Түүнийг Б /нэрийг нь нууцлав/ гэдэг. Бүсгүй энэ сарын дундуур Гуравдугаар төрөх буюу “Амгалан” амаржих газарт яаралтай дуудлагаар хүргэгджээ. Савны амсар нь дөрвөн хуруу нээлттэй байсан учир хагалгаанд шууд орсон байна. Тэрбээр өмнө нь хоёр удаа хийсвэрээр төрсөн бөгөөд эмчтэйгээ ярилцаад гурав дахь удаагаа хийсвэрээр төрөхөөр болжээ. Гэтэл хагалгаа хийх эмч тариф хэлсэн байна. Тодруулбал, хагалгаанд орохын тулд 500 мянган төгрөг нэхэмжилсэн гэв.
Бүсгүй энэ тухайгаа ярихдаа “Тухайн үед дансаар бус бэлнээр дугтуйнд 500 мянган төгрөг авна гэсэн. Би тэр үедээ мөнгөө өгсөн. Хагалгаанд орох гээд байж байхад “Хагалгаанд найман эмч ордог. Тэр хүмүүст хоосон байж болохгүй байна” гэсэн. Юу хэрэгтэйг нь асуухад “Цалин мөнгө хэцүү байна. Хүний 20-30 мянган төгрөг өгвөл зүгээр” гэсэн. Ингээд найман эмчид 160 мянган төгрөг өгөхөөр болсон юм. Хагалгаанд орсны дараа нөгөө эмч нь манай ээж болон нөхөр рүү залгаад “Өгсөн мөнгө чинь бага байна. Нэмж өг” гэсэн байна лээ. Тэгэхдээ манай ээж рүү яриад “Бид нарт мөнгө өгөөгүй. Эх хүүхдийн бие муу байна. Бид нар хамаг аргаа барж байна. Хүнд хагалгаа болж байна” гэсэн байсан. Манай ээж нэмээд 300 мянга төгрөг өгсөн” гэлээ.
Бүсгүйн ярианаас харахад нэг сая төгрөгийг эмч нар ил цагаан нэхэж авчээ. Тэгвэл түүнээс өөр хэчнээн хүнээс энэ маягаар мөнгө нэхэж авснийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан бүсгүйтэй хамт хэвтэж байсан эмэгтэйчүүд мөн мөнгө өгсөн байна. Эмч нар эмчлүүлэгчээсээ мөнгө авдаг, авлига авдаг гэх яриа олон нийтийн дунд яригдсаар ирсэн. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол мөнгөгүй хүн үхсэн нь хамаагүй болжээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй, талуудын байр суурийг үнэн бодитой хүргэхийн тулд “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдтой холбогдсон юм. Тэрбээр “Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол санал манай дотоод хяналт, чанарын албанд ирдэг. Би бол эмнэлэг, үйлчилгээгээ хариуцдаг. Надад бол гомдол ирээгүй. Тийм зөрчил гарах ёсгүй. Цалингаа аваад л ажлаа хийж байгаа. Манайд тийм зөрчил харьцангуй гайгүй гэж бодож байна. Сая “Өргөө” дээр асуудал гарсан. “Иймэрхүү юм болж байна, болгоомжтой байгаарай” гэж тоглоом, шоглоом болгоод хүртэл хэлж байлаа. Цаас, хуульчихсан юм бариад явж байвал хүн буруугаар ойлгоно шүү гэж хэлж байсан” гэв.
“Амгалан” амаржих газрын Чанарын албаны дарга Ш.Хангалаас эмч нартай холбоотой гомдол санал хэр их ирдэг талаар асуухад “Манай дээр ямар ч гомдол орж ирээгүй. Эмч, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дагуу хариуцлага тооцно доо. Одоогоор тийм юм ирээгүй л байна. Уг нь манайд эхлээд хандсан бол тодруулах байсан юм. Эхлээд тэр хүнтэй нь, дараа нь эмчтэй уулзаж тайлбар сонсоно. Өргөдөл, гомдол хуультай, шийдвэрлэх хугацаатай. Мөнгө, төгрөгтэй гомдол өмнө нь ирж байгаагүй” гэлээ.
Баянзүрх дүүрэг дэх “Амгалан” амаржих газраар орвол тус эмнэлгийн хүлээн авах болон эргэлтийн хэсэгт олны хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эргэлтийн хэсгийн үүдэнд цай хоол, ойр зуурын зүйлс зөөсөн аавууд харагдана. Тэдний зарим нэгтэй нь уулзаж тус эмнэлгийн эмч, ажилчид мөнгө нэхсэн эсэх талаар сонирхов.
Тэрбээр “Манай хүн хийсвэрээр хүүхдээ төрүүлсэн. Хагалгаанд орсон эмч нарт хоол унд, гар цайлгах юм өгсөн. Эмч, сувилагч нар мөнгө, элдэв зүйл нэхээгүй ээ. Өөрсдөө энэ тал дээр болгоомжтой ханддаг юм байна лээ. Таньдаг хүнээрээ дамжуулан хагалгаанд орсон хүмүүсийнхээ гарыг цайлгасан. Улсын эмнэлэгт төрөхөд барагцаагаар 500-600 мянган болсон байх” гэлээ.
Иргэдийн дунд төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарын гарыг бэлэн мөнгө, элдэв бэлэг сэлтээр цайлгадаг үзэгдэл тогтчихсон гэхэд буруудахгүй. Анхандаа хүмүүс сайн дурын үндсэн дээр, баярласан талархсанаа илэрхийлэн “юм” өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд эмч, сувилагч бүр цэвэрлэгч нь хүртэл мөнгө нэхдэг, гар хардаг болсон гэх. Танилгүй, мөнгөгүй л бол улсын эмнэлэгт аятайхан, хэрүүл уруулгүй, нэхэл гомдолгүй төрнө гэдэг тун хэцүү болохыг цахим орчин дахь хүмүүсийн сэтгэгдэл, зурвас, постоос харж болохоор байна.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн "Ер нь хүмүүс төрөх эмнэлгийн эмч нар мөнгө нэхдэг тухай ярьдаг. Мөнгийг нь өгөхгүй бол бараг орон дээр нь гаргадаггүй юм биш үү. Гэхдээ надад ийм зүйл тохиолдож байгаагүй" гэв. Бас нэг иргэн "Тийм яриа сонсч байсан. Мөнгө л өгвөл хурдан төрүүлж, дэргэд нь санаа тавьж, байдаг гэсэн. Харин мөнгө өгөөгүй бол эмч нь ч орж ирдэггүй юм шиг байна лээ. Би өөрөө бол мөнгө өгч үзээгүй" гэсэн юм.
Харин нэг иргэн "Намайг хоёр удаа төрөхөд л лав надаас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Миний хувьд гар цайлгах, баярласан сэтгэлээ илэрхийлж 100 мянган төгрөг өгч байсан тохиолдол бий" гэдгээ нуусангүй.
Монголчууд "Мөнгө хэдий байвч үхлийг аргалж болдоггүй, өнгө хэдий байвч үйлийн үрийг аргалж болдоггүй" гэж монголчууд хэлдэг. Үнэндээ өнөөдөр мөнгөгүй хүн хэн ч биш болсон. Мөнгөгүй хүн үхэх, төрөх ч эрхгүй болсон нийгэмд бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл, эмч нарын гарыг цайлгахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй болжээ. Саяхан "Өргөө" амаржих газартай холбоотой асуудал дэгдэж, төрөх эмнэлгийн эмч, сувилагч нар жирэмсэн хүнийг мөнгө гэж хардаг тухай дуулиан дэгдсэн. Нэрээ нууцалсан зарим бүсгүйчүүд төрөхдөө мөнгө өгч байснаа хүртэл олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Энэ асуудал хэзээ цэгцрэхийг хүн өвдөхөө ар, өврийн хаалга хайдгаа болих вэ гэж эрүүл мэндийн салбарынхнаас асуух хүн олон байлаа.
Холбоотой мэдээ