“ХОМ гаргадаг алба хаагчид зээл авахыг хориглох юм байна”

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Live“ХОМ гаргадаг алба хаагчид зээл авахыг хориглох юм байна”

“ХОМ гаргадаг алба хаагчид зээл авахыг хориглох юм байна”

 УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.10.27,10.28/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Бусад

17 : 07
2022-10-27

Ш.Адьшаа нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ гишүүн Адьшаа (2 of 2)

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

 -Хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцлаа. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчид зээл авахыг хориглосон ийм зүйл байна. Амьдралд хэр нийцэх вэ? Хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хэд дахин “нугарсан”. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Хувийн жижиг аж ахуй эрхлэх, жижиг гар урлалын зүйл хийх гэдэг юм уу төрийн алба хаагчдын хамаарал бүхий этгээдүүд, гэр бүл үр хүүхдүүд нь ЖДҮ эрхэлдэг айл өрх зөндөө байна. Энэ хүмүүс өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд зайлшгүй ипотекийн зээлээс бусад зээлийг авч таарна. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн алба хаагч сарын 600 мянга, жилийн 6 сая төгрөгийн цалинтай гэж бодвол 80 хувиас нь хэтрэхгүй зээлийг хориглохоор энэ хүмүүс цаашаа яаж амьдрах вэ. Хүмүүсийн амьдралд нөлөөлөх эсэхийг хэрхэн судалсан бэ. Үндсэн хуульд ажил мэргэжлээр нь ялгаварлахгүй гэж заасан мөртлөө “төрд байгаа бол зээл авч болохгүй эсвэл чиний хамаарал бүхий этгээд төрд байгаа бол чи зээл авч болохгүй” гэж төрд ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийг ялгаварлах санаа орчихсон юм болов уу. Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Энэ асуудал ХЗБХ-д хөндөгдөж байсан. Төрийн бүх алба хаагчдыг цалингийн зээл бусад зээлийг хязгаарласан зүйл байхгүй. Жилийн ХОМ нь 80 хувиас дээш гарсан, цалинтай тэнцэх хэмжээний асуудалд зээл олгохыг хориглоно гэж байгаа юм. Түүнээс биш ипотекийн зээл, эрүүл мэндийн зээл нээлттэй. АТГ-аас авсан мэдээллээр төрийн алба хаагч өөрийнхөө мэдүүлсэн орлогоос хэд дахин хэтэрсэн зээл авдаг судалгаа бий. Зээлээр дамжуулж авлигын ашиг сонирхол бий болдог. Үндсэн хуульд заасан хүн бүр тэгш эрхтэй, хөрөнгө мөнгө албан тушаалаар ялгаварлахгүй байх зарчим байгаа нь үнэн. Гэхдээ нийт улсын эрх ашиг хөндөгдөх асуудал байхыг үгүйсгэхгүй.

15 : 28
2022-10-27

Зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж байна

Н.Алтанхуяг

 “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-“Эрдэнэт” үйлдвэр дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж, хууль журам байхгүй, албан тушаалтны үзэмжээр явуулдаг учраас энэ асуудлаар эрх зүйн орчин хэрэгтэй. Зэсийн хүдрийн овоолгыг ашиглаж, кадотын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хуулийн этгээд байгуулах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын гишүүний хувиар Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

• Хаалттай компани бол Эрдэнэт үйлдвэр, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн хөрөнгө оруулагч хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын үйл ажиллагааг чанд мөрдөх шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компани хэлбэрийг сонгосон. Мэргэжлийн хүмүүстэй яриад нээлттэй хувьцаат компани байгуулах юм бол хувьцаагаа биржээр дамжуулах үүрэг хүлээдэг учраас зөвхөн тодорхой шаардлага хангасан этгээдэд хувьцаагаа эзэмшүүлэх компани нээлттэй компани байх боломжгүй.

• Зэсийн хүдрийн овоолгод барьж байгуулагдах үйлдвэрийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх чадах хөрөнгө оруулагч маань компанийн хувьцааны 33 хувийг тодорхой хугацаагаар эзэмших бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-гоос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид бүрэн өгөх юм.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

"Эрдэнэтийн овоолгыг ашигласнаар иргэд ямар ашиг хүртэх вэ? Хэчнээн овоолго байдаг вэ? Ямар зардалтай үйл ажиллагаа явуулж, ямар хэмжээний ашиг олдог вэ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

-"Эрдэнэт үйлдвэрт 10 овоолго байгаа. Үүн дотроо исэлдсэн хүдрийн овоолго 4, тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго зургаа бий. Исэлдсэн хүдрийн овоолго нь 52.4 сая тонн нөөцтэй. Харин нөгөөх нь 222.2 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэртэй ТӨБЗГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажилласан.

480 гаруй сая ам.долларын үнэ цэнэ бүхий зүйл байна гэсэн тооцоолол гарсан юм. Овоолгоо үнэлэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Овоолгоо худалдах нь зүйтэй гэдэг хувилбар яригдаж байна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
 
-Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц биш УИХ-ын хуулийн хэлтэс гаргах нь зүйд нийцэхгүй Эрдэнэтийн овоолгыг ашиглах тогтоолын төсөл олон асуудлыг хөндөж ил гаргалаа. Зөв шийдвэл сайн жишиг авч ирэхүйц үзэл санаа үүний цаана байна. Уул уурхайн баялгийг яаж улс орны эрх ашиг, орон нутгийн эрх ашгийн төлөө байдлаар шинэ жишиг гаргаж явах вэ. Боломжоо алдсан маш олон жишээ бий. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц биш УИХ-ын хуулийн хэлтэс гаргах нь зүйд нийцэхгүй.
 
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА
 
-Эрдэнэтийн овоолгоос Орхон аймгийн иргэд хувь хүртэх эрхтэй
Эрдэнэтийн овоолгыг ашиглахтай холбоотой боловсруулж оруулж ирсэн тогтоолын төслийг дэмжиж байна. Эрх баригч намын бүлгийн шийдвэрийг дэмждэг, УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халддаг байж болохгүй. Үндсэн хуульд байгалийн баялаг нийт иргэдийн мэдэлд байх зарчимтай. Байгалийн баялгаасаа Орхон аймгийн иргэд хувь хүртэх боломжийг яагаад хааж боосон бодлого явуулаад байна вэ.
 
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
 
-Даргад үйлчилдэг төрийн систем Монголыг дампуурууллаа. Эрдэнэтийн овоолгыг хэрхэн ашиглах талаар санаачилсан тогтоолын төслийг дэмжиж байна. Ер бидэнд энэ төсөл шиг судалгаатай, үр дүн нь бодитой арга замууд зайлшгүй хэрэгтэй болчихоод байгаа. Дампуурсан банкинд Бүрэн эрхэт төлөөлөгч буюу БЭТ томилдог бол хамгийн их баялагтай Эрдэнэс Тавантолгой компанид өчигдөрхөн БЭТ томиллоо. Энэ нь даргад үйлчилдэг хаалттай төрийн систем Монгол Улсыг дампуурал руу түлхэж байгаагийн энгийн жишээ.
 
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 
 
-Хэдхэн олигарх хамаг баялагт эзэн суучихаад монголчуудын 50 хувь ядуу амьдарч байгаа юм.  Алтан дээр суусан гуйлгачин гэж гаднынхан хэлдэг. Ийм том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, цөөн хүн амын 50 хувь нь ядуу амьдарч буйн учрыг ойлгодоггүй. Үүний учир ерөөсөө хэдхэн хүн байгалийн баялагт эзэн сууж дангаар баяжаад байгаад асуудал юм. Үүнийг ярих цаг болсон. Монголчуудын ядуурал хэрээс хэтэрчихлээ.
13 : 02
2022-10-27

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байна

Чуулган Чинзориг Баттөмөр

 Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Сумын тамгын газар ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой хууль орж ирсэн гэж ойлголоо. Суманд улсын хэмжээнд 1300 гаруй орон тоо дутуу байна. Сумын тамгын газрын ТЗ-аар ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч уг танилцуулгад дурдсанаар 600 мянган төгрөгөөр цалинжиж байна. Татвараа төлөөд гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа юм байна. Цалин бага байгаа учраас залуус орон нутагт ажиллахгүй, мэргэжлийн боловсон хүчний дутагдаад орсныг ярьдаг. Энэ хууль таван жилийн нэмэгдлийг ярьж байгаа юм. Тэтгэвэр 500 мянга болчихсон байгаад сумын тамгын газрынхан гал ус бүхий л юманд дайчлагддаг. Үнэхээр ийм бага цалингаар суманд тогтвор суурьшилтай ажиллуулах, төгсөгчдийг суманд очиж ажиллуулахад хүндрэлтэй. Цалингийн шатлалыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээтэй адилхан цалин аваад суманд ажиллана гэдэг хүндрэлтэй.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.БААТАРСАЙХАН:

-Хууль санаачлагч гишүүний хэлсэн тоотой ижил тоотой байна. Цалингийн хэмжээ үнэхээр бага байдаг. Тэтгэврийн доод хэмжээтэй ижилхэн. Ийм цалинтай байгаа тохиолдолд орон нутагт ирж ажиллахгүй байна. Таван жилийн нэмэгдлийг олгоё гэдэгт Төрийн албаны зөвлөл санал нэг байна.

-УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Суманд ажилладаг төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, таван жилд нэг удаа мөнгөн тэтгэмж өгөх асуудал нэг хөшүүрэг болох юм. Гэхдээ бүх юм сайхан болчихгүй. Цалин хөлс, орон байрны нөхцөл муу, суманд ипотекийн зээлд хамрагдана гэж юу байх вэ. Сумын ЗДТГ-т ороход тавьдаг нөхцөл байдал өндөрдөг байдлыг өөрчилсөн. 615 мянган төгрөг гэдэг бол Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тогтоосон дүн юм.

-УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдье гэж байгаа юм. 2023 оноос таван жил гэж тооцох уу, эсвэл одоогоор таван жил ажилласан хүмүүстээ олгох уу.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Сумдын ЗДТГ-т ажиллаж буй төрийн алба хаагчдаас судалгаа авахад тав ба түүнээс жил ажилласан 1539 хүн бий гэсэн тооцоо гарсан. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжчихвэл төсөв яригдаж байгаа учраас 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан, төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл бий болгохтой холбоотой хуулийн зохицуулалт явж байна. Төсөв дагалдуулан өргөн барьсан хуулиудтай уг хуулийг хамтатган хэлэлцэх ёстой. Таван тэрбум шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Төрийн анхан шатны байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг төр шийдвэрлэж байж төрийн дархлааг ярих ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төрийн анхан шатны нэгж байгууллагад ажиллаж буй иргэн таван жил тутамд зургаан сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох нь нэг удаагийн шинж чанартай асуудал. Орон нутагт ЗДТГ-т ажилд орох хүн байхгүй байгаа нь бодит нүүрлэсэн бэрхшээл.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Засгийн газар бол төрийн албан хаагчдын хувьд ажил олгогч нь. Тиймээс төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын баталгаа, ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нь сайжруулахтай холбоотой асуудал нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх ёстой асуудал байдаг. Үе үеийн Засгийн газар төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах цалин хөлсийг нь нэмэгдүүлэх нийгмийн хамгааллыг нь сайжруулах талаар олон арга хэмжээ авч ажилласан. 2023 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, цалингийн шатлалыг шинэчлэх, доод цалинг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчдад 20 хувийн нэмэгдэл олгох зэрэг асуудал орж ирсэн.

Суманд ажиллаж буй эмч нар гурван жилд нэг удаа, багш нар таван жилд нэг удаа, цагдаа онцгойгийнхон таван жилд нэг удаа мөнгөн урамшуулал авдаг. Гэтэл суманд ажилладаг төрийн захиргааны албан хаагчид таван жил тутам нэг удаа мөнгөн урамшуулал авч чадахгүй байгаа юм. 

Тиймээс сумын ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Самар гарсан жил төрийн албан хаагчид “хуйгаараа” чөлөө аваад самранд явж байгаа. Сарын цалин самарнаас олдог нэг өдрийн орлоготой тэнцээд байхад явахгүй яах юм. Амьжиргааны давхар юм хийхгүй амьдрал нь явахаа больсон байна. Ажиллангаа ядуураад байх юм бол төрийн бодлого оновчтой байна уу үгүй юу. Яаж цогцоор авч үзэх вэ. Төрийн албаа эзэнгүй болгохгүйн төлөө энэ ажлыг бид хийх ёстой. Хэдэн хүн цалин авах тухай асуудал биш. Тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн амьдрал давхар яригдаж байна. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ.

10 : 26
2022-10-27

“Хаан”, “Голомт” банк IPO хийхээр бэлтгэж байна, үлдсэн хоёр банк 2023 онд IPO хийнэ

Б.Лхагвасүрэн

 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. 

УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Ард иргэдийн дунд яригдаад буй зээлийн нэг хувийн хураамж хуулийн байгууллагад зөрүүтэй шийдвэр гараад байгаа. Цаашдаа байх ёстой юу. Тэтгэврийн зээлээс хүртэл нэг хувийн шимтгэл авдаг. Үүнд тодорхой хариулт өгөөч ээ. Зээлийн мэдээллийн сангийн үүрэг ач холбогдол юу юм бэ. Утасныхаа төлбөрийг төлөөгүй байхад хар жагсаалтад оруулчихдаг. Ингээд хар жагсаалтад оруулчихсан учраас бизнесээ өргөжүүлэхэд саад болж буйг иргэд ярьж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Банкны урт нэртэй хууль буюу банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуулиараа банк үйлчилгээний шимтгэл хураамж авч болохоор хуулийн зохицуулалт байна. 

Ямар хэмжээтэй шимтгэл хураамж байх вэ гэдэгт янз янзын зүйл байдаг. Хуулиараа банк шимтгэл авах зохицуулалттай учраас шимтгэл хураамж хэр тооцоо судалгаатай вэ гэдэгт хяналт тавьдаг. Монголбанкны зүгээс нэг хувиас хэтрэхгүйгээр зохицуулах журам гаргасан. Ипотекийн зээлд нэг хувийн хураамж авдаг. Мөн ипотекийн зээлд өөр нэг хураамж байдаг нь нотариатаар батлуулахад хураамж авдаг. Ийм хоёр төрлийн том дүнтэй хураамж байдаг. Монголбанкны зүгээс ахин хяналт шалгалт явуулаад нэг хувь гэдэг нь хэр үндэслэлтэйг тогтооно.
Үндсэндээ, зээлийн нэг хувийн шимтгэлийг  доошоо буух боломжтой гэж харж байна.
Хуулийн талаасаа шимтгэл авах эрх нь хуулиар олгогдсон. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу зээлийн мэдээллийн санг хувийн сектор ажиллуулж болно. Хувийн секторын тухайд Монголбанкнаас зөвшөөрөл авсан хоёр хувийн компани байна. Зээлийн мэдээллийн сангийн зорилго нь санхүүгийн сахилга батыг хангахад чиглэсэн. Нэг банкнаас зээл авчхаад төлдөггүй мөртлөө өөр банкнаас зээл авдаг үйл ажиллагааг таслан зогсоох зүйл гардаг учраас мэдээллийг цуглуулдаг. Гар утасны компани, ус цахилгааны төлбөр тооцоо хийдэг компани мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Банкны зээлээс гадна олон мэдээлэл явдаг.
 
Тиймээс энэ онд гар утас, ус цахилгааны мөнгийг төлсөн тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас хасч байгаа. 
 
УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:
 
-Зээлийн хүүгийн асуудал ямар байдаг юм бол. Манай хадгаламж, зээлийн хүүгийн харьцаа өндөртэй улс орны тоонд ордог. Зээлийн хураамжийн асуудал хүүтэй холбоотой юу.
 
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
 
-Мөнгөний бодлого "гулсаад" батлагдах шат руу явж байна. Үндсэн хэдэн сэдэв байдаг. Төсөв томроод байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээс өөр орон зай байхгүй болчихсон. Түүнийгээ ил тод хэлдэггүй. Бодлогын хүү нэмнэ гэдэг нь бизнесийнхэнд мөнгө очихгүй гэдэг “сигнал” юм. Зүй нь бол мөнгөний бодлогын орон зай гарч, бизнесүүд эдийн засгаа босгодог тогтолцоо улс оронд хэрэгтэй байна. Төр томорч байгаагийн цаана төсөв томорч байна. Цаана нь төрийн аж ахуй нэгжүүд томорч байгаа. Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн аж ахуй нэгжийн эргэн төлөлт юу болж байна вэ. Төрийн өмчит ашиггүй мөртлөө, амь зуудаг системийг зүй зохистой зам руу оруулах ёстой вэ.
 
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
 
-Хөгжлийн банкны ихэнх зээл төрийн өмчит аж ахуй нэгжид олгосон байдаг. Хөгжлийн банк муу зээлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож, зээл төлүүлэх тал дээр анхаарч байна. Тиймээс ойрын хугацаанд тус банкнаас улсын сектор руу нэг хэсэгтээ зээл гарахгүй байх.
 
 
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
 
-Төрийн банкны IPO яваад дууссан гэх мэдээлэл бий. Нууц биш бол мэдээлэл өгөөч. 2023 онд Монголбанк хэдэн тонн алт худалдан авахаар төлөвлөж байна вэ. Гадаадын өрийн дарамт инфляцыг өдөөх чухал зүйл. Гурван ч өрийн бичиг баримт бий. Инфляцыг нэг оронд багтаахад ямар эрсдэл байна вэ. ОУВС-аас Монголын эдийн засгийн 2023 төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ. Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын 17.8 хувиар суларлаа. Стагфляци Монголд бодитой байгаа юм биш үү. Монгол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж байна вэ. 
 
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
 
-2021 оны нэгдүгээр сард батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн нөлөө бүхий таван том банк хөрөнгийн биржээр дамжиж, олон нийтэд нээлттэй хувьцаагаа арилжих үүрэг хүлээсэн. Төрийн банк олон нийтэд нээлттэй арилжаа хийлээ. Амжилттай болж дууслаа. Эхний байдлаар эхний таван хувийг борлуулсан. Хувьцааг саналын хэмжээнээс гурав дахин өндөр санал ирж амжилттай явагдсан.
Энэ онд багтаагаад “Хаан”, “Голомт” банк IPO хийхээр бэлтгэж байна. Үлдсэн хоёр банк ирэх оны эхээр хийх болов уу.
2023 онд Монголбанк 21-22 тонн алт авахаар төсөөлөл хийж байна. Төсөөлөл яагаад тогтвортой байгаа вэ гэхээр ашигт малтмалын хайгуулын, олборлох лицензтэй холбоотой алтны олборлолтын хэмжээ огцом нэмэгдэж, буурах мэдээлэл байхгүй учраас дээрх хэмжээний алтыг худалдаж авах төсөөллийг хийсэн. Ирэх онд өрийн төлбөр хийх томоохон хуваарьтай. Евро бондын 500 сая ам.долларыг ирэх тавдугаар сард, "Гэрэгэ" бондын 500 сая ам.долларыг 11 сард, Хөгжлийн банкны "Самурай" бондыг 12 сард төлөгдөхөөр тооцсон. Нийтдээ 1.3 тэрбум ам.долларын өр бий.
Ялангуяа, 2023, 2024 он бол өр төлөх хүнд жилүүд юм. Монгол Улсын хувьд энэ хэмжээний мөнгийг бэлдсэн байх ёстой.
Олон улсын хурцадмал дайны нөхцөл байдалтай холбоотой олон улсын зах зээл дэх хүү өндөр хэмжээнд байна. Тэр утгаараа дээрх мөнгийг олон улсын зах зээлээс авбал хүү хоёр оронтой тооноос доошгүй байхаар өндөр зардалтай зүйл бий. Яаж шийдэх үү гэдэгт нэлээд сууж ажиллах шаардлагатай. Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай. Ирэх онд нэлээд төвөгтэй байх талаасаа Монголбанк өөдрөг бус байдлаар төсөөлөл хийсэн. Яг өнөөдрийн байдлаар инфляци өндөр байгаа ч ДНБ өсөлттэй байгаа учраас стагфляци байна гэж үзэж болохгүй.

Монгол Улсын валютын нөөц 2.6 тэрбум ам доллар байна. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бодлогоо чиглүүлж буй. Нөөцөө бууруулах талаасаа төв банк анхаарч ханшийг чөлөөтэй орхиж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Монголын инфляци ярихаар АНУ-ын инфляцыг ярихаа болих хэрэгтэй. 200 жил капитализмаар явсан дундаж цалин 5000 ам.доллартой улс орныг Монголын ард түмний амьдралтай жишиж агаарын юм ярих хэрэггүй. Энэ оны зургадугаар сарын байдлаар нийтдээ 110 мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүүг буулгах урьдчилгаа төлбөрийг багасгах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүтэй иргэдийн зээлийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоо гарсан. Зах зээл рүү чиглэсэн дорвитой бодлого авч хэрэгжүүлмээр байна. Хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн бодлого гэх багц асуудлыг амьдралд ойрхон шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН 

-Валютын зээлтэй аж ахуй нэгжүүд маш хүнд байдалд орчихлоо. Үүнд чиглэсэн бодлого байна уу. Удирдлагын багийнхан, танай төв банкны хараа муу байна шүү. Бууны чинь овоо хараа хөдөлчихжээ. Инфляцыг онож чадахгүй байна. Инфляци, иргэдийн халаас, тор хоёрыг маш хүнд “онож” байгаа шүү. Зуун мянган төгрөгт авдаг юм байхгүй байна.  Монголбанкны бодлогын хүү өссөнтэй холбоотой Арилжааны банк зургаан хувиас доош хүүтэй зээл олгохгүй гэж байна. Түр хорооны дараагийн хуралд Монголбанк оролцох нь зөв. Бид Монгол Улсаа хүнс, хоолтой байх хөтөлбөрийг баталсан. Үүнийг хийсвэрээр яриад өнгөрч болохгүй. Монголбанк өмнө нь энэ асуудалд оролцож байсан байж хүнд үед нь манайд хамаагүй гээд орхиж болохгүй. Хүнсний салбарын олон аж ахуйн нэгжүүд та бүхнийг харж байгаа.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Инфляцыг найман хувьд хүргэнэ гэж яриад байна. Саяхан нэг санхүүгийн уулзалт болсон юм билээ. Тэр үед судлаачид Монголбанкны тооцоонд итгэхгүй байна гээд яриад байна лээ. Яагаад ийм тооцоо хийсэн юм бол. Мөнгө хэвлэж гаргах уу? Та нар дараа жилийн төлөвлөгөөнд мөнгө хэвлэх байдлаар ямар нэгэн юм бодсон уу?

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВСҮРЭН:

-Мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар буурсан. Бидний хувьд, мөнгө хэвлэх, нийлүүлэх бодлого байхгүй. Яагаад вэ гэвэл инфляци өндөр, төгрөгийн ханш сулрах дарамттай байгаа энэ цаг үед мөнгөний нийлүүлэлтээр өөгшүүлэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Зээлийн нэг хувь авч байгаа тухай тодорхой асуулаа. Гэхдээ үйлчилгээний хураамж гэж ойлгож байна. Ашиг нь хүүгээрээ явчихна. Ашигтай төсөв тодруулаад, зээлийн хүүн дээрээс банк ашгаа авах ёстой. Үйлчилгээний хураамж юм бол олгож буй зээлийн хэмжээнээс шалтгаалах нь буруу. Ялангуяа манайх шиг эмзэг эдийн засагтай, ихэнх нь зээлдэгчид нь бизнес эрхлэгчид байдаг. Зээлийн хэмжээний хувиас биш босго тогтоогоод ойлгомжтой болгоод өгөөч ээ. Гаднын банк оруулж ирэхгүйгээр Монгол Улсад мөнгөний өртөг буурна гэж байхгүй. Нөгөө хэдэн төгрөг эргэлдээд байгаа инфляци улам нэмэгдэнэ. Импортоос шалтгаалж байгаа инфляцыг хэн хариуцах юм. Үүнд нэг л хариулт байна. Бид иргэдэд зээл олгох бололцоог нэмж, хүүг багасгаж, хугацааг нь уртасгая гэж байгаа юм. Энийг хэн хийж чадах уу гэвэл гаднын банк санхүүгийн байгууллага хийж чадна.

Үүнтэй холбоотой хууль орж ирчхээд УИХ-д гурван жил хүлээгдэж байна.УИХ-ын гишүүд та нар ичиж амьдармаар байна. Хурдан баталмаар байна. Хурдан батлахгүйгээр төсөв мөнгө яриад хэрэггүй.

Гуравдугаарт, төсөв батлах гэж байна. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлсэн нэг зүйлийг бодмоор байна. “Мөнгөний бодлогын хэрэгжүүлэх хүрээ үндсэндээ барагдаж байна шүү” гэж хэлээд байгаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

Гадаадын арилжааны банк салбар нээх эсвэл бие даасан банк байгуулах нь нээлттэй. Тухайн гадаадын банк төрийн өмчит банк байх юм бол энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөхцөл шаардлагын дагуу тусдаа зохицуулагдана. УИХ-д байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль бол арилжааны биш зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах банкыг зохицуулах заалт байгаа учраас хэрвээ аль ч улсын арилжааны банк Монголд салбараа нээвэл хуулийн хувьд боломжтой. Монголбанкны хувьд ч нээлттэй. Өнөөдрийг хүртэл хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй. Монгол Улсад гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байна. Япон, Хятадын хоёр банк байна.

ЭЗБХ-ны дарга Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

ЭЗБХ-д Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль явж буй. Ирэх арваннэгдүгээр сард энэ хууль орох байх. Ажлын хэсэг сайн ажилласан. Ер нь улс төрийн жижиг шалтгаанаас болоод хуулийн төсөл зогсоод хугацаа алдсан. Хоёрдугаарт, мөнгөний бодлогыг гишүүд сайн ойлгож ярих ёстой. Удахгүй төсвөө батлах гэж байхад төсөв томроод байдаг. Төрийн өмчтэй компаниудаа оруулбал эдийн засгийн 60 хувь нь төрийн бодлогод байна. Тэгэхээр төсвөө болж өгвөл алдагдалгүй батлах хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах чиглэл рүү анхаарч байж Монголбанк зорилтдоо хүрэх байх.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Бид бондуудаа төлж чадахгүй бол деполт зарлана шүү. Нийт нөөц 2.5 тэрбум ам.доллар байна. Маш хэцүү байгаа. Төсвөө хумих хэрэгтэй. 20.5 их наядын төсвөөр инфляцыг барих ямар ч боломж байхгүй. Ам.долларыг 3500-д барих боломж байхгүй шүү. УИХ-ын гишүүд төсөв дээрээ хатуу байр суурьтай байгаарай. Үгүй бол улсаараа дампуурна. Олон улсын бүх байгууллага үүнийг хэлж байна. Дэлхий даяар төв банк Засгийн газартай тэмцэж байгаа үе. Төв банк бодлогын хүүгээ 12 хувь болгосон. Өшөө дээшээ өсгөвөл зээл гарахгүй. Зээл гарахгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Монголын эдийн засаг агшина. Энэ тохиолдолд төв банкууд улс төрчдийн эсрэг байр суурьтай байна. Монголын төв банк ийм байх ёстой. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: 

-Хэдхэн хувийн банк ард иргэдийн боломжийг "хулгайлж" байхад Монголбанк бодлогын хувьд анхаарах шаардлагатай. Гаднын уул уурхай, газрын тосны компаниуд төлбөр тооцоогоо Монголын банкаар дамжуулахгүй зөвхөн урсгал зардлын гүйлгээ хийдэг явдал даамжирсаар өнөөдрийн валютын нөөцийн хомсдолд хүрлээ. Үүнд ямар арга хэмжээ авах гэж байна. Дотоодын банкнууд ард иргэд, аж ахуйн нэгжид зээл өгөхөө болиод удаж байна. Гаднын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх тухай хуулийн төслийг хоёр, гурван парламент дамжиж хэлэлцээд ч шийдэл хүрээгүй. Хөрөнгө оруулалт нь хаанаас байхаас үл шалтгаалж эдийн засгийн бодлого нэг байх ёстой.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

10 : 20
2022-10-27

УИХ-ын дэд даргыг чөлөөлөв

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ аравдугаар сарын 26-ны өдөр ирүүлжээ. Энэ дагуу санал хураалт явуулж байна. Гишүүдийн 74.5 хувь нь дэмжиж, Т.Аюурсайханыг дэд даргаас чөлөөлөв.

08 : 18
2022-10-27

Монголын төр Оросын төртэй шууд бензиний үнийг ярьдаг болж байна

Ганбаатар, С.Ганбаатар (1 of 1)

УИХ-ын чуулганы эхэнд гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Холбогдох сайд нартаа талархаж байгааг онцолъё. Хөдөлмөр засалч мэргэжлийн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн стресс тайлагч тоглоом тавьсан байгаа. Энэхүү өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах лобби бүлгийг миний бие ахалж байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-МАН-ын нөхдүүд Газрын тосны тухай хуульд маш аймшигтай гар дүрж байна. Өнөөдөр Монголын төр Оросын төртэй шууд бензиний үнийг ярьдаг болж байна. Урьд нь хувийн хэвшлээр дамжиж ярилцдаг байсан. Гаднын төр шууд оролцох боломжийг МАН бүрдүүллээ. Та нар эсрэгээр нь ГОК-той адил НИК-ийг байгуулж байна. Та нар онгоцны түлшинд нээж өгч байна. Үндэсний шатах тослох материалын компаниуд төрдөө итгэсэн хэвээр байгаа юм байх даа. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ үү. Та нар энэ алдаагаа засаад өгөөч ээ. У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн ар хударгаар хийж байх шиг байна. 

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Уг хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь дэмжигдээд ЭЗБХ-оор дэмжигдсэн. Даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэснээр өнөөдрийн нэгдсэн хуралдааны дарааллаас хасагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж