Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар хүргэж байна.

-Ирэх сард цаг агаар ихэнх нутгаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Энэ сард баруун аймгууд болох Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин зүүн аймгууд буюу Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Ирэх арваннэгдүгээр сарын хувьд баруун аймгуудын нутгаар сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6 градус хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан ба бусад нутгаар хур тунадас тогтуун байх төлөвтэй. Харин зүүн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч үеэр хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Тухайн үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй төлөв ажиглагдсан.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байна.

  • Баруун буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Цас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдана гэлээ. Хур тунадас их орох үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгааг анхааруулгаар хүргэдэг үү?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30-70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг зөвлөж байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч,  иргэдэд юуг анхааруулах вэ?

-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.

Баруун бүсийн болон тариалангийн бүс нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлын мэдээг тухай бүрд авч хадлан тэжээлээ бэлдэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж