Антарктидын далайн хамгаалалтад ОХУ саад болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Антарктидын далайн хамгаалалтад ОХУ саад болж магадгүй

Антарктидын онгон дагшин усны ирээдүйг шийдэхээр олон улсын төлөөлөгчид Австралид хуралдаж байна. Уг хуралд Хятад, АНУ, Европын холбоо тэргүүтэй 27 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд энэ дунд Орос, Украины төлөөлөгчид ч бий.

Энэхүү олон талт бүлгийн хувьд шаардлагатай зөвшилцөлд хүрэх нь асар том сорилт байсаар ирсэн. Ялангуяа гишүүдийн хоёр нь хоорондоо дайтаж, Хятад, барууныхны харилцаа муудаад буй энэ үед зөвшилцөл улам л төвөгтэй болов. Украины нийслэл Киев дэх Антарктидын судалгааны төвийг энэ сард оросууд бөмбөгдөж, хэсэгчлэн устгасан. Судалгааны төвийг сэргээн босгохоор оролдож буй ч нисгэгчгүй онгоцны үргэлжилсэн довтолгоонууд байдлыг хүндрүүлж байна.

Далайн тусгай хамгаалалттай газар нутагт хэт их загас агнуур хийхээс сэргийлэх шинэ дүрэм журмыг байгаль хамгаалагчид шаардсан. Гэвч Орос улс хориг тавих эрхээ ашиглан дүрэм журмын биелэлтэд хаалт тавьж магадгүй байна. ОХУ энэ эрхээ ашиглан олон улсын хэд хэдэн форумд хүндрэл учруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Антарктидын бүс нутагт илүү их анхаарал хандуулж буй. Тиймээс Төрийн департментын нарийн бичгийн даргын туслах Моника Медина тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдөө бүс нутаг руу илгээжээ. “Антарктид бол цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтуудыг давах туулахын тулд бидний тусламж хэрэгтэй байгаа үнэхээр эмзэг хэсэг” гэж Медина хэллээ.

Австралийн Тасманиа арлын Хобарт хотод болж буй эл уулзалт нь Covid-19 цар тахал гарснаас хойших анхны биечилсэн уулзалт болов. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө л Антарктидын далайн амьтдын нөөцийг хамгаалах комисс биечлэн уулзжээ. Уулзалт 14 хоног үргэлжилнэ.

Даваа гаригт хурал нээхэд Оросын төлөөлөгчид үг хэлсэн бөгөөд энэ үед тэднийг ширээний ард суух эрхгүй гэж Украины төлөөлөгч эсэргүүцжээ. “Энгийн хүн ардыг хөнөөж, өөр улсын агаарын болон газрын дэд бүтцийг сүйтгэж, олон улсын эрх зүйн үндсэн зүйл заалтуудыг үл тоомсорлож буй улсын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарлах ёстой” гэж Украины төлөөлөгч Костянтын Демьяненко хэлэв.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж