Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг тус тус бүрдүүлж буй билээ. Энэ агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.
Монголд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй бус, ил тодгүйгээс үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байдаг. Үүний зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш, дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаа юм.
Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр хураамж ногдож буй. Гэвч гэрээгээр тохирсон үнэ зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байгаа билээ.
ЭКСПОРТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ЗОХИЦУУЛАХ ЗАМААР УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Бид энэ удаа “ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ” буландаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг онцолж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэг, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэж заасан.
Монгол Улсын Их хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т "Ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ" гэж заасан.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах” гэж заасан. Эдгээр нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн хууль зүйн үндэслэл болжээ.
Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хууль зүйн яамнаас хамтран боловсруулж буй энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах ээлийн бодит үнэн тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх практик шаардлага тулгарч буйг дурджээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгиг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хянал тавих зорилгоор Ууул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой аж.
МОНГОЛЫН БОРЛУУЛЖ БУЙ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨХ БОЛОМЖ
2023 оны эхний өдрөөс бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдаалах тогтолцоо руу шилжих талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Энэ тохиолдолд бирж дээр олон худалдан авагч орж ирэх, дагаад Монголын борлуулж буй нүүрсний үнэ өсөх боломжтой, мөн элдэв хардлага сэрдлэггүй болох нөхцөл бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид тооцжээ.
Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын хилээр экспортод гарч буй нүүрсний худалдааг ил тод болгох, цэгцлэх арга хэмжээ авах тогтоол гаргасан. Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бүх уурхайгаас нүүрсийг хилийн үнээр зарах зохицуулалт хийж эхэлсэн билээ.
Тухайлбал, уурхай аман дээр 71 ам.доллар/тонн, хил үнээр 129 ам.доллар/тонн үнээр нүүрсээ зарж буй бөгөөд дундын зөрүү нь тээвэрлэлттэй холбоотой юм.
Статистик мэдээллээс харахад, Монгол Улсын банкны системд экспортолсон нүүрсний хэмжээний дүнгээс 2-3 дахин бага валютын орлого орж ирж буй. Үүнд нэгд, off-take гэрээгээр буюу урьдчилж худалдсан нүүрс гарч буй, хоёрт, уурхайн амны, хилийн үнэ гэх мэт жишиг болон гэрээний үнэтэй холбоотой зөрүү нөлөөлсөөр байна.
АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО МОНГОЛЫН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААР ДАМЖИН ХИЙГДЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
Долоон бүлэг бүхий хуулийн төсөл батлагдсанаар,
-Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болно.
-Зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдана.
-Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж, улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж, арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болно.
-Арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих таатай нөхцөл бүрдэнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжирснаар техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ.
-Биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болно. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжиж, татварын суурийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Хуулийн төсөл боловсруулагчид арилжааг амжилттай явуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний гарал үүсэл, ангилал, кодчилол, чанарын шаардлага зэргийг нарийн тогтоох, улмаар биржийн ажиллагааг хангах техник, технологи хүний нөөцийн чадавхийг сайжруулах зайлгүй шаардлагатайг дурджээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулна гэжээ.
БИРЖИЙН АРИЛЖААНЫ ҮНИЙГ ХИЛ ЗАЛГАА УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ҮНЭЭР ЗАРЛАНА ГЭЖ ТУСГАЖЭЭ
Онцлох заалтуудаас дурдвал, Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд “Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж заажээ. Дараагийн зүйлд Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй, тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна гэж заасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно гэжээ.
Төслийн 7.5.4-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх шаардлагыг тусгасан байна.
Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана гэжээ. Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрсөнөөр гэрээний үнэ тогтоно.
Хуулийн төслийн 11 дүгээр зүйлд Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал код, чанар стандарт, сорьцын жагсаалтыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална. 11.2-д Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 11.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэж тусгажээ.
Төслийн 26.1-д “Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл (цаашид “маргаан таслах зөвлөл” гэх)-тэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална” гэж заасан байна.
Мөн хуулийн төслийн 27.1-д “Арбитрын хэлэлцээртэй бол зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Холбоотой мэдээ