Нэмэлт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал уг мэдээлэлд твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр "Ажлаа хийгээд өрөөндөө л БЭТ-тэйгээ цуг сууцгааж байна шүү манайхаан. Хэн, хаагуур юу яриад цуурцгаагаад байна. Дэмий биз дээ" гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусгай төлөөлөгч, Сангийн яамны ТНБД, Ж.Ганбат тус байгууллага дээр ажиллахаар очсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авчээ. Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан.
Ингэхдээ, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасан талаар бид мэдээлсэн.
Холбоотой мэдээ