Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг ойрын хугацаанд шийдэж чадахгүй “үнэн”-ээ дахин мэдэгдлээ. Тэрбээр үүний өмнө буюу энэ сарын 4-ний өдөр мөн л үнэнээ хэлж, ойрын хугацаанд хотын түгжрэлийг бууруулж чадахгүй, ард түмэндээ худлаа хэлээд яах вэ, түгжрэлийг 5-10 жилийн дотор бууруулна гэсэн бий.
Тэгвэл өнөөдөр (2022.10.27) “Дарга нар замаа татуулж, өөрсдөө түгжрэхгүй явдаг уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би түгжрээд явдаг. Гэхдээ заримдаа маяак (тусгай дуут дохио) татаад ордог, үнэнээ л хэлье. Засгийн газрын хуралдаанд, энд тэнд дуудагддаг. Яармаг явчихвал ирэх гэж хоёр цаг болно. Харин ойрхон бол алхаад явчихдаг" гэж хариулав.
Мөн хотын дарга түгжрэлийг өнөө, маргаашдаа бууруулж чадахгүй "үнэн"-ээ хэлэв. Тэрбээр “Яармагийн түгжрэлийг бууруулахын тулд гүүрэн байгууламж хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийхээр гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад эхлүүлчихсэн. Богд уулын хойд хормойгоор хурдны замтай холбогдож, Яармагийн ачааллыг 50 хувь бууруулах бүтээн байгуулалтын ажил.
Түгжрэлийг илбийн юм шиг шийдчихгүй. Жишээлбэл, Яармагийн түгжрэлийг нийтийн тээврээр шууд шийдчихгүй. Бууруулахын тулд хоёр түвшний огтлолцох гүүрэн байгууламж барих, ухаалаг удирдлагын систем бий болгох, зөрчил гаргасан, торгууль хураамж төлөөгүй зэрэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх мэтчилэн асуудал бүрд хариуцлагын тогтолцоо бий болгож байж түгжрэлийг 5-10 жилийн дотор үе шаттайгаар бууруулна" гэв.
Хотын даргын хэлснээр, нийслэлийн түгжрэл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэгтэй холбоотой 300 гаруй асуудлыг 36 болгож багцалжээ. Үүнээс 27-г нь үндэсний компаниудтай хамтран шийдэхээр ажиллаж буйгаас өнөөдрийн байдлаар 12 нь хэрэгжиж эхэлсэн байна.
Д.Сумъяабаатар “Цаашид үе шаттайгаар төслүүдийг хэрэгжүүлснээр 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд Улаанбаатар хот цахим хот болно. Уг ажлын зардал 23 тэрбум бөгөөд хэрэгжүүлснээр гарах шууд болон дам нөлөөг мөнгөөр хэмжишгүй, энэ бол хөгжлийн хурдасгуур” гэв.
Холбоотой мэдээ