Улсаа улстөрчид нь тонож идсэн хамгийн том луйвруудын нэг нь Хөгжлийн банкны хулгай байв. Сангийн сайдын хэлснээр нийтдээ 1.6 их наядын чанаргүй зээлийн 800 тэрбум нь буцаан төлөгджээ. Жилийн эцэс гэхэд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлтийг төвлөрүүлэхээр тооцож байгаа гэх. Ямар ч байсан хууль, шүүхтэйгээ нийлж элбэсний хүчинд Хөгжлийн банк дампуурлаа зарлахаас, Монголд дефольт нүүрлэхээс сэргийлэв.
“Алга болсон” мөнгөний зээлийн түүх, барьцааг нь харвал анхнаасаа хулгай луйвар хийх өөр зорилготой нэгэн байхад экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэр барьж, бизнесээ эрхлэх үндсэн шаардлагад нийцсэн компаниуд ч байна.
“Үхэр өсгөнө” гэж Хөгжлийн банкнаас зээл авчхаад эзэнгүй хэдэн үхрээ орхиод зугатсан нөхөр бол ойлгомжтой, мөнгө луйвардах л гэж санаатай байсан хэрэг. Хөгжлийн банкны асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Сэлэнгийн герефорд" ХХК-д 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон ч тухайн компанийн эзэн нь олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн байгаа” тухай өнгөрсөн хавар мэдээлж байсан.
Тиймээс хэн нь хулгайч, хэн нь бизнес эрхлэгч вэ гэдгийг ялгахгүйгээр адилхан “яллаад, галлаад” явчих юм бол Хөгжлийн банкийг дампуурлаас гаргасан ч, үндэсний үйлдвэрлэлээ, эдийн засгаа нураах эрсдэл бий. Жишээ нь, цементийн хомсдол, үнийн хөөргөдөл байна. Ёстой л “мөв мөрөөрөө” явж байсан цементийн үйлдвэрлэлийг хэтэрхий улстөржүүлнээс болоод улс төрийн төлбөр төлөгчид нь эцсийн хэрэглэгчид, иргэд болсон. Байрны үнэ өнгөрсөн жилээс 20 хувиар өссөний шалтгаан нь үндсэндээ дотоодын улс төр болсон гэсэн үг.
АТГ-аас авсан, өгсөн аль, алийг нь шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа лав найман сар / 2022 оны хоёрдугаар сард зээлэгчдийн нэрсийг зарласнаас хойш тоолбол/ үргэлжилж байна. Одоогоор Хөгжлийн банкны экс удирдлагууд, ганц хоёр бизнес эрхлэгчдийг баривчлан саатуулснаар өөрөөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн алга. Ингээд сүрэг бүтэн, чоно цатгалан үлдвэл Хөгжлийн банкийг анхнаасаа тонох зорилготой хүмүүс нь ял завшиж, тэдэнд чирэгдсэн бизнес эрхлэгчид хохирч үлдэх магадлалтай. Хамгийн гол буруутан нь МАН өөрөө.
2011 онд баталсан Хөгжлийн банкны хуулиар зөвхөн УИХ-аас баталсан төсөл хөтөлбөрүүдийг санхжүүлүүлдэг байсан. Атал МАН засгийн эрхийг авсны дараа 2017 онд харанхуй шөнөөр шахуу Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж байгаад л мөнгө “хусаж” эхэлсэн байдаг юм. Уг ь өгөх хүн гэдийдэг, авах хүн бөхийдөг гэдэг. Гэтэл Хөгжлийн банкин дээр авах хүн нь гэдийгээд, өгөх хүн нь бөхийгөөд явсан тохиолдол ч бий. Х.Баттулгын зөвлөх гэгч “Нью Яармаг Хаусинг прожект" компанидаа 117.9 тэрбумын зээл авахдаа Хөгжлийн банкныхныг өрөөндөө дуудаж авчраад гарын үсгээ зурж байсан тухай хов хоёр ордноос сонсогдож байлаа.
Улстөрчдийнхөө тонож идсэн луйврыг улстөрчид нь шалгана гэдэг учир дутагдалтай. Нэг танхимд сууж байгаа нэг намын, эрх ашиг, эсэн бусын юмаараа холбогдсон нөхдүүд бие, биенийхээ хулгай, луйврыг шалгаж, үнэн зөвийг тогтооно гэвэл үлгэр, үлгэрт. Үлгэр тэгсхийгээд л амарсайхандаа жаргаад дуусах нь ойлгомжтой хойно.
Харин үйлдвэр барих, үндэсний бүтээн байгуулалт эрхлэхээр зээл авсан хүмүүстэйгээ төр хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол Л.Наранбаатарын гараар “Хөтөлий цемент шохой”, А.Ариунболдын гараар “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” дуусгаж болохгүй. Цүнх баригчид, намчид баялаг бүтээгдэггүй юм, баялгийн хувийн хэвшлийнхэн л бий болгодог.
Авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нөхдүүдийг хууль, цагдаагаар нь айлгадаг юм байгаа биз. Харин авсан зээлээрээ үйлдвэр барьж, ажлын байр бий болгож яваа бизнес эрхлэгчдээ айлгаж, дарамтлах нь өрөөсгөл. Эскпорт, импортын гацаа, хилийн хориг, валютын ханшийн өсөлт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалаад хувийн хэвшлийхэн өнөөдөр хоёр гараа өргөх дээрээ тулчхаад байгаа. Тэгэхээр авсан зээлээ зориулалтаар нь ашигласан, ажлын байр бий болгосон, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж буй зээлдэгч нартайгаа хэлэлцээр хийж, зээлээ хэзээ, хэдийг төлж дуусгах талаар ярилцах хэрэгтэй. Төр, хувийн түншлэлийг эндээс л эхлэх ёстой юм.
Үндэсний үйлдвэрлэгчдээ “муусайн феодалууд, хөрөнгөтнүүд” гэж харвал Монголд баялаг бүтээдэг хүн олдохгүй. Товчхондроо бол, нуухаа авч болох ч нүдээ сохлож болохгүй! гэсэн анхааруулга.
Ж.ЭРХЭС