Замын хөдөлгөөнд саад учруулдаг, дүрэм зөрчдөг жолооч нарыг мэдээллэх зорилготой “E-Police” гар утасны аппликейшн 2018 онд хэрэглээнд нэвтэрсэн. Хэдий хүмүүсийн гарт хүрээд дөрвөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч сүүлийн үед тус аппликейшн тун эрэлттэй байна. Учир нь “E-Police”-д зөрчил илгээвэл зөрчил бүрт дөрвөн мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг холбогдох албаныхан ярилцсан гэх мэдээллээс үүдэлтэй. Олон нийтийн дунд хэрүүл, талцал дагуулсан энэ асуудал албажаагүй. Одоохондоо яриа төдий байгаа ч иргэд бусдын зөрчлийг илрүүлэхэд ёстой л "бурууд нүд хурц" болж байх шиг ямартай нь нэг өдрийн дотор хандалт нь эрс өсчээ. Нэг талаар иргэдийн үүргийг сануулж, олон нийтийн хариуцлалыг идэвжүүлж буй ч нөгөө талаар хэн нэгнийгээ матах хэлмэгдүүлэхэд хүргэх вий гэсэн болгоомжлол ч байна.
“E-Police аппликейшн одоогоор урамшуулал олгож эхлээгүй байгаа. Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлээр тус аппликейшнаар зөрчил ирүүлсэн тохиолдолд урамшуулал олгох тухай дагалдах журмыг боловсруулах үүрэг даалгавар өгсөн. Одоогоор журам боловсруулагдаж байна. Журам эцэслэж гараагүй учир урамшуулал олгох механизм хэрэгжиж эхлээгүй байгаа” гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбарласан юм.
Урьд нь өдөрт дунджаар 600 орчим зөрчлийн мэдээлэл “E-Police”-оор дамжин ирдэг байсан бол урамшуулал олгоно гэх мэдээлэл гарсны дараа өдөрт дунджаар 4 мянган болж өссөн гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний сураг сонссон иргэд зөрчлийн мэдээлэлд идэвхтэй хандах болсон байна.
“E-Police” аппликейшн өнөөдрийн байдлаар нийт 36 мянган хэрэглэгчидтэй. 2018 оноос хойш 141 мянган тээврийн хэрэгсэлд энэ аппликейшнээр дамжуулан хариуцлага тооцсон гэх мэдээ байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар 200 нэгжээс доош хэмжээний торгуультай зөрчил илрүүлэхэд үр дүнтэй оролцсон иргэнд 20 хувийг нь, 200 нэгжээс дээш тохиолдолд 10 хувийг нь буцаан олгох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаагүй шалтгаан нь дагалдах журам батлагдаагүй байжээ. Харин журам нь гарсны дараа Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор урамшуулал олгодог тогтолцоо нь бүрэн хэрэгжих аж.
“E-Police”-той холбоотойгоор иргэд янз бүрийн л байр суурь илэрхийлэв. Нэг хэсэг нь тоглоом, шоглоом маягаар хөнгөхөн элэглэж байхад нөгөө хэсэг нь зогсоолын асуудлаа шийдэж чадаагүй төр, засгийг буруутгаж байгаа харагдана.
Иргэн н.Мэндээ зогсоолын асуудлаа шийдээгүй байж торгуулийн арга хэмжээг чухалчилж байгааг буруутгасан юм. Тэрбээр “Зогсоолоо шийдэж чадаагүй байж торгуулиар иргэдээ айлгаж болохгүй" гэв. Тэгвэл өөрийгөө Төгөлдөр гэж танилцуулсан залуу "Уг нь зорилго нь зөв. Явган хүний зам дээр машин тавьснаар хүний амь насанд эрсдэл учрах асуудал яригдах нь зөв. Гэхдээ Монгол шиг авто машины зогсоолоо шийдээгүй газар хэт дөвийлгөх нь буруу юм шиг санагдсан. Сайны хажуугаар саар гэгчээр муу хүмүүс чинь хүний алдаан дээр ажлаад байна. Хүний амьдралыг улам муутгаж, стресдүүлэх хэрэггүй” гэж шүүмжиллээ.
Иргэдийн дунд уг аппликейшныг утсандаа суулгахгүй гэх хүмүүс ч байлаа. Н.Ганбилэг энэ талаараа тайлбарлахдаа "Надад бол таалагдахгүй байгаа. Зогсоолын асуудлыг шийдэх талаас нь бус мөнгөгүйгээр нь далимдуулаад байх шиг санагдсан. Нэгийг нь торгоод нөгөөд нь торгосон мөнгөнөөс нь шимтгэл өгнө гэдэг буруу. Би тэр аппликейшнийг татахгүй" гсэн бол н.Хоролбат ашиглаж үзнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Ашиглаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар бусдыгаа матаж, барьж өгөөд байна гэсэн. Ашиглъя гэсэн бодол байна” гэлээ.
Б.Сүхбат ийм төрлийн аппликейшн байх нь зөв ч зогсоолын асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй гэдгийг дурдсан. Тэрбээр “Манай найз татсан байна лээ. Маш их тренд болж байгаа юм байна. Гэхдээ нэг талдаа зогсоолын асуудал яригдах ёстой. Зогсоол байхгүй учир жолоочид явган хүний зам дээр машинаа тавьж байгаа. Аппликейшн нь бол хэрэгтэй" гэв.
"Замын хөдөлгөөн арай нэг цэгцэрч, дүрэм зөрчиж байгаа хүмүүс арай гайгүй болох байх. Нөгөө талаасаа хүмүүсийн ухамсарт нөлөөлнө. Бие биенийгээ матдаг, бараан болж буй нийгэм улам бараан болчих вий гэдэгт санаа зовж байна"
Харин мэдээлэл өгсөн иргэдийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон гэж урамшуулахаар яригдаж байгаа юм байна. Хуульд зааснаар иргэний өгсөн мэдээллийн мөрөөр уг зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулах бол энэхүү торгуулийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог аж.
Холбоотой мэдээ