Covid-19 цар тахал, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн эдийн засгийн идэвхжил удааширч, 2022 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. Ирэх 2023 онд улс орнуудад томоохон сорилт тулгарахыг шинжээчид анхааруулж буй юм. Олон улсын судалгаа, эдийн засгийн төлөв байдлаас харахад, Монгол Улсын гадаад эрэлтийн төлөв таагүй байх дүр зурагтай байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Р.Баярдаваагийн хэлснээр, геополитикийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад эрэлт буурч, худалдааны хязгаарлалт, тээврийн гацаа, хүнс болон эрчим хүчний үнийн хямрал зэрэг нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа ажээ.
Монгол Улсын эдийн засаг 2022 оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар 1.9 хувиар өссөн. Уул уурхай, олборлолтын салбар 3.7 хувиар, үйлдвэр барилгын салбар 0.1 хувиар агшсан. Энэ нь улсын төсвийн орлого бүрэлдэхгүй, алдагдалтай гарах магадлалыг нэмэгдүүлэв. Орлого буурснаас болж зарим санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон Засгийн газрын худалдан авах ажиллагаа зогсох эрсдэлтэй тулгарч буйг эдийн засагчид анхааруулсаар байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засагт “Тэг-ковид” бодлого үргэлжлэх төлөвтэй байгаагаас үүдэн үнийн хөөрөгдөл бий болж, улс орнуудын мөнгөний бодлого чангарч байгаа нь бодит эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна.
Шинэчилсэн төсөөллөөс, ирэх жилийн өсөлтийг өнгөрсөн жилийн эцэст 3.5 хувьтай төсөөлж байсан ч өдгөө 2.7, 2024 оных 2.9 хувьтай байх төлөвтэй байгаа аж. 2021 оны арванхоёрдугаар сард 2022 оны эдийн засгийн өсөлтийн ерөнхий дундаж төсөөлөл 4.6 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 2.8 болж буурчээ.
Манай улсын хувьд нийт инфляцийн 60-70 хувь нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж буй. Цаашид инфляцийг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болно. Монгол Улсын инфляци 2021 оны эхэн үеийнхээс дөрөв дахин өссөн. Үүнд гаднын нөлөөнөөс гадна нэгдүгээрт, шатахуун болон хатуу түлшний үнэ нөлөөлжээ.
Мөн импортын болон дотоодын хүнсний үнэ өндөр өсөлттэй байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж буй. Улирлын шинж чанартай бараа, бүтээгдэхүүний үнийн савлагаа иргэдийн амьжиргаа болон улсын инфляцид чухал нөлөө үзүүлж байгаа тул үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг Р.Баярдаваа захирал онцолсон. Мөн шийдвэрлэх арга нь мөнгө, хөнгөлөлттэй зээл биш бөгөөд нийлүүлэлтийн гинжин хэлхээ бий болгох бодлого барих шаардлагатайг хэлсэн юм.
Төв банк инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөдөг. Гэвч энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд тийм ч хүсүүштэй арга хэмжээ биш. Мөнгөний бодлогын хүү өндөр байх нь банкуудад зээлээ хумих дохио болдог. Зээл хумигдана гэдэг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа хөрөнгө оруулалтаар дутна гэсэн үг. Энэ нь эргээд улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулна. Иймд төрөөс баримтлах мөнгөний бодлого зөв, оновчтой, төв банкны мөнгөний бодлогын хүү зохистой төвшинд байх нь чухал юм.
Төв банк инфляцийг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Он гарснаас хойш бодлогын хүүг 6 нэгж хувиар нэмэгдүүлж, бодлогын тохиргоо хийсэн. Цаашид дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой. Тиймээс бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалт шаардагдаж буй юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд инфляцийг нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр "2023 оны эдийн засгийн бодлогодоо экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн хэмжээнд гаргана гэсэн бодлого барьж байна. Долоо хоногт 150 мянган тонн нүүрс гарч, нэг тонныг 150 ам.доллараар бодож байна. Экспорт нэмэгдээд байгаа хэр нь валютын урсгал бага байна. Экспортоор нүүрс гарч байхад ам.доллар орж ирж байх зохицуулалтыг хийгээд дуусч байна. Ингэх аваас валютын нөөцийн уналтыг зогсоох боломжтой, ханш тогтворжих боломжтой гэж үзэж байна" гэсэн билээ.
Эдийн засагчдын хувьд инфляцийг 2023 онд нэг оронтой тоо буюу 6-8 хувьд хүргэх боломж харагдахгүй байгааг хэлж буй юм. Учир нь гадаад орчны нөцөл байдал, экспортын гол түнш улс Хятадын эдийн засаг удааширч буй байдал зэрэг нөлөөлөх дүр зураг ажиглагдаж байгаа ажээ.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн хэлэлцүүлгийн үеэр инфляци 2023 онд 6-8 хувьд хүрнэ гэдэг амаргүйг хэлэв. Тэрбээр “Үүнд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, гадаад орны хүчин зүйл нөлөөлнө. Мөн манай улсын эдийн засгийн идэвхжлийн асуудал нөлөөлнө. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, түүнийг дагасан эрэлтийн шалтгаантай инфляцийг өдөөх түвшинд эдийн засагт хүчтэй халалт үүссэн асуудал ирэх онд гарахгүй байх. 2022 онд цар тахлын дараах өсөлт байх болов уу. Гурав дахь үндсэн хүчин зүйл нь төсөв мөнгөний бодлого. Төсөв мөнгөний бодлого дээр инфляци руу хандсан гэхээс илүү өөр өөрийн үндсэн зорилго руу хандсан бодлогыг Засгийн газар болон Монголбанк авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Уялдааны хувьд, иргэдийн амьжиргаанд ирж байгаа үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, иргэдийн орлогыг хамгаалах тал руу хандаж байгаа макро эдийн засгийн зорилгоороо эдгээр субъект давхцах нь зөв. Харин төсөв мөнгөний бодлого дээр дурдагдаад байгаа Монголбанкны мөнгөний хатуу бодлоготой уялдуулан, бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа нь шууд нэг нэгнээсээ хараат байдлаар үйл хөдлөл нь явагдаж байгаа мэт харагддаг. Энэ нь хүлээн зөвшөөрөхөөргүй.
Түүнчлэн 2023 онд төсвийн зарлагын тэлэлт инфляцийг бууруулах зорилтод сөргөөр нөлөөнө. Хэрэв болдог бол, бид төсвийг маш өндөр хэмжээнд танасан бодлого явуулаад, мөнгөний бодлогоо хэт хатууруулахгүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөлд илүү зөв хослол болно. Төсөв нийгэм эдийн засгийн зорилтууд нь хөгжлийн бодлоготойгоо уялдсан эсэх нь ойлгомжгүйгээс гадна халамж, цалин хөлс, хөрөнгө оруулалтын тал дээр өндөр зарцуулалт байгаа нь инфляцийн хувьд сөрөг дохио болно” гэсэн юм.
Эдийн засагч Н.Энхбаяр улсын төсвөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь импортыг өдөөхийг анхааруулав. Тэрбээр “Бодлогын уялдаатай байдал чухал. Төсөв, мөнгөний бодлогын цаана маш олон бодлого бий. Эдгээр бодлого уялдсан эсэх нь чухал. Бусад улс орноос ялгаатай нь манай эдийн засаг түүхий эдээс өндөр хамааралтай. Тиймээс манайх бусад улсын эдийн засагтай адилгүй. Маш их савлагаатай байдаг.
2023 онд улсын төсвөөр маш их хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ нь гадаад талдаа импортыг маш их өдөөнө. Тодорхой зорилт гаргаад, ард нь үнийн дүн жагсаачихдаг, нарийвчилсан судалгаа алга.
Хөгжлийн бодлогын суурь хэр тогтвортой вэ гэдгийг харах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд манай эдийн засгийн суурь байнга хөдөлж байна. Эдийн засгийн бүтэц зөв болоогүй. Их хэмжээний экспортоос хамааралтай улсын төсвийн мөнгөний бодлого савладаг учир хамгаалалт хэрэгтэйг олон улсын байгууллагууд бидэнд сануулсаар ирсэн. Манай улсын жил бүрийн орлогоос тогтворжуулалтын төсөв рүү оруулж байгаа мөнгө дэндүү бага. Урсгал төсөв руу зарцуулж буй мөнгө хэтэрхий их байна. Тиймээс бид хуримтлал бий болгох шаардлагатай” гэсэн юм.
Мөн эдийн засагчид инфляцийг бууруулахын тулд төв банкны мөнгөний бодлогын хүү өндөр байх биш, харин бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг бага хүүтэй зээлээр дэмжих ёстойг сануулсаар байна.
Холбоотой мэдээ