Кока коланд донтсон Ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Кока коланд донтсон Ерөнхий сайд

Кока коланд донтсон Ерөнхий сайд

 Их Британийн Ерөнхий сайд болсноор олон улсын анхаарлыг татаад буй Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай улстөрч Риши Сунакийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


42 настай Риши Сунак Засгийн газрын тэргүүн болохын тулд хоёр удаа өрсөлдөөд яллаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Лиз Трасстай өрсөлдөөд ялагдсан бол энэ удаа 100 гаруй гишүүний саналаар хялбар ялалт байгуулжээ. Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон өрсөлдөөнөөс нэрээ татсан нь түүнийг ялахад чухал нөлөө үзүүлсэн гэж харж байна. Лиз Трассын Засгийн газарт ажиллаж байхдаа Риши Сунак санхүүгийн хямрал болохыг урьдчилан таамаглаж, инфляцийн хөөрлийн үед өрийн хэмжээг нэмэх Лиз Трассын төлөвлөгөө нь эдийн засгийг хямрал руу хөтөлнө гэж хүчтэй эсэргүүцсэн.

Тэрбээр ердөө долоон жил парламентын гишүүнээр ажилласан туршлагатай. Анх 2015 онд Хойд Йоркшир мужийн Ричмонд хотын парламентад гишүүнээр сонгогдсон.

Риши Сунак богино хугацаанд албан тушаал ахиж, 2020 оны хоёрдугаар сард Борис Жонсоны засгийн газарт Сангийн сайд болсон. Тэрбээр Covid-19 цар тахлын жилүүдэд хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг гардан хийсэн. Их Британийг Европын холбооноос гаргах асуудлыг дэмжсэн байр суурьтайгаас гадна төрийн оролцоог багасгахын төлөө лоббидож байв. Тэрбээр боомтуудыг чөлөөлж, гаалийн татварыг бууруулахыг эрмэлздэг. 

ЭНЭТХЭГИЙН "БИЛЛ ГЕЙТС"-ИЙН ХҮРГЭН

Энэтхэг гаралтай эцэг, эх 1960-аад онд Зүүн Африкаас Их Британид цагаачлан ирж суурьшсан. Үүний дараа  Риши Сунак 1980 онд Английн Саутгемптон хотод гурван хүүхэдтэй айлын том нь болж төрсөн. Эцэг Яшвир нь өрхийн эмч, ээж Уша нь эм зүйч байжээ. Дүү Санжай нь сэтгэлзүйч бол охин дүү Рааки нь Нью-Йорк хотноо НҮБ-ын Боловсролын сангийн стратеги төлөвлөлтийн дарга хийдэг. 

Риши Сунак  Винчестер коллежийг төгсч, АНУ-ын Стэнфорд их сургуульд филисофи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцсан байна. Тэрбээр Их Британийн түүхэнд ази гаралтай анхны Ерөнхий сайд гэдгээрээ Ази даяар анхаарал татсан.

Харин Энэтхэг түүнээс илүү эхнэр нь анхаарлын төвд оржээ. Учир нь Акшатагийн эцэг Нараяна Мюрфи нь Энэтхэгийн Билл Гейтс гэгддэг алдартай тэрбумтан бизнесмен.

Хэдийгээр асар баян гэр бүлийн өв залгамжлагч боловч Акшата даруу төлөв зантай нэгэн аж. Тэд Стэнфорд их сургуульд суралцаж байхдаа танилцсан байна.  Хосууд хоёр охинтой.  Акшата Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын мастерт сурч төгссөн байна. Өдгөө 42 настай Акшата өөрийн нэрийн загварын брэндийг үүсгэн байгуулахаас өмнө АНУ-ын Калифорнид санхүүгийн чиглэлээр ажлын гараагаа эхлүүлжээ.

Харин Риши Сунак  Стэнфордыг төгсөөд "Goldman Sachs" банкинд ажилд орсон аж. Энэтхэгийн тэрбумтны охинтой гэрлэснээс гадна  "Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байхдаа хоёр хуримтлалын сантай болсноор Риши Сунак хамгийн баян улстөрчдийн нэгээр нэрлэгдэх болжээ.

"Sunday Times" сонинд мэдээлснээр гэр бүлийн хөрөнгийн хэмжээ нь өнөөдрийн байдлаар 730 сая фунт-стерлинг аж. Гэхдээ эхнэрийнхээ татварын асуудлаас болж багагүй шүүмжлэлд өртсөн.

Эхнэр Акшата нь гадаад оронд их хэмжээний орлого олсон ч Их Британид татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар нэлээд маргаан дагуулсан. Гэхдээ энэ бол хууль зөрчсөн үйлдэл биш боловч Акшата Их Британид илүү татвар төлөхөөр зөвшөөрсөн гэдгийг Риши Сунак мэдэгдэж байв. Риши Сунак Их Британийн улс төрд албан тушаал хашиж байхдаа АНУ-д амьдрах эрхийн "ногоон карт"-ыг түр хугацаагаар эзэмшиж байсан нь саяхан илэрчээ.

Сунак архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй боловч кока кола ундаанд донтогч гэдгээ нуудаггүй байна. Багасаа их хэмжээгээр хийжүүлсэн ундаа ууснаас шүдний асуудалтай гэнэ. Тэрбээр Нова гэх лабрадор нохойтой бөгөөд крикет, теннис, хурдан морины уралдаанд хорхойтой нэгэн аж. Сурагч байхдаа Жеди хүлэгт баатар болохыг маш их хүсдэг байсан тухайгаа хожим дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзах үеэрээ ярьжээ. Мөн тэрбээр "Оддын дайн" цувралд дуртай гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж