Лондон дахь алдарт Мадам Тюссо музейд олон алдартны лааны тосон баримал бий. Тэгвэл тус музей Каньеэ Уэстийн баримлыг олны нүднээс холдуулсан гэж мэдэгдлээ. Өдгөө түүний баримал музейн архивт шилжээд байна. Канье болон Ким Кардашиан нарын лааны тосон баримал анх 2015 онд Мадам Тюссод тавигдаж байв.
Музейн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид олон нийт юу үзэхийг хүсч байгааг харгалзан үздэг. Лааны тосон баримал бүр музейд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг. Бид Каньеэ Уэстийн баримлыг архив луу шилжүүлсэн” гэж хэлжээ.
Канье Уэсттэй холбоотой олон ч маргаантай үйл явдал сүүлийн үед гарсан. Тухайлбал, тэр Парисын загварын долоо хоногийн тайзнаа алхахдаа “Цагаан арьстнуудын амьдрал чухал” гэсэн утга бүхий бичигтэй цамц өмссөн байсан нь олны анхаарлыг татжээ. Түүнчлэн “Adidas” компани түүнтэй хийсэн гэрээ дуусгавар болгосон бөгөөд “Yeezy”-ийн үйлдвэрлэлийг зогсоож, бүх бүтээгдэхүүнийг нэн даруй худалдаанаас хассан байна. Үүнээс гадна Канье твиттер хуудсандаа еврей хүмүүсийн эсрэг сэтгэгдэл нийтэлсэнтэй холбоотойгоор түүний дуу бичлэгийг хийдэг “Universal Music” компани мэдэгдэл хийжээ. “Манай нийгэмд еврейчүүдийг үзэн ядах үзэл байх ёсгүй” гэсэн мэдэгдлийг тэд хийсэн.
Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор түүний тухай баримтат киноны ажил ч бас хойшлогджээ. Канье санхүүгийн хувьд ч хүнд байдалд ороод байна. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор түүний хөрөнгө хоёр тэрбумаас 400 сая ам.доллар хүртэл буурчээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ