Монгол эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх, зөв санал санаачилга гарган, зөв шийдвэр гаргахад нь туслах, "Маргаашийг бүтээнэ" форум өнөөдөр /2022.10.27/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Үндэсний форумыг "Бриллиант клуб" төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилгын хүрээнд энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах аж.
"Бриллиант клуб" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ё.Нямжав “Энэ удаагийн форумын зорилго нь шийдвэр гаргалт буюу нийгмийг бүтээж байгаа эмэгтэй хүн болгон өнөөдрөөс илүү маргааш зөв шийдвэр гаргаж ахин дэвших боломжийг нэмэгдүүлэх, нийгэм нийтээрээ сайн сайхан байх үндэс суурийг бий болгоход оршино. Манай байгууллага үүсэн байгуулагдахдаа нийгэмд, эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч буй талаар санал асуулга, суурь судалгаа авч түүнийгээ эрэмбэлэн ажилласан.
Судалгаанд оролцсон нийт эмэгчүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн санхүүгийн хүндрэл, гэр бүлийн хүчирхийлэл, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжийн нийгмийн харилцаа, эмнэлгүүд хууль бусаар үр хөндөлт хийж эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг гэх мэт асуудлыг хэлж байсан. Уг судалгаанд тулгуурлан эмэгтэйчүүдэд нийгмийн байр суурь, бизнес эрхлэлт, улс төрийн оролцоо сэдвийн хүрээнд орон даяар салбар хороогоо байгуулан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх цуврал чуулган зохион байгуулан ажиллаж байна" гэв.
Уг форум гурван өдөр үргэлжлэх бөгөөд тухайн өдрийн агуулгыг илэрхийлэх өөр өөр өнгөөр нэрлэж байгаа аж. Эхний өдөр цагаан өдөр "Бриллиант клуб" ТББ болон дүүрэг орон нутгийн салбарын үйл ажиллагаа, гишүүдийн танилцуулгыг хийнэ. Хоёр дахь өдөр ягаан өдөр нь эмэгтэйчүүдийг эрүүл мэнд, гоо сайхан, гэр бүл, бизнес, нийгмийн байр сууриа илэрхийлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулна. Гурав дахь ногоон өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ногоон шошго ба ногоон санхүүжилт” гэх нэрийн дор сургалт зохион байгуулж өндөрлөх юм байна.
Б.НАРАНГОО