Сүүлийн хэдэн жил дарагдсан байсан сүрьеэ өвчний тохиолдол, тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар дэлхий дахинд огцом нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн 2021 онд дэлхий дахинаа 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилсөн нь жилийн өмнөхөөс 4.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 450 мянга орчим нь эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол уг өвчний улмаас 1.6 сая хүн нас барсан байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 2020 онтой харьцуулахад 3 хувиар өсчээ.
Сүрьеэтэй тэмцэх төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Мел Спигелман хэлэхдээ, "2020 онд "COVID-19″ цар тахал гарснаас болж сүрьеэгийн эсрэг хийсэн 10 гаруй жилийн үр дүн үгүй боллоо" гэжээ.
Сүрьеэ өвчин нэмэгдэж байгаад ДЭМБ ч "COVID-19" цар тахлыг буруутгаж байна. Цар тахлаас болж сүрьеэг илрүүлэх, эмчлэх үйл явц олон улсад тасалдсан аж. Халдварлах өндөр чадвартай өвчнийг илрүүлэх боломж хумигдсанаар халдвар авснаа мэдэхгүй олон хүн бусдад халдвар тарааж байна гэж үзэж байна. Мөн цар тахлын хөл хорио, хязгаарлалт зэрэг нь сүрьеэг эмчлэх явцад ч саад болсон аж. Тухайлбал, сүрьеэгээр өвдөн эмчлүүлж байгаа хүмүүс цар тахлын халдвар авахаас эмээн эмнэлэгт очихгүй байснаар эмэнд тэсвэртэй сүрьеэг үүсгэж, өвчнөө хүндрүүлэх нь нэмэгджээ.
Сүрьеэ бол "COVID-19"-ийн дараа орох үхлийн аюулт халдварт өвчин. Уушгийг өвчлүүлдэг бактериар үүсгэгддэг сүрьеэ өвчин нь агаар дуслын замаар халдварладаг. Бүртгэгдсэн тохиолдлуудын 95 гаруй хувь нь хөгжиж буй оронд гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ