Аюулын харанга дэлдсэн эмийн үйлдвэрлэл | News.MN

Аюулын харанга дэлдсэн эмийн үйлдвэрлэл

Аюулын харанга дэлдсэн эмийн үйлдвэрлэл

Аюулын харанга дэлдсэн эмийн үйлдвэрлэл

Индонезийн Хүнс, эмийн хяналтын агентлаг хоёр эмийн үйлдвэрийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр хэлэлцэж байна. Тус компаниудын үйлдвэрлэсэн эмнээс болж 2022 онд 140 гаруй хүүхэд нас барсан гэх тооцоо бий. Нас барсан хүүхдүүдийн дийлэнх нь тав хүртэл насныхан юм. Нийтдээ 22 мужид 241 нас баралт бүртгэгдсэний дийлэнх нь буюу 141 нь хүүхдүүд аж. Энэ тухай анхны мэдэгдэл аравдугаар сарын 20-нд гарсан. Хүүхдүүд бөөрний цочмог гэмтэл гэсэн оноштой нас барсныг ханиалганы сиропноос болсон гэж сэжиглээд буй.

“Нэр нь хараахан тодроогүй байгаа хоёр компанид эрүүгийн хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийх нь найрлагатай холбоотой асуудлаар цагдаатай хамтран ажиллана” гэж Хүнс, эмийн хяналтын агентлагийн дарга Пенни К.Лукито хэлэв. Ханиалганы сиропонд бөөрөнд гэмтэл учруулдаг маш хортой нэгдлүүдийн концентраци агуулагдаж байгааг тогтоосон тухай тэр хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Тодруулбал, энэ нь будаг, бэх, тоормосны шингэн үйлдвэрлэхэд ашигладаг диэтилен гликол, этилен гликол  нэртэй аюултай химийн бодисууд байсан.

Бөөрний цочмог гэмтлийн анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сард гарсан. Гэвч сүүлийн гурван сарын хугацаанд тохиолдлын тоо огцом нэмэгдэж, наймдугаар сард 37, есдүгээр сард 81 тохиолдол тус тус илэрчээ. Өвчний бодит тоо үүнээс даруй тав дахин илүү байж магадгүй гэдгийг Индонезийн Эрүүл мэндийн дэд сайд Буди Гунади Садикин онцолсон.

Бөөрний цочмог гэмтлийн улмаас олон хүүхэд нас барсаны дээр аравдугаар сард болсон хөлбөмбөгийн дэмжигчдийн үймээн улам нэрмээс боллоо. Олон зуун хүн нас барж буй энэ эмгэнэлт цуваа ерөнхийлөгч Жоко Видодогийн засгийн газарт томоохон сорилт болж байна. Улс даяар түгшүүртэй байгаа энэ үед ерөнхийлөгч Видодо Эрүүл мэндийн яаманд хандан эмийн үйлдвэрлэлийг шалгахыг үүрэгджээ. Мөн уг асуудлыг шалгах тусгай баг байгуулсан байна. Өдгөө Индонези сироп хэлбэрийн бүх эмийг худалдаалах, жороор олгохыг хориглоод буй.

ГАМБИ

Индонезиэс гадна Африкийн Гамби улсад мөн ижил төстэй тохиолдол гарчээ. Гамбид сиропон эм хэрэглэснээс болж 69 хүн нас барсныг хүүхдийн эмч нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулаад буй. Эндээс дүгнэлт хийвэл үүсээд буй асуудал Индонезийн зохицуулах агентлагууд болон эм үйлдвэрлэгч компаниудаас хальсан ч байж болзошгүй. Хоёр улсад гарсан хэрэг хоорондоо ямар нэг холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Ямартай ч буруутан илүү хол байж магадгүй гэсэн үг юм.

Гамби улсын хувьд анхны нас баралт есдүгээр сард бүртгэгдсэн. Парацетамолын сироп уусны дараа бөөрний цочмог өвчнөөр 28 хүүхэд нас барснаар засгийн газар хэргийг шалгаж эхэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн сиропноос энэ бүхэн үүдэлтэй гэж аравдугаар сард мэдэгджээ. Тиймээс Энэтхэгийн зохицуулагчид ч мөрдөн байцаалтын ажилд гар бие оролцож байна. “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн сиропноос хэт их хэмжээний диэтилен гликол, этилен гликол илэрсэн. Бүтээгдэхүүнүүдийн хувьд Прометазин амны хөндийн уусмал, Кофексмалин хүүхдийн ханиалганы сироп, Макоф хүүхдийн ханиалганы сироп, Магрип-Н хүйтэн сироп байжээ.

Диэтилен гликол, этилен гликол гэсэн бодисуудыг хүн хэрэглэсэн тохиолдолд сэтгэцийн өөрчлөлт, ходоод базлалт, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн бөөр, элэг, төв мэдрэлийн системийг гэмтээх аюултай.

Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо хяналт шалгалт явуулсны эцэст Харьяна муж дахь үйлдвэрлэлийн байгууламжид зөрчил илрүүлсэн. Тиймээс аравдугаар сарын дундуур “Maiden Pharmaceuticals”-ийн бүх үйлдвэрлэлийг зогсоожээ. Гамби улсад борлуулагдаж байсан бүтээгдэхүүнүүдийг Харьяна дахь үйлдвэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн болох нь тогтоогдсон. Харин тус үйлдвэрийн захирал Нариш Гоял хэлэхдээ “Нас баралт бидний үйлдвэрлэсэн ханиалганы сиропноос бус парацетамолын сиропноос болсон” гэжээ.

Энэтхэгийн эмийн зохицуулалтын хууль тогтоомж хангалтгүй байдаг гэж тус улсад мансууруулах бодисын зохицуулалтын талаар судалгаа хийдэг хуульч Прашант Редди хэлсэн. Энэтхэгт эмийн үйлдвэрлэл нь маш чухал аж ахуйн нэгж гэж тооцогддог. Тэдний олонх нь илүү нэгдсэн тогтолцоог бүрэн эсэргүүцэж буй. Учир нь нэгдсэн тогтолцоо, чанга зохицуулалт бий болсноор эмийн үйлдвэрүүдийн өртөг нэмэгдэх юм.

Гамби улсад одоогоор эмнүүд аюултай эсэхийг шалгах лаборатори байхгүй учир гадны улс руу дээж явуулж, шалгуулах шаардлагатай байгаа аж. Гэхдээ удахгүй ийм лаборатори нээхээр төлөвлөж байгаа гэж тус улсын ерөнхийлөгч Адама Барроу өнгөрсөн долоо хоногт хэлсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар дөрвөн бүтээгдэхүүнийг албан бус зах зээлээр дамжуулан өөр олон улсад тараасан байж болзошгүй.

Нас баралтын тоо өдгөө анхаарал татахуйц, аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд хүрээд буй боловч 2019, 2020 онд ч бас ижил төстэй үйл явдал болж байв. Энэтхэгийн Кашмир болон Жамму мужид ханиалганы сироп уусны улмаас 14 хүүхэд тухайн үед нас баржээ. Тус бүтээгдэхүүн нь “Digital vision” компанийн үйлдвэрлэсэн “Coldbest PC” ханиалганы сироп байсан юм. Жамму ба Кашмирын цагдаагийн газар тус компанийг яллагдагчаар татаагүй байгаа бөгөөд шүүх хурал нь хүлээгдэж байна. Харин Нигери улсад 2008-2009 оны хооронд 84 хүүхэд диэтелин гликолын агууламжтай сиропноос болж нас баржээ.

Энэ үйл явдал эцэг эхчүүдэд сургамж болж буй ч хариуцлагын хамаг хүндийг төр үүрэх ёстой гэж үзэж байна. Аливаа эмийн бүтээгдэхүүн улсын хилээр орж ирэхээс өмнө хэрэглэхэд тохиромжтой эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, AL JAZEERA, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2022-10-28 103.229.120.18

Em hangamj huvid shiljseneer bidend mash tom ayul bii bolson. Mash muu em iheer zarddag bolood uvchin edgehee baisan.

Avatar

Болд 2022-10-28 66.181.161.16

Энэ сиропууд Монголын бүх эмийн сангуудад битүү зарагдаж байгаа шүү дээ, улны сайд улаа шагайгаад завгүй байх хооронд баахан хямд хор их хэмжээгээр орж ирсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж