Анатолий Собчак нь Санкт-Петербург хотын даргаар ажиллаж байсан бөгөөд 1990-ээд оны үед Путин түүний орлогч байжээ. Собчакийн охин Ксения Собчакийн гэрт Оросын мөрдөн байцаагчид өчигдөр /2022.10.26/ нэгжлэг хийсэн байна. Энэ үйл явдал улс төрийн хүрээнийхний дунд шуугиан тариад байна.
40 настай телевикийн од Собчак нь Путиныг байнга шүүмжилдэг байжээ. Гэсэн хэдий ч түүнийг Крмельд үйлчилдэг гэж сөрөг хүчний олон зүтгэлтэн буруутгадаг. Тухайлбал, Собчак 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Тэрбээр дөрөвдүгээрт жагссан бөгөөд Собчак нэр дэвшсэн нь сонгуулийг ардчилсан өнгө аястай болгох гэсэн Путины арга гэж шүүмжлэгчид үзсэн юм.
Собчакийн тансаг байшин Москвагийн захын дүүрэгт байдаг. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кирилл Сухановын хууль бус үйлдлийг шалгах зорилгоор Собчакийн гэрийг нэгжсэн гэж мөрдөн байцаагчид мэдэгджээ. Сухановыг бусдын эд хөрөнгө дээрэмдсэн хэргээр буруутгаж буй. Харин Собчак энэ хэргийг няцаасан бөгөөд хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох гэсэн эрх баригчдын оролдлого гэж хэлжээ.
Мөрдөн байцаагчид Собчакийг Сухановтой хамтарч, залилан мэхлэх ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байна. ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр Собчакийн эх орноосоо зугтсан гэж мэдээлсэн. Тодруулбал, Собчак эрх баригчдыг төөрөгдүүлэхийн тулд Дубай, Туркийн билет захиалсан боловч Беларусь руу явж, тэндээсээ Литва руу явсан гэв. Собчак чухам хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Тэрбээр Оросын баячууд, хүчирхэг хүмүүстэй ойр дотно харилцаатай байдаг. Собчак инстаграмд 9.4 сая дагагчтай бөгөөд нэгэн цагт Оросын Парис Хилтон гэж нэрлэгдэж явжээ. Түүний гэрт нэгжлэг хийсэн явдал нь Оросын элитүүдэд бүх найдлага тасарсан гэсэн дохиог өгсөн гэж Кремлийг дэмжигч, улс төр судлаач Сергей Марков хэллээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ