгаа. Нийт шийдвэр гүйцэтгэлийнхээ 30 хувийг ч хэрэгжүүлээгүй байна.

АЖИЛЛАГААНД БАЙГАА ХЭРГҮҮД

  • Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулах замаар Японы хөрөнгө оруулалттай "С" компанийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт эзэмшиж байсан 83 га талбай бүхий газраас өөрсдийн хамаарал бүхий иргэдийн үүсгэн байгуулсан "Н" компани болон "М" компаниудын нэр дээр нийт 32 га талбай бүхий газрыг эзэмшүүлж хахуульд авсан байж болзошгүй. Иргэн Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг дараагаар А.Г гэдэг хүний хамааралтай компани руу шилжсэн. Орон сууцны барилга баригдсан. Японы нэр хүндтэй компани барилга барьж байтал Монгол Улсын иргэд булааж авсан. Бид ийм хууль шүүхийн байгууллагатай байхаар яаж шударга ёс тогтох вэ. Японы компани дампуурч, эзэн нь нас барсан байдаг.

Газар эзэмшигч нарын талаар 2014 оны аравдугаар сарын 16-нд "М" компанийн нэр дээр 8.1 га газар, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд "З" компанид 2.8 га, "Э" компанид 3.3 га газар, 2017 оны аравдугаар сарын 16-нд "С" компанид хоёр га газар, "М" компанид 23 га газар, "К" компанид 0.2 га газар, "Н" компанид 10 га газар, "С" компанид хоёр га, "У" сургуульд хоёр га газар, 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд "С" компанид 2.4 га газар, "Т" компанид 2.9 га газрыг тус тус шилжүүлсэн. Эдгээр хүмүүс төлбөрөө шилжүүлж авсан учраас буруутгахгүй.

  • "З" компанийн захирал Б нь Дорнод аймгийг Дэлгэрэх сумын нутагт ашигт малтмалын МY-01…дугаарын зөвшөөрөлтэй талбайд үйлдвэр шинээр барих, зам тавих, тээвэр, холбоо харилцааг сайжруулах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх зорилгоор Ирландын Вант улсын иргэн М-ийн Малайзад бүртгэлтэй "G-Limited" компанитай 2015 оны долдугаар сарын 23-ны өөр "Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баримтжуулах гэрээ"-г байгуулан 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан боловч гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулалгүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан. Холбогдогчоор Монголын иргэн Б, Ц, Э нарыг татаж, Б нь 2019 онд хилээр гарч, орго зайлсан бол компаний захирал Э, нягтлан бодогч Ц  нарын үйлдлийг тусгаарлан 2022 оны есдүгээр сарын 6-нд шүүхэд шилжүүлжээ. Хохирогч иргэн Ирландын Вант улсын иргэн М би Н.Буянтогтох гэж хүнд 19 сая ам.доллар бэлнээр өгсөн энэ мөнгө байхгүй болсон. Энэ хүний хилийн хоригийг тавиулж, АНУ-руу гараад явчихсан.
  • Б гэдэг аймгийн Засаг дарга М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гадаадын хөрөнгө оруулалттай "Э" компанитай 2021 оны долдугаар сарын 20-нд …. дугаартай 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх "Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулан бусдад давуу байдал бий болгосон байна. Холбогдогчоор Монголын иргэн М-ийг татан гэрээний дагуу орон нутагт 2021 он 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Х" НҮТББ-аар дамжуулан хийсэн нөхцөл байдал тогтоогдсон хэргийг шалгаж байна. Тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа нэг улстөрч "Э" компанийн лиценцийг цуцлуулах гээд туслахаа явуулсан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эхлээгүй байхад үйл ажиллагааг нь зогсоож байна.
  • Монгол Улсын иргэн Өмнөговь аймагт нүүрсний уурхай чиглэлээр холбогдох зөвшөөрлийг авах явцдаа "А" компанийн гүйцэтгэх захирал Н-ээс 6.3 тэрбум төгрөгийг авч, үүнээс 4.1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон.
  • Монголын иргэн А-д холбогдох хэрэгт шүүх шинжилгээний эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай "Б" гэдэг компанид 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэг бас шийдэгдэхгүй байгаа.
  • Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцаж байсан Хятадын Б иргэн тус компанид  итгэл эвдэж, хуурах замаар их хэмжээний хохирол учруулсан. "Ж" компанийн гүйцэтгэх захирал Хятадын иргэн В-тэй Монголд нүүрс экспортоор гаргахаар тохиролцож, 2021 оны есдүгээр сард "Ж" компаниас нүүрс борлуулсан төлбөр авч, залилсан болохыг тогтоосон.Мөрдөн шалгаж, шүүхэд шилжих гэж байна.
  • Хятадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч залилсан. Хятадын иргэн У иргэн С-ээс Дашинчилэн-Орхоны гүүр чиглэл болон Өлзийт-Мөрөн-Тариалан сумыг холбосон төгсгөлийг хийхээр 120 км замын концессыг хийлгэхээр Хятадын Хөгжлийн банк шаардлага хангах үүднээс Монгол дахь "С" компанийн 51 хувийн хувьцааны эрхийг түр шилжүүлэн, нөхөн олговор авах боломжтой гэж зохиомол байдлыг үүсгэж, залилсан. Ингэхдээ хотын төвөөс машинд суулгаж, хотын зах руу гарч хоёр хятад иргэн монгол иргэдийг ашиглан зодож байгаад гарын үсэг зуруулсан байсан. Энэ хэрэг гараад нэг жил гаруй болж байна.
  • Монголд үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрийн менежер ажилтай Хятадын иргэн С нь Монголын иргэнээс мах худалдан авч хамтран ажиллахаар нийт найман удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө авч залилсан.

"А.ГАНСҮХИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД "СУРУГА МОНГОЛ" КОМПАНИЙН ХУВЬЦАА ШИЛЖСЭН"

Мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Эдгээр хэргийг хурдавчилж, хэрэгсэхгүй болсныг нь дахин сэргээх талаарх албан бичгийг явуулна. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэн талаар мэдээлнэ. Над руу нэг дугаараас ярьж, дарамталсан асуудал байгаа.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүхийн хамаарал бүхий компанид "Суруга Монгол" компанийн хувьцаа шилжсэн юм билээ.Тэрнээс хойш хэд дамжсан юм бүү мэд. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй бол бид шударга ёсны талаар яриад хэрэггүй. Бид япончуудаас, гэр бүлийнх нь өмнөөс зарим хүмүүс уучлалт гуйх ёстой. Би энэ хэргийг хурдан шалгаач гэдэг албан бичиг өгсөн. Хууль бус байшин барилга авсан бол хураан авч, улсын орлого болгох ёстой шүү дээ.

Хоёр хүүхэд, долоон машин мөргөж, хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ганц хоёр ажиллагаа хийж, прокурорт шилжүүлэх гэж байгаа гэсэн. Энэ хэргийг хаалгахгүй нь тулд ажиллаж байна гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргыг байгууллагад гарсан зөрчил дутагдлыг арилгахаар зохион байгуулалттай арга хэмжээ авч, ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Буянбат гэдэг цагдаагийн хурандааг томилсон. Хуулийг нь УИХ-д өргөн барьсан. Ирэх арванхоёрдугаар сард батлагдвал бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2022-10-28 66.181.189.145

Тас няс хийсэн дайин хуулийн сайдтай. Хэрэгждэг тас хийсэн хуультай ёс зүйт шударга аливаад хий нь гарч.нүдний хор нь арилсан шударга төлөв түвшин зоригтой шүүгчидтэй байвал энэ элбэгдорж мэтийн МОНГОЛЫН ДАЙСАН бузаруудаас салж УЛС НИЙГЭМ маань цэвэршин зөв гольдролдоо орох амархан байна даа.
Монгол оронд сэтгэлгүй харь сэтгэлт Монгол оронд хоноцийн сэтгэлээр хандагчид МОНГОЛ ОРНЫГ шуудай шуудай мөнгө болгон харагчид л бүх муу муухай болгоныг хийж самарсан хамгийн аюулт дайснууд байна.

Avatar

Зочин 2022-10-28 66.181.189.145

Нэхмэлийн үлдвэрийг хувьчлал нэрийн доор үгүй хийж хамаг машин тоног төхөөрөмжийг нь төмрийн хог нэрээр хятад найзууддаа өгч олон олон ажилчид ИТА-г ажилгүй болгож сүйтгэсэн энхтайван гэгч паразит хаана явна аа

Avatar

Зочин 2022-10-28 66.181.182.72

Чинийх удахгүй ил болох байх даа кккк

Avatar

Zochin 2022-10-28 66.181.187.174

Sain l yum bishuu yagaad umm har pr hiigeed bgaam bol

Avatar

Зочин 2022-10-28 66.181.182.83

Нямбаатар аа ард түмэн чиний талд шүү, амжилт хүсэе.

Avatar

Зочин 2022-10-28 66.181.182.83

Энэ хэргүүдийг зоригтой шийдэж хариуцлага хүлээлгэ, ард тзмэн сайдын талд шүү.

Avatar

Ганболд 2022-10-28 202.9.46.87

Яамдууд ЯАМ шиг, Сайдчууул нь САЙД мэт болох цагт л МОНГОЛЫН ИРЭЭЛҮЙ ГЭРЭЛТЭНЭ л дээ! 🇲🇳😍🇲🇳

Avatar

Зочин 2022-10-28 203.91.115.37

Энэ шинэ гарсан хууль нь гэж ёстой нохойн баас болжээ. Бага байхад сургуулийн модон жорлонд ороод ханан дээрээс А+Б=Love, Ятол гэх мэт балай үгсийг уншдаг асан. Яг л тэр гэсэн үг.

Avatar

Зочин 2022-10-28 202.55.188.118

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая! !

Avatar

Зочин 2022-10-28 66.181.160.29

дээрэмдсэн хөрөнгийг нь хураагаад цэцэрлэг сургууль болго тэгвэл ард иргэдийн санаа жаахан ч болтугай тайвширах байх

Avatar

Хүний нэрийг үсгээр нуухгүй! 2022-10-28 103.26.195.102

Мөрдөн байцаалтын нууц гэдэгт уг хэргийн талаар дэвшүүлсэн сэжиглэл, хэрэг шалгах арга тактик, ямар нотлох баримт байгаа, гэрчийн мэдүүлгийн агуулга, ямар гүйцэтгэх ажиллагаа хийх, гэрч, хохирогчийн хувийн мэдээлэл г.м. мэдээ сэлт хамаардаг болохоос бүгдийг таг битүү хаахыг нууцлах гэдэггүй юм!!! Жишээ нь: гэмт хэргийн үйлдэл (ямар хэрэг гарсан), уг хэргийг үйлдэж байгаад газар дээрээ баригдсан этгээд, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтны нэр г.м. нууцлах ёсгүй!!

Avatar

Цогтэрдэнэ 2022-10-28 103.5.140.187

Ч. Энхтайван гэж болжмор гэж дээрмээ хийсээр л яваа юм уу ?
Наад новшоосоо бүх лицензийг хураагаач
Зүгээр хүний лиценз дээрэмдэж дамлаж хулгай луйвар бүх юмыг хийж явдаг нийгмийн шаар ш дээ
Нямдорж нэг хандыг нь дарсан одоо Нямбаатар нэг дарсан нь дээр байхаа .

Avatar

Цогт- эрдэнэ 2022-10-28 103.5.140.187

Ч. Энхтайван гэж болжмор гэж дээрмээ хийсээр л яваа юм уу ?
Наад новшоосоо бүх лицензийг хураагаач
Зүгээр хүний лиценз дээрэмдэж дамлаж хулгай луйвар бүх юмыг хийж явдаг нийгмийн шаар ш дээ
Нямдорж нэг хандыг нь дарсан одоо Нямбаатар нэг дарсан нь дээр байхаа .

Avatar

f 2022-10-28 66.181.160.114

ардчилалын баг зүүсэн хүмүүсын хэрэг илэрч байгаа юм болов уу

Avatar

Зочин 2022-10-28 202.126.89.54

САЙН САЙХАНЫГ МУУ МУУХАЙ НЬ ДИЙЛЭЭД Л БАЙВАЛ ХҮН ТӨРЛӨХТӨН МӨХНӨ ГЭЖ БУДДА АЙЛДСАН ЮМ БИЛЭЭ… 👌 БУРХАН ТЭНГЭР ГЭЖ БГА БОЛ БҮХНИЙГ ЗӨВ ШУДАРГААР НЬ ШҮҮХ БАЙЛГҮЙДЭЭ 🙏

Avatar

Дорж 2022-10-28 192.82.66.41

Сайдын яриагүй мэдээллийг оруулж буруу ойлголт нийгэмд төрүүлсэн мэдээлэл байна шүү

Avatar

Зочин 2022-10-28 202.126.89.70

Tom, jijiggui luivarchid, gol gargagchid boloo shiv dee. End comment bicheed bgaa arduud hed ni zeel, oroo tolohgui murij yavaa bol

Avatar

Зочин 2022-10-28 202.21.117.10

үнэхээр тийм юм бол тэгээд ачаач дээ яах гээд байдаг юм

Avatar

Ganaa 2022-10-28 59.153.113.93

Ih l zorigtoi , bas galtai ajil barij abcn ee, ene zaluug hamgaalj demjih heregtei bna daa

Avatar

Zochin 2022-10-28 202.126.89.79

Yamar zorilgotoi iim hudal medeelel hiideg yum bol doo. Neg hun yarij hudal medeelel uguud l teriig n ingej medeelleed l bj bdag. Tsaaguur n uur neg zorilgo bna daa

Avatar

Зочин 2022-10-28 202.126.90.11

Аа тийм байхаа.. Гадуур үнэтэй машин унасан давилуун гарууд зөндөө болоод байсан юм аа …Хулгай дээрмийн мөнгөөр хамгын эхлээд үнэтэй машин л авдаг гэж байгаам шд.. Тааралдсан газраа цонхийг нь хага шаацгаа…!!!

Avatar

Иргэн 2022-10-28 202.126.88.206

Нийтэд ил тодоор сэжигтнүүдийг зарлаад ил тодоор шалгаж, шүүх хэрэгтэй, шагах явцад өрд түмний хяналт оруулна уу, тэгэхгүй бол шүүгч, прокурор, цагдаад итгэх итгэл алга

Avatar

иргэн 2022-10-28 202.21.127.160

Томоохолн хэргүүд жишээ нь Батхүү, Ганзориг, Сугар, Очирхүү нарын standart банкны зээлийн, Хурц, Энхамгалан, Гансүх нарын Япон иргэнийг дээрэмдсэн, Буянтогтох нарын Жонсоныг залилсан, Дорлигжавын 4 сая долларын хэрэг гэх мэтийн хэргүүдийг одоогийн цагдаа, шүүх, прокурор шудрагаар шалгаж чадахгүй.
Иймээс Нямбаатар сайдаа эдгээр болон бусад томоохон хаагдсан хэргүүдийг шалгах УИХ-ын онцгой комиссыг байгуулах тогтоолыг их хуралд оруулж батлуулах хэрэгтэй
Ажилд чинь амжилт

Avatar

Харамсал 2022-10-28 66.181.184.167

Хөөрхийдөө насан өндөр болсон Япон улсын иргэний унтаж байсан дэвсгэр доороос хар тамхи гарч ирэхээр яаж сандарч мэгдсэн болдоо. Шунал тачаал өнгө мөнгө гэж эцсийн эцэст хүн биш адгуус болгох юмдаа.

Avatar

Зочин 2022-10-28 66.181.182.83

Энэ нэгжлэг хийх хүмүүсийг камерын дор эхлээд нэгжиж шалгаж баримтжуулж баймаар юм байна даа.

Avatar

mgl 2022-10-28 192.82.87.100

Mongold bolj butej baigaa yum baina uu? Bugd avilgachid, bugd hulgaich bolchihson yum uu? Ene uls suirlee.

Avatar

Зочин 2022-10-28 124.158.107.35

Шүүхээр шийдэгдэхгүй байгаа нь луйвардсан мөнгөөрөө шүүхийг хахуульдаад гэмгүй явцгааж байгаа

Avatar

Иргэн 2022-10-28 192.82.75.223

4 сая ам.доллар дансанд шилжсэн баримт нь байхад мөрдөн байцаалтаар хэрэг тогтоогдоогүй гэдэг чинь юу гэсэн үг вэ??? Хуулийнхан холбогдсон болохоор тэр үү???

Avatar

Зочин 2022-10-28 192.82.84.142

яасан мундаг юм бэ

Avatar

Зочин 2022-10-28 66.181.160.96

дэмжиж байна тэр хулгайч нарын хүзүүг хугалах л хэрэгтэй

Avatar

БИ 2022-10-28 192.82.64.153

Амжилт хүсье улам их сайн ажиллаарай ард түмэн харж байгаа улс орноо хөгжүүлэх хэрэгтэй тэгж байж ар иргэд амар тайван сайхан амьдарна

Avatar

Зочин 2022-10-28 66.181.160.42

хурц юу болсон

Avatar

Зочин 2022-10-28 103.26.195.102

Нямбаатар аа! 1-рт, "хэрэг хаах" гэдэг нэр томъёо, ойлголт байхгүй; 2-рт, гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироодог гол этгээд нь цагдаа шүү дээ!! Гэтэл Цагдаагаас мэдээ авахаар чинь ямар хэрэг байх вэ дээ?? Тэр ирүүлсэн мэдээг нь хар л даа: ихэнх хэргийг "хаасан", хэрэгсэхгүй болгосон байгаа биз дээ??!! Ийм байхад гаднаас ямар дурак ирэх вэ дээ?? Харин энэ асуудлыг ХЗДХЯ-наас тоот явуулах аргаар биш, Улсын Ерөнхий прокурорт өөрт нь биечлэн хариуцуулж шалгуулах нь зүйтэй!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж