"Хамаатан саднаараа ТӨХК-иудаар л хулгай, дээрэм хийж байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

"Хамаатан саднаараа ТӨХК-иудаар л хулгай, дээрэм хийж байна"

"Хамаатан саднаараа ТӨХК-иудаар л хулгай, дээрэм хийж байна"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэлийн болон Тариалан эрхлэлтийн сангаас зээл аваад, бусдын боломжийг хулгайлсан, Монголбанкнаас баталгаа гаргуулж байгаад үйлдвэр дээрэмдчихсэн, Засгийн газраар баталгаа гаргуулаад, томоохон төсөл цохичихсон том гарын хулгайч нар, авлигачдыг намнах санааг нь ойлгож байна. Энэ бол зөв, ийм байх ёстой. Гэхдээ "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг шиг монгол төрийн дархлааг сулруулаад, эгэл жирийн, тангарагтаа үнэнч яваа төрийн албан хаагчдыг нийтээр нь хамруулаад, ядуурлын төвшин рүү түлхчихийг бас зөвшөөрөхгүй.

Хуулиндаа хоригууд нь байгаа юм. Өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно гээд. Албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолд нийцүүлсэн захиргааны эрх бүхий шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын хэлбэрээ ашиглан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гээд хориглосон заалтууд бүгд бий.

Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Хууль дээр яаж орж ирсэн тэрүүгээрээ батлагддаг. Батлагдаад гарсны дараа тэр хууль яг тэрүүгээрээ мөрдөгдөнө. Адьшаа гишүүний хэлж буйгаар, хөдөөний төрийн албан хаагч нар яах вэ. Энэ болохгүй байгаа нөхдүүдтэй тэмцэх гэж байгаа санаа чинь хуулиндаа тусаагүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Хуулийн төслийн концепцийг дэмжиж байна. Гарцаа байхгүй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, сонирхлын үүднээс өргөн барьсан гэж би ойлгож байна. Гэхдээ асуудлыг нэлээн нарийвчилж авч үзэхгүй бол олон хүнийг хавтгайруулан, ялангуяа төрийн албанд ажиллаж буй энэ олон хүний орлогын зарим эх үүсвэрийг хаах байдал руу орох нь л дээ. Тийм учраас нэлээн нарийвчилж өгвөл яасан юм бэ гэсэн санал хэлэх гээд байна.

Жишээлбэл, хөрөнгө орлогоо мэдүүлдэг хэдэн мянган албан тушаалтан бий шүү дээ. Санхүү, мөнгөний эрх мэдэлгүй, ямар ч хамааралгүй албан тушаалтнууд ХОМ мэдүүлдэг. Үүнийг аль болох хумьж, бүр багасгаж өгөх хэрэгтэй.

Үнэхээр төсөв захирдаг, санхүү мөнгөний эрх мэдэлтэй, тендерт оролцдог гэх мэтчилэн авлига, албан тушаалын асуудалд холбогдож болзошгүй гэсэн эрсдэлд суурилсан үнэлгээ хийж байгаад, төрийн албан хаагчдын асуудлыг ярьж болно. Би үүнийг улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холиод байгаа юм болов уу гэж бодож байна. Ялангуяа Хөгжлийн банкны асуудлыг ярилаа. Сүүлийн үед төсвийн орлого талдаа асуудал ярихдаа аль болохоор бага орлоготой, нийгэмд үзүүлэх халамж үйлчилгээ, дээрээс нь төрийн албан хаагчдын орлогын асуудлыг танах маягаар асуудалд хандах гээд байна уу гэсэн хандлага хэд хэдэн удаа ажиглагдлаа. Ингэж болохгүй. Би үүний эсрэг байна. Ялангуяа төрийн албан хаагчдын орлого олох эх үүсвэрийг хаахын эсрэг байна. Энэ бол шударга ёс биш.

Хэрвээ шударга ёс ярих гэж байгаа бол одоо жинхэнэ Хөгжлийн банкнаас зээл авсан, ЖДҮ авсан хулгайч, луйварчдаар авсан мөнгийг нь төлүүлээд, улсын төсөвт оруулж ирж байгаад асуудлаа ярья. Одоо бид хэвлэл мэдээллээс л мэдээлэл авч байна. Хөгжлийн банкнаас тэдэн их наядын зээл гарсан, түүнээс хэдэн сая төгрөгийн зээл төлүүллээ л гэснээс өөр мэдээлэлгүй болчихсон. Эхэндээ овоо явж байсан, одоо байхгүй болсон. Бид энэ эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудынхаа эрх мэдлээ ашиглан авсан их хэмжээний зээлийн асуудлыг төлүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлаа ярьж байж бага орлоготой нийгмийн давхаргынхаа орлогын асуудлыг ярих ёстой.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Хуулийн төслийг зарчмын хувьд, үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Гишүүд бүгд хэлж байна. Ярихаас өөр аргагүй байна. Хууль санаачилж оруулж ирэхдээ зүйл заалтууд дээрээ нэлээн сайн ажилламаар санагдаж байна. Жишээлбэл, хуулийн 15.1.5 дээр заасан мэдээлэгчийг олгогдсон зээлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр урамшуулна гээд заачихсан байна. Яг хэд вэ? Хуулиа нэр мөр ойлголттой болгож гаргахгүй бол болохгүй. 10 хувь гэхээр 5-ыг өгөх юм уу, 8, 9 10-ыг нь өгөх юм уу, хэнд нь 10-ыг өгөх юм бэ. Ямар хуулийн этгээдээс энэ хувийг тогтоох вэ гэсэн асуудлуудыг жижиг гэлтгүй оруулж ирсэн нь дээр байх аа.

Энх-Амгалан гишүүн хэлсэн, төрийн нийтийн албанд ажиллаж байгаад ажлаасаа гарсны дараа хоёр жилийн хугацаанд нөгөө хүндээ үйлчлээд яваад байгаа юм. Төрийн албанда жилласнаараа бас нэг торгууль, ял гэдэг юм уу иймэрхүү юм руу орчих гээд байна шүү дээ. Тэр хүн ажлаа өгсөн л бол энэ хууль үйлчлэхээ болих хуулийн хугацаа заалтыг авч хаях саналтай байна. Эргэж хараарай. Нийт гишүүдтэйгээ санал нэг байна. Яг тэр төрийн өндөр албан тушаалтнууд, нийгэмд сенсааци үүсгээд байгаа Хөгжлийн банктай холбоотой асуудлуудаа гаргаж ьавьж, оруулж ирмээр байна. Тэгэхгүй бол сая ярьж байна. 180, 200 мянган төрийн албан хаагч энэ том дуулиан хэргийн араас бүгд шийтгүүлж байгаа юм шиг ийм дүр зурагтай хуулийн төсөл орж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Төрийн өмчит аж ахуйн нэгж нэгийг ч нэмж байгуулахгүй гээд хуулийн тогтоол өргөн барьсан. “Тэгэх гээд байсан юм” гэж хэлж болно шүү дээ. Төр ингэтлээ данхайчихсан, ийм том төрийн өмчит компаниудыг бий болгоод, бизнесийн үйл ажиллагаанууд руу ороод ирчихсэн байна. Хулгай, дээрэм чинь яг тэнд байгаа юм. Хулгайн гэрээ контрактууд тэнд явж байгаа юм. Хамаатан саднаараа дамжуулж хулгай хийж байгаа чинь тэр төрийн өмчит компаниудаар явж байгаа шүү дээ. Гэхдээ гишүүдийн яриад байгаа нэг зүйл байна. Миний санаж байгаагаар төрд ажиллаж буй албан хаагчид 150 мянган хүн байгаа байх. Цөөн тооны, өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн авлига, хээл хахуулийн асуудал, бурууг тэдгээр хүмүүст хамааруулж, тийм үзэл баримтлалтай хууль оруулж ирж бас болохгүй. Энэ засваруудыг хийж өгөхгүй бол болохгүй. Төрийн албанд л ажиллаж байгаа бол хулгайч байж таараа гэдэг ийм үзэл баримтлалтай хууль оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд буй гэм буруугийн зарчимтай зөрчилдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж