Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр өглөөний 10.30 цагт Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобус шатжээ. Тодруулбал, гал түймрийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход зорчигч тээвэрлэж явсан автобусны арын моторны хэсэг шатсан байсныг бүрэн унтраасан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл, хохирлыг албаныхны үзлэг шалгалтын дараа тодорхой болно гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж. Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.
Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь. Ингээд нийтийн тээвэр иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлж буй жишээнүүдийг дурдъя.
2022.05 дугаар сар. Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна. Онцгойгийн алба хаагчид урьдчилсан байдлаар автобусны насжилттай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй гэж дүгнэжээ.
2022.06 дугаар сар. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ.
2022.06 дугаар сар. Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ. Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан. Одоогоор автобусанд гал гарсан шалтгаан нөхцөлийг дүгнээгүй байгаа аж.
Холбоотой мэдээ