Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар нүүрсний экспортоос тонн тутамд 60-70 ам.доллар унагаж ирсэн нүүрсний том бүлэглэлтэй тэмцэхээ зарласан. Мөн энэхүү хэргийн ард томоохон улстөрчид байгааг зарлахдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нэр цохсон билээ. Тэгвэл хууль, хяналтынхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан хэд, хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлсний нэг нь "Тавантолгойн төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал юм байна. Түүнийг нүүрсний хулгай болон Тавантолгойн төмөр замын санхүүжилттэй холбоотойгоор шалгаж эхэлсэн аж.
Н.Удаанжаргал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа түүнийг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнаж байсан юм. Тэрбээр хууль, хяналтынханд шалгагдаж байхдаа Монголоос зугтсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ нь ганц удаагийн үйлдэл биш болох нь мөн илэрсэн гэх. Ямар ч байсан АТГ-аас Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьж байсан билээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтоохоор болсноос харвал Хөгжлийн банкны араас нүүрсний хулгай, луйврын том дуулиан дэгдэж магадгүй байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ